Хятадын арьс ширний үйлдвэрийн хөгжил
Хятад улсын арьс ширний салбарын эрчимтэй хөгжлийн нууц нь юунд оршиж байв. Хятадын засгийн газраас тус салбарыг арьсны үйлдвэр, гутлын үйлдвэр, үслэг, арьсан эдлэл, арьсны хими, арьс боловсруулах тоног төхөөрөмж, мэргэжлийн сургалт, технологи шинжилгээний төв гэсэн харилцан нягт уялдаатай бүхэл бүтэн цогцолбор болгон хөгжүүлсэн явдал юм. 1990-ээд оны сүүлийн хагасаас Хятадын засгийн газраас арьс ширний үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд арьс ширний салбар хөгжлийн өнөөгийн дүр төрхийг олсон байна. Хятадын засгийн газраас арьс ширний салбарыг тэргүүлэх чиглэлд багтааж, зарлаад орхих төдий биш арьс ширний салбаруудыг бодлогоор төвлөрүүлж, арьс ширний салбарыг дагнан эрхэлдэг бүхэл бүтэн хот дүүрэг бий болгож, урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл, тусламжаар хангаж, хөрөнгө оруулалт экспортыг дэмжин хөхүүлэх арга хэмжээг цогцолбороор авч шийдвэрлэсэн байна. Засгийн газрын хүчтэй зөв дэмжлэг, хятад хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Хятад улс олон улсын арьс шир, гутлын үйлдвэрлэлийн төв болоод зогсохгүй ойрын 2 жилд дэлхийн үслэгийн төв болох зорилго тавьжээ.
Хятадын арьс ширний үйлдвэрлэл
Арьс шир боловсруулах үйлдвэрүүд 2005 онд бог бодын нийлсэн 300 гаруй сая арьс ширийг гутал, хувцас, мебель, машины суудал, бээлий, цүнх, экологийн цэвэр арьс, улны ширний зориулалтаар боловсруулсан мэдээ байна. Эдгээрийн зонхилох хувийг үхэр, хонь, гахайн арьс эзэлж байна. Үүнд үхрийн шир 25.3 сая, хонины нэхий 92.4 сая, ямааных 80.6 сая, гахайн арьс 90 саяыг тус тус бэлтгэн 32 сая гаруй үхрийн арьс импортлон боловсруулсан тооцоо гаргажээ. Дэлхийн арьс ширний нийт бэлтгэлийн хэмжээтэй харьцуулбал Хятад улс үхрийн арьсны 8%, ямааны арьсны 25%, хонины арьсны 15.7%, гахайн арьсны 75%-ийг өөрийн зах зээлээс нийлүүлж байгаа нь түүхий эдийн чамгүй нөөцтэй болсныг харуулж байна. Хятадын арьс ширэн бүтээгдэхүүний чанар нь дээд, дунд, доод түвшингийн гэсэн 3 ангилалд багтаж байгаа бөгөөд зонхилох нь чанарын дунд түвшинд хамрагдаж байна. Энэ нь зах зээлийн өнөөгийн шаардлага хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээнд нийцэж буйгаар тайлбарлагдана. Хятадын арьс ширний үйлдвэрүүдийн зонхилох нь дунд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан учир хуваах, халимлах, арлах зэрэг нарийн ажиллагаатай машинаас бусад бүх л тоног төхөөрөмж нь дотоодын үйлдвэрийнх байна. Гадаадын машин тоног төхөөрөмжийг бодвол чанарын хувьд нэг их дутуугүй, үнийн хувьд 60-80% хямд дотоодын үйлдвэрийн машин тоног төхөөрөмжүүд нь арьс ширний үйлдвэрүүдийн анхан шатны хөрөнгө оруулалтыг багасгах, сэлбэгийн хангалтыг дөхөмтэй болгосон сайн талтай. Технологийн хувьд Хятадын арьс ширний үйлдвэрүүд олон улсын стандартад нийцээд зогсохгүй улмаар экологи , цэвэр үйлдвэрлэл тал руугаа эрчтэй урагшилжээ. Энэ нь ч орчин үеийн стандарт загвараар баригдсан сүүлийн үеийн арьс ширний үйлдвэр , технологийн паркуудын өнгө төрх зохион байгуулалтаас тодорхой харагдана.
Хятадын арьс ширний үйлдвэрлэл Зэжиан, Шандон, Гуанжоу, Хэйбэй болон Фужиан гэсэн 5 мужид төвлөрч, Хенан, Сичуан, хүнан, Жангсу мужуудад дагалдах байдлаар хөгжсөн байна. Гэхдээ энэ бол дээрх мужуудаараа тархсан гэсэн үг хараахан биш юм. Мужуудад үйлдвэр технологийн парк маягаар нэг хоёрхон төрөлжсөн хот маягаар хөгжүүлсэн учир өөр газар байрлалтай үйлдвэрүүд улам бүр төвлөрөлд татагдан орж байгаа бөгөөд засгийн газраас уг төвлөрлийг дэмжиж, үйлдвэрлэл технологийн паркад хамрагдсан үйлдвэрүүдэд төрөл бүрийн татварын, хөрөнгө оруулалтын урамшуулал үзүүлэх бодлого явуулж байна.
Гутлын үйлдвэрлэл
Гутлын үйлдвэрлэлээр Хятад улс дэлхийд давамгайлж байна. Жилд 8.8 тэрбум гутал үйлдвэрлэж, 6 тэрбумыг экспортолж , энэ чиглэлээр 50000 гаруй үйлдвэр , 3 сая гаруй хүн ажиллаж буй зэргээс харахад илэрхий юм. Энд хувиараа гутал үйлдвэрлэж буй өрхийн жижиг аж ахуйнууд мэдээж багтаагүй нь ойлгомжтой хэрэг. Чанарын хувьд дунд доод түвшингийн гутал зонхилж байгаа боловч дэлхийд алдартай Nike, Addidas, JOX фирмийн бүтээгдэхүүнүүд Хятадад үйлдвэрлэгдэж байгаагаас харахад бас өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн ч үйлдвэрлэж байна. Kangngi, Aokang, Baili, Anta зэрэг олон улсын зах дээр алдаршсан Хятадын брендүүд ч их гарчээ. Гутлын үйлдвэрлэлийг Хятадын нийт гутлын 41.2 %-ийг үйлдвэрлэдэг Гуандон муж тэргүүлж, 21.2%-ийг үйлдвэрлэдэг Фужиан,16.5 %-ийг үйлдвэрлэдэг Зежиан мужууд удаалж байгааг харахад нөгөө л төрөлжинө төвлөрнө гэдэг хир хүчтэй байгааг харуулж байгаа хэрэг юм.
Үслэг үйлдвэрлэл
Зөвхөн үслэгийн чиглэлээр гэхэд л Хятад улсад мянга гаруй үйлдвэр, 40000 гаруй хүн ажиллаж 1.36 тэрбум ам.долларын орлого олж байна. Энэ салбар нь харьцангуй залуу шинэ тутам хөгжиж буй салбар боловч жилд 10 сая усны булга, 4 сая үнэг, 2 сая илбэнх, 9 сая туулайн арьс боловсруулан гаргаж байна. Үслэг арьсны үйлдвэрлэл, худалдаагаар дэлхийд тэргүүлэх байранд орсон хэдий ч бүтээгдэхүүний чанар, дизайны талаар зохих төвшинд хүрээгүй гэдгээ хятадууд хүлээн зөвшөөрч, энэ байдлаа ойрын 2-3 жилийн дотор бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үслэг арьсны үйлдвэрлэлийн 90 хувь нь Гуандон, Хэбэй, Хенан, Зежиан мужид ногдож байна.
Арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл
Энд үйлдвэрлэл, өдөр тутмын хэрэгцээний арьсан оёмол бүтээгдэхүүнүүд, цүнх, сав, түрийвч, .бээлий гэх мэтийг үйлдвэрлэдэг 500000 гаруй ажилчинтай 8000 гаруй үйлдвэр багтаж, 2 тэрбум гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнд 80 сая арьсан хувцас, 1.6 тэрбум цүнх, 600 сая хос бээлий зэрэг ихэнхдээ экспортонд гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг нэрлэж болох юм.
Химийн материалын үйлдвэрлэл
1950-иад оноос эхлэлтэй Хятадын химийн материалын үйлдвэрлэл эрс хурдацтай хөгжиж буй арьс ширний салбараа даган эрчимтэй хөгжиж ялангуяа сүүлийн 20 гаруй жилд бүхий л төрлийн хэрэгцээт химийн материалыг үилдвэрлэх түвшинд хүрсэн байна. Хятадын 150 гаруй химийн материалын үйлдвэрүүд дунд, доод түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанарын шаардлагыг хангаж байгаа бөгөөд ялангуяа хөх арьсны түвшин хүртэл боловсруулалтын химийн материалыг бараг 100% хангаж чадаж байна. Импортын химийн материалын ихэнх хувийг гүйцээх шатны дүүргэлт, өнгө заслын химийн материалууд эзэлж байна. Хятадын химийн материалын үнэ гадаадын чанар сайтай ижил төстэй химийн материалаас үнийн хувьд даруй 50-70% хямд байгаа боловч Хятадын химийн материалын сонголтон дээр тун анхааралтай хандах нь зүйтэй юм. Учир нь Хятадын зарим химийн үйлдвэрүүдийн материал чанар байдлын хувьд гадаадын ижил төстэй материалтай бараг ижил байхад зарим нь ихээхэн зөрүүтэй байна. Эдгээр химийн материалын үйлдвэрүүд арьс ширний гол төвүүд болох Бээжин, Шанхай, Танжин хотуудад байршжээ.
Мэргэжлийн боловсрол, технологи судалгаа
Хятадад арьс ширний инженерийн чиглэлээр магистрын боловсрол олгодог Сичуаны их сургууль, Шаансигийн шинжлэх ухаан технологийн их сургууль, Шандоны болон Чичихаерийн хөнгөн үйлдвэрийн институт зэрэг 4 дээд сургууль, арьс ширний инженерийн чиглэлийн 7 сургалтын төв , арьс шир гутлын үйлдвэрийн судалгаа шинжилгээний нэг институт ажиллаж байна. Мөн Сичуаны их сургууль, Шаансигийн шинжлэх ухаан технологийн их сургууль, Тянжины шинжлэх ухаан технологийн их сургуулиудад докторын зэргийн сургалттай болжээ. Судалгаа шинжилгээний нэлээд хэдэн институт байсан боловч хаагдаж зөвхөн орон нутгийн үйлдвэрлэлийн чанар, стандартад хяналт тавих лаборатори төдий болон хувирсан юм байна.
Хятадын арьс ширний салбарын хөгжлийн төлөв байдалтай танилцах явцад дараах санаа бодлууд төрж байлаа.
Үүнд
-арьс ширний үйлдвэрлэлийн бохир усыг цэвэрлэх орчин үеийн байгууламжуудаа түшиглэн салбарын үйлдвэрлэлүүдийг төвлөрүүлсэн нь технологийн ололтыг нэвтрүүлэх, зах зээлийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах том боломжийг нээж өгчээ .
-газар сайгүй шахам ажиллаж, байгаль орчныг бохирдуулж байсан олон жижиг үйлдвэрүүдийг хааж, үйлдвэрүүдийг томруулан үйлдвэр технологийн паркад төвлөрүүлснээр тэдгээрийн санхүүгийн чадавхийг сайжруулж, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн төдийгүй байгаль орчноо хамгаалах асуудлыг нэг мөр шийдвэрлэж чаджээ.
-үйлдвэр технологийн төрөлжсөн паркад төвлөрсөн үйлдвэрүүдийг газрын татвараас хөнгөлөх, экспортын урамшуулал олгох, урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл олгох зэргээр улсаас тусламж дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ импортын бүтээгдэхүүнийг орлох, чанарын ижил түвшинд дотооддоо үйлдвэрлэж буй химийн материалын болон тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийг онцгойлон авч үзэж зарим тохиолдолд хөрөнгө оруулалтын зээлээ чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг нь өөрийн эрхгүй атаархлыг төрүүлж байлаа.
-Хятадын хэдэн арван мянган компаниудыг нэгтгэсэн 150 гаруй үйлдвэр технологийн тусгай паркад дэлхийн эдийн засгийг байлдан дагуулах том арми алс хэтээ харсан зөв бодлогын доор өсөн өндийж хүчирхэгжиж буйг хараад өвөр түрий өнөө маргаашаа бодсон төр засгийн удирдлагуудаа бодохоор голоос нэг юм гогдох шиг болсныг яана.
Цаашид яах вэ?
-арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Улаанбаатарын арьс ширний цогцолбор, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн цэвэрлэх байгууламжуудыг түшиглэн төвлөрүүлж, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах
-цаашид олон улсын жишгээр нийслэл хотоос хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд халтай үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх нь зайлшгүй тул шинээр Улаанбаатар хотод арьс шир боловсруулах үйлдвэрийн зөвшөөрөл олгохгүй байх, зориулалтын арьс ширний цэвэрлэх байгууламжгүй үйлдвэрүүдийг хаах
-эхний ээлжинд Монгол шевро, Шеврет, Булигаар, Дархан Нэхий эдлэлийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах зорилгоор эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр гаргаж өгөх.
-Хятадын томоохон орчин үеийн арьс ширний үйлдвэрүүд 100-500 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаатай зэрэгцүүлэхэд дээр дурдсан 4 үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласан тохиолдолд нийлээд нэг томоохон үйлдвэрийн хүчин чадлын хэмжээнд хүрэх юм. Дан ганц Монголын түүхий эдээр ажиллана гэвэл энэ бий болсон хүчин чадал хангалттай
-Тэргүүний техник технологигүй, арьс ширний боловсруулалтын анхан шатны технологитой, экологи-эдийн засгийн хувьд Монгол Улсад ямар ч ашиггүй хавсарга үйлдвэрүүдийг нэг бол хаах, эсвэл технологийн шинэчлэл хийж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгох.
/ боловсруулаагүй түүхий эдээ гадагш гаргадаг түүхий эдийн бааз орны хөгийн сэтгэхүйгээсээ түргэн ангижирч, Монгол Улсын брендийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд орох
Тэгээд юу хэрэгтэй юм бэ?
-Үйлдвэр болгонд 5-7 жилийн хугацаатай, 5-10 тэрбум төгрөгийн хөнгөлөлтгэй зээл.
Мөнгөний эх үүсвэр олдох юм уу?
-Хийх газраа олж ядан хэрэгтэй хэрэггүй юманд буруу зөвгүй цацаж байгаа мөнгөнөөсөө хэтийн ашгаа бодоод сэтгэл гаргавал түүн шиг амархан юм хаана байна.
Бид чадах юм уу?
– 80-90-ээд оны үед Монголын савхи , нэхий ЗХУ, зүүн Европт Монголын нэрийн хуудас болж, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн экспортын 30 гаруй хувийг эзэлж байсан юм биш үү. Махаа ч идэж, малын гаралтай түүхий эдээ ч боловсруулж чадаж байсан түүх, Монголын ирээдүйг хардаггүй мөнгө иддэг засаг төрийн нүүрэн дээр түүх болж хувирдаггүй юм бол чадах л болно.
Э.Батсайхан
Бизнес таймс