Гэрлийн тендерийн гэгээгүй тавилан

Ийнхүү есдүгээр сарын 29-ний өдрөөс тендерт оролцогчдын материалыг хүлээн авч эхэлсэн. Үүнд гадаадын тав, дотоодын нэг компани оролцжээ. Аравдугаар сарын 16-ны өдөр Сэргээгдэх эрчим хүчний төвийн байранд тендерт ирүүлсэн дээрх компаниудын материалыг задлахад БНСУ-ын L-Systech, Boinies, Pro Thinker компаниудын консорциумын баг нэгж бүтээгдэхүүнд хамгийн бага буюу 296 ам.долларын саналаар ялсан юм. Тус багийн дараа орсон компани гэхэд 320 ам.доллараас дээш санал тавьж, бусад нь бүр илүү өндөр үнэ дуугарчээ.

Тендерийн журмын дагуу 7-14 хоногийн дотор үнэлгээний дүнг нээлттэй танилцуулж, гэрээ байгуулах ёстой. Гэвч таг чиг байлаа. Хачирхалтай нь энэхүү учир битүүлэг байдлыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр эвдэж, Монгол Улсын Засгийн газраас малчдыг 50 мянган ширхэг нарны зайн цахилгаан үүсгүүрээр хангах учиртай тендер хүчингүй болсон гэдгийг мэдэгдэв. Засгийн газрын гишүүний дээрх мэдэгдэл парламентын баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 30 дугаар зүйлд заасан бүх тендерээс татгалзах үндэслэлийг агуулга, зарчмын хувьд тас зөрчсөн нь бүр гайхалтай. Тэр ч байтугай энэ тендерийн асуудал надад огт хамаагүй, үүний цаана ямар ч авилга байхгүй хэмээн хэлсэн нь олныг алмайруулав.

Яг ийм маягаар эрхэм сайдын харъяа агентлаг, газрын эрхтэн дархтнууд удаа дараа хэвлэлийн бага хурал хийлгэж, телевизэр ярьцгаасан юм.

Малчдыг гэрэл гэгээтэй болгох энэ тендерийг хэрэгжүүлэх зардлын 50 хувийг Засгийн газар, талыг нь малчид гаргах учиртай аж. Гэтэл Б.Эрдэнэбатын хүчингүй болгосон үндэслэл нь төсөв хэтэрсэн гэнэ. Тэгсэн мөртлөө хамгийн бага үнэ хэлсэн БНСУ-ын L-Systech багийн саналыг дэндүү хямдхан учраас чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэх гэсэн далд санаа гэж давхар тайлбарлана. Логикгүй тайлбарын сонгодог жишээ. Төсөвлөсөн зардлаас давсан хэмээн тендерийг цуцалснаа зөвтгөж, дараа нь хямдхан гэж чамлан нэг суудал дээр хоёр холбиров. Анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн тодотгол зүүсэн Эрэл-ийн Б.Эрдэнэбатын үнэн нүүр царай ингэж улаан цайм танигдсан гэхэд хилсдэхгүй.

Түүний болчимгүй үйлдлээс болж, ачааны хүндийг үүрч яваа Монголын малчдын эрх ашиг хохирч, Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд давхар унаж байгаа юм. Уг нь юмны эзэн, сумны занги Сангийн сайд Н.Баяртсайхан 11 дүгээр сарын 16-ны өдөр тендерийг цуцлах тухай дүгнэлийг хүчингүй болгож, хамгийн хямд үнийн саналаар гэрээ байгуулах тухай албан тоотыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатад илгээжээ.

Уг шийдвэрээ Солонгосын элчин сайдад өөрийн биеэр гардуулж өгчээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар Ерөнхий сайдынхаа үгийг ч сонсдоггүй, цаашилбал кабинетын зармаар ажиллаж чаддаггүйгээ гадаад, дотоодгүй харуулж байна гэлтэй.

Ер нь улайрч зүтгэсэн юм болгоны цаана заавал нэг учир начир байдгийг монголчууд хар ухаанаараа андахгүй. Б.Эрдэнэбат гуай энэ тендерт эхнээсээ ямар ч хамаагүй гэсэн атлаа ямар их улайрна вэ. Тэр Монголын алтыг ухаж аваад татвараас бултаж, газар шороо, гол усыг нь ямаршуу там болгосныг нутгийнхан төдийгүй монгол хүмүүс сайн мэднэ. Одооч алтаа тушаахгүй, татвараа төлөхгүй байгаа.

Батлан хамгаалахын сайдын албыг багахан хугацаанд хашихдаа Эрэл компанийн гал тогооны халбага сэрээг хүртэл армид шахсаныг монголчууд мэднэ. Ханилж яваад нөхрөө хаядгийг 2004 оны парламентын сонгуульд АН-тай Эх орон-Ардчилал эвсэл байгуулж ороод хүссэн сэнтийдээ хүрээгүй шарандаа яг тендер шиг л цуцалсан. Цагтаа эвслийн гэрээнд М.Энхсайхантай гарын үсэг зурсан шөнөө чулуун дээр сарнай ургуулж явсныг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаж байсан. Эндээс эхлээд Б.Эрдэнэбатыг хэний ч хулхин дээр цэцэг ургуулж чадах нөхөр гэдгийг битүүхэн гадарласан юм. Одоо ч Хятадын 350 сая юанийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр Эгийн голын усан цахилгаан станц байгуулна хэмээн алаг цэцгийн мандал амлаж л явна.

Монголын 50 мянган малчин өрхийг нарны зайн цахилгаан үүсгүүрээр хангах тендерийн хувь заяаг будлиулаагүйсэн бол энэ ондоо багтаад эхний 25 мянга нь эзэддээ хүрэх байжээ. Ер нь монголчууд харанхуй байх тусмаа Эрэл-ийн Б.Эрдэнэбат мэтийн хүмүүст ашигтай байдаг бололтой. Гэхдээ өөрөө ч нэг их гэгээрсэн нэгэн биш. Дээрх тендерт ялсан консорциумын нийлүүлэх бүтээгдэхүүнийг хаа нэг газрын агуулахад хэвтэж байгаа барааг далдруулах арга хэмээн барин тавин худал хэлсэн гэсэн. Ийм олон цахилгаан үүсгүүрийг ганц компани дангаараа үйлдвэрлээд орхичихдоггүй, гаршсан үйлдвэрүүд деталь деталиар нь үйлдвэрлэснийг нийлүүлж угсардаг дэлхий нийтийн жишиг байдаг. Дэлхийн ямар ч том компани гайхамшигтай автомашин, онгоц, телевизор, ер юу эсийг дандаа л хоршиж үйлдвэрлэдэг байна.

Энэ жишгээс гадуур олон улсын тендерийн хөрөнгийн 10 хувь нь авилгад зориулагддаг бичигдээгүй ч биелүүлэхгүй бол бас бүтэхгүй журам ч биш, дүрэм ч биш байдаг гэнэ. Энэ нь Б.Эрдэнэбат сайдын хэлээд байгаа 296 ам.долларын үнэ хямд учраас чанаргүй бараа байх ёстой. Харин 320 ам.доллараас буурахгүй бол чанартай гэсэн тайлбарт мөнөөх 10 хувь багтаж байх шиг. Албан тушаал нь ахадсан, ашиг сонирхлын зөрчил нь ихэдсэн эрхэм гишүүн, төрийн түшээ Б.Эрдэнэбат маш олон хуулийн заалтыг уландаа гишгэж, нөгөө 50 ширхэгээ 21 мянга болгочихоод хязгаарлагдмал нэртэй нээлттэй тендер зарлачихаад сууж байна. Хэнд хэдээр өгөх бол гэдэг нь сонирхолтой.

Ардын эрх сонин 238 /516/
С.Дорж

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button