МАХН-ын Бага хурлын тов хойшлогдлоо

бараг сарын өмнөөс шуугиулсан Бага хурлын тов ийнхүү өөрчлөгдлөө. Түүнчлэн намын эрх барих дээд байгууллагад өнөөг хүртэл нөлөөгөө алдаагүй Ерөнхийлөгчийн хойд хөршид хийх айлчлалаа дуусгаад ирэхийг хүлээж ийм шийдвэр гаргасан бололтой. Гадаадаас Ерөнхийлөгч, орон нутгаас Ерөнхий сайд аяны дөрөөгөө ирэх ням гаригт зэрэг шахам мултлах юм байна. Ирмэгцээ тэд Бага хурлын сценарийг дэглэх биз ээ. Намын даргынхаа эзгүйд эрх барих байгууллага хуралдахгүй нь мэдээж хэрэг. Ерөнхийлөгчийн нөлөөг ч тооцохгүй байж болохгүй нь ойлгомжтой. Тиймээс МАХН Бага хурлын ээлжит хурлаа нэг, хоёр хоногоор хойш татан, энэ сарын 11-12-ны өдрүүдэд хийлгэхээр болжээ.

Бага хурлын өмнөх уур амьсгал ерөнхийдөө ямар нэг зүйл хүлээсэн мэт байдалтай байгаа. Өөрийнхөн нь ч, өрөөлийн тал ч чухам юу болох бол гэж чих тавьж суугаа. Хэдийгээр тодорхой цаг хугацаанд болдог, ээлжит нэг хурал боловч энэ удаагийн Бага хурал сүүлийн үед МАХН-д үүсээд байгаа дотоодын нөхцөл байдал, жигүүр хөдөлгөөнүүдээс илэрхийлэх дуу хоолойн өнгө aйзам, намын өөрийнх нь амьдралын хэм хэмнэл хэрхэн эргэхийг тодорхойлох болов уу гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгэж амжжээ. Гэвч дуутай тэнгэр хургүй гэдэг шиг энэ удаагийн Бага хурал юу ч болохгүйгээр өндөрлөж мэдэхээр байна.

МАХН доторх жигүүр, хөдөлгөөнүүдийн зарим лидер саяхан болж өнгөрсөн дугуй ширээний уулзалт ярилцлагын үеэр хачин жигтэй үг унагаж, эвгүй байдалд ороод авсан нь намыг шинэчлэгч бүлгийнхний хувьд олон нийтийн урмыг хугалсан явдал болов. Хурал даргалагч нь Монголын төр бол МАХН ч гэл үү, МАХН бол Монголын төр ч бил үү утгатай үг хэлж, нөгөөх нь намынхаа нийгэмд гүйцэтгэх үүргийг хэт дөвийлгөн ярьснаас үзэхэд тэдгээр нөхөд тус намыг шинэчлэх гээд байна уу, эс бөгөөс булшлах гээд байна уу гэдэг нь эргэлзээтэй санагдах болов. Дугуй ширээний ярилцлагын эцэст намынхаа идэвхтэй хэсгийн дэмжлэгийг авна гэж найдаж байсан нь ийнхүү талаар болж, МАХН доторх дөрвийн дөрвөн жигүүр, хөдөлгөөн овоо дөмөгхөн үнэлэгдэж байсан нэр хүндээ аажмаар унагах эхлэлийг тавив бололтой. Үнэхээр намаа шинэчлэх гээд байгаа бол МАХН-ын өнгөрсөн, одоог яг бодитой шүүн тунгаах ёстой юм. Дугуй ширээний ярилцлагад оролцсон жигүүр, хөдөлгөөнийхөн төдийгүй хуучин цагт өндөр алба хашиж явсан энэ намын зарим кадрууд УИХ-ын даргыг голлон буруутгаж, огцрох ёстой гэж үзэж байгааг шинэчлэгчдийн өмнөө тавьсан нэг зорилго нь Ц.Нямдоржийг зайлуулах явдал юм болов уу хэмээн таамаглахад хүргэж байна. Ерөнхийдөө МАХН доторх дөрвөн жигүүр, хөдөлгөөн яг намаа шинэчилье гэдэгт нэгдэж чадаагүй, чадах ч үгүй, тэр байтугай шинэчлэлийн концепцио ч тодорхойлж амжаагүй байгаа юм билээ. Гэхдээ мөнөөх шинэчлэгдээс хамгийн эрүүл хэсэг нь Шинэ эргэлт хөдөлгөөн гэж нам дотор яригдаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

Шинэчлэгч хөдөлгөөнүүд Бага хурлыг гацаанд оруулж, энэ дашрамд өөрсдийнхөө байр суурийг бэхжүүлэхийг эрмэлзэх бололтой. Гэвч энэ нь үр дүнд хүрэхгүй гэж байна. Тэд Бага хурлын бүрэлдэхүүнд төлөөллөө оруулах хүсэлтэй байгаа, намын удирдлагын зүгээс үүнд нь тийм ч таагүй хандахгүй сураг байна. Энэ хүсэлтийг ёсоор болговол МАХН-ын дотор үүссэн мухардмал гэмээр байдлаас гарах гарц байж мэдэх юм. Бага хурлын бүрэлдэхүүний гуравны нэгд шинэчлэгчдийн төлөөллийг оруулбал асуудлыг гаднаас цагаан хоолойгоор биш тогоон дотроо ярих боломж ядаж олдох болов уу.

Бага хурлын тов хойшлогдсонтой зэрэгцсэн хамгийн сүүлийн үеийн мэдээг дуулгахад, МАХН дотор Зүүний хүчний холбооноос гадна өөр гурван шинэ хөдөлгөөн, холбоо мэндлэхээр дуншиж буй юм байна. Эзэд нь тодорсон, өдгөө нэрээ тогтох л үлдээд байгаа юм даг уу даа. Одоо байгаа дөрвөн жигүүр, хөдөлгөөний эсрэг Зүүний хүчний холбоо+шинэ гурван холбоо гэсэн хүчний харьцаагаар үйл явдлын өрнөлийг тэнцвэржүүлэхийг санаачлагчид нь эрмэлзсэн гэх. Цаашид юу болохыг ямартай ч харж л байя. Гэхдээ чухам ийм цаг үед намын даргын аядуу натур хэргээ гаргах байх аа гэж гишүүд нь найдаж сууна.

Ардын эрх сонин 238 /516/
Т. Мөнхтунгалаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button