Бүгдийг атгадаг цөөнх

НYБ-ын Их сургуулийн бүрэлдэхүүнд багтан үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн эдийн засгийн судалгааны институтын мэргэжилтнүүд судалгаа явуулаад Монголын төдийгүй дэлхийн баялагийн дийлэнх хувийг цөөнх нь эзэмшдэг болохыг тогтоожээ.

Дэлхийн хүн амын ердөө 1 хувийг эзэлдэг цөөнх нь манай гарагийн бүх өмч болон үнэт цаасны 40 хувийг эзэмшдэг. Хоёр хувь нь бүх хөрөнгөний талаас илүү хувийг, 10 хувь нь дэлхийн бүх баялагийн 85 хувийг эзэмшиж байна.

Гэтэл үлдсэн ядуу хүмүүс нь дэлхийн хөрөнгөний ердөө 1.1 хувийг л эзэмшдэг ажээ. 2000 оны байдлаар супер баян нэг хувийн эгнээнд багтахын тулд 515 мянган доллар буюу түүнээс их өмч хөрөнгөтэй байхад л хангалттай байсан бөгөөд энэ шаардлагыг нь тухайн үед насанд хүрсэн 37 сая хүн хангаж байжээ. Гэхдээ өмч хөрөнгө гэсэн ойлголт улс болгонд өөр өөр байсан нь мэдээж. Хөгжиж яваа орнуудад газар, ферм нь баялаг болж байхад өндөр хөгжилтэй орнуудад хадгаламж, үнэт цаасыг голлон анхаардаг.

Цаашилбал Дэлхийн баялагийн 90 хувь нь Хойд Америк, Европ болон Ази Номхон далайн бүсийн хэдэн хэдэн улсуудад төвлөрдөг байна. Харин дэлхийн хүн амын 10 хувийг эзэлдэг баян хүмүүсийн 25 хувь нь АНУ-д, 20 хувь нь Японд, 8 хувь нь Германд, 7 хувь нь Италид, 6 хувь нь Их Британид, Франц болон Испанид тус бүр 4 хувь нь, Канад, Австрали, Тайван, Голланд, Өмнөд Солонгост тус бүр 2 хувь нь, Бразил, Мексик, Аргентинд тус бүр 1 хувь нь аж төрдөг бөгөөд үлдсэн орнуудад нь 13 хувь нь аж төрдөг ажээ.

Харин дэлхийн хүн амын ердөө 1 хувийг эзэлдэг супер баян хүмүүсийн 37 хувь нь АНУ-д, 27 хувь нь Японд, Их Британид 6 хувь нь, Францд 5 хувь нь, Итали болон Германд тус бүр 4 хувь нь, Канад болон Голландад тус бүр 2 хувь нь, Испани, Швейцар, Тайванд тус бүр 1 хувь нь аж төрдөг бөгөөд үлдсэн 10 хувь нь бусад улсуудад амьдардаг юм байна.

Манайд иймэрхүү судалгаа явуулбал ямаршуу дүр зураг гарах бол?

(olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button