Ноён Ерөнхийлөгчийг магтах ёстой
Хуваарилалтын дэд бүтцийн асуудлаас иргэний бүртгэл мэдээлэл, банк санхүүгийн байгууллагуудын тэлэлтэнд хүргэнэ. Бэлэн мөнгийг хэнд өгөх вэ, хэрхэн өгөх вэ гэдгээс дэд бүтцийн хөгжлийн асуудал гарч ирж байгаа юм.
Өнгөрсөн онд УИХ-аар хэлэлцэн баталсан Ашигт малтмалын шинэ хуулийн хамгийн сонирхолтой нь Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон явдал юм. Шинэ хуулийн агуулгын гол өөрчлөлт бол стратегийн орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээ юм. Томоохон орд газруудад төрийн эзэмшлийн хувь хэмжээний асуудал хуульчлагдан батлагдсан нь цаашид хувьцааны хэлбэрээр Монгод Улсын төрд орж ирэх мөнгийг хэрхэх вэ гэсэн асуудал даган босч ирж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэнд мэдэгдэл хийхдээ төрийн мэдлийн хувьцааг даган орж ирэх мөнгөөр Эрдэнэсийн сан байгуулан нэг хэсгийг нь иргэдэд олгох, нөгөө хэсгийг нь хөрөнгө оруулалтын хэлбэрээр ашиглахыг дурдлаа. Иргэдэд олгох мөнгийг Хишиг мөнгө гэж нэрийдэхийг заажээ. Мөнгөний нэрийн утгаас үзэхэд иргэдэд мөнгийг бэлнээр олгохыг хэлсэн байна. Хэт барууны үзлээс намууд ангижирч зүүний үзлийг нийгэмд баримтлах болсноор төр иргэддээ мөнгийг бэлнээр хуваарилах болсон. Энэхүү хуваарилалтын процедурыг шүүмжлэгчдийн зүгээс бэлэн мөнгө өгснөөс загас барихыг нь заах нь зөв гэдэг. Гэвч загас барихыг нь заах нь амар, загас барина гэдэг амаргүй билээ. Монголын төр стратегийн орд газруудаас хувыдааны хэлбэрээр мөнгө авна гэдэг хялбар биш. Ашигт малтмалын шинэ хуулиар хамгийн түрүүн Монгол Улсын ДНБ-ийн 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орд газруудыг тогтоох ёстой. Орд газруудыг тогтоосны хойно улсын болон хувийн хөрөнгөөр хайгуул хийснийг магадласны эцэст төрд ногдох хувьцааны хэмжээ тодорхойлогдоно.
Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээ 0-50 хүртэл байж болно. Харин хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон орд газарт 0-34 хүртэл төрийн эзэмшлийн хувь хэмжээ байж болох аж. Монгол Улсын ДНБ гэдэг тогтмол хувьсах хэмжээтэй үзүүлэлт учир жил ирэх тутам стратегийн орд газруудын тоо багасах хандлагыг авчирна. Учир нь манай улсын ДНБ-ийн хэмжээ жил ирэх тутам эрс нэмэгдэж байгаа учир энэ тогтоосон тоо стратегийн орд газарт нэмэгдэн багтах орд газрын тоонд бүрэн хязгаарлалт тавих болно. 2006 оны ДНБ-ний 5 хувь гэдэг нэг тоо, 2007, 2008, 2010 оны ДНБ-ний 5 хувь гэдэг том тоо болж мэдэхийг үгүйсгэхгүй юм.
Ямар ч атугай Ерөнхийлөгч энэхүү стратегийн орд газруудаас төрийн мэдлийн хувь хэмжээний дагуу орж ирэх мөнгийг хэрхэх талаар саналаа илэрхийлсэн нь энэ мөнгөний чиглэлийг тогтоож өгч байна. Ний нуугүй хэлэхэд монголчууд өнөөдөр бэлэн мөнгөгүй байна. Нийт зах зээлд бэлэн мөнгөний нийлүүлэлт, ДНБ-ийн хэмжээнээс гурав дахин илүү байгаа ч бэлэн мөнгөний хомсдол байнга нүүрлэж байгаа нь далд эдийн засагтай холбоотой нь тодорхой. Иймээс стратегийн орд газруудаас орж ирэх төрийн мэдлийн мөнгөний нэг хэсгийг Монгол Улсын иргэдэд бэлнээр олгох нь зүйд нийцнэ. Яагаад? Бэлэн мөнгө иргэдэд олгосноор Монгол Улсын нийт эдийн засаг, тухайлбал, мөнгөний бодлогод өөрчлөлт авчрахын сацуу ядуурал, хүн ам зүй, хувийн сектор, банк санхүүгийн зах зээлд үндсэн өөрчлөлтийг хийхэд хүргэх юм. Нийгэм ядуурал орж нийт хүн амын 40 орчим хувь энэ тодорхойлолтонд хамрагдаж байгаа учир хүүхдийн мөнгө, гэр бүлийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд төрөөс мөнгө зарцуулж байгаа ч хүний амьдралын наад захын физиологийн хэрэщээг хангах хэмжээний биш юм. Дэд хэрэгцээ буюу орон байрны тухайд бүр ч ярилтгүй. Сүүлийн жилүүдэд УБ хот руу чиглэсэн их нүүдлээс улбаалан монголчуудын дийлэнх нь хотжилтонд орж өрхийн аж ахуй эрхлэх газар зүйн орчны хомсдолд орсноор орлогын эх үүсвэр нь хаагджээ. Тиймээс иргэдэд мөнгийг бэлнээр нь олгох ёстой. Гэхдээ орон байрны хэрэщээг хангахуйц хэмжээнд. Энэ их мөнгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Хишиг мөнгө-өөр бий болгох чадамжтай гэж үзэж байгаа юм. Үүнд хүрэхэд нэлээдгүй бэрхшээлүүд гарч ирэх ажээ.
Гэвч төрд ногдох хувьцааны хөрөнгө оруулалтыг хэрхэх вэ?
Ашигт малтмалын шинэ хуулийн дагуу 0-34, 0-50 хүртэл хувьцааны ногдол ашгийг авахын тулд хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэ хөрөнгө оруулалтыг хэрхэн төвлөрүүлэх асуудал Монгол Улсын Засгийн газрын өмнө босч ирж байна. Өнөөдөр дэлхийн томд тооцогдох орд газрын тоонд Оюу -Толгойн орд газар орж байгаа юм. Өмнөговь аймгийн байгалийн баялаг Монгол орны урд бүсийн төдийгүй улс, тивийн эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээнд байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 34 хүртэлх хэмжээний хувьцааг авахад дор хаяж, 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болж байна. Үүнийг дараахь тооноос тооцоолж болно. Тухайбал, сүүлийн үед Айвенхоу Майнзын гол хөрөнгө оруулагчдын нэг болоод байгаа Рио Тинто эхний ээлжинд нэмэлт хувыдааг худалдан авах замаар Айвенхоугийн хувь нийлүүлэлтэд 303 сая ам.доллар буюу 9,95 хувийн хөрөнгө оруулалт хийнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, нийт 100 хувь хувьцааны 10 орчим хувь нь 303 сая ам доллар шүү гэдгээ дээрхи тоогоор Монгол Улсын Засгийн газарт илэрхийлээд байгаа юм. Тэгээд хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газартай байгуулсан нөхцөлд нэмэлт санхүүжилтээр 1,5 тэрбум ам.доллар болгон өсгөнө. Ингэснээр Рио Тинто Айвонхоугийн хамгийн том хувь нийлүүлэгч болох боломжтой юм гэж Айвенхоу Майнзын удирлагууд мэдэгдэж байгаа юм. Эндээс дүгнэлт хийхэд Айвенхоу Майнз хуулиар олгогдсон төрийн мэдлийн 34 хүртэлх хэмжээний хувьцааг 30334 / 9.95 3.4= 1 тэрбум 40 сая ам доллараар үнэлэхээ илэрхийлж байна. Монгол Улсын Засгийн газарт энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг шууд гаргах боломж байхгүй. Тиймээс хөрөнгө оруулалтын олон гарц, хөрөнгө оруулалтын хугацааны олон хувилбарыг хайхад хүргэх аж. Гэхдээ бид газар нутаг дээрээ байгаа учраас хөрөнгө оруулалтын хувилбаруудыг бүхий л талаар хийх боломжтой. Үүнд толгой гашилгаж, амжилтанд хүрнэ.
Улс орноо бодохгүй, улс төр, хээл хахуулиар шийдэх юм амжилтанд хүрэхгүй. бол Айвенхоу Майнз төслийн эхний хэрэгжилтэнд манай улсын ДНБ 34 хувь өснө гэж үзэж байгаа бөгөөд энэ нь барагцаагаар 500 сая ам доллар болж байна. Ингээд бодохоор Монголын төрд ногдох 34 гэдэг хар ухаанаар эхний ээлжинд 150 сая доллар ам долларт очих болно. Бусад стратегийн орд газрууд болох Цагаан суварга, Төмөртэй, Таван толгой, Гацуурт гэхчлэн томоохон орд газруудаас төрийн мэдлийн хувь хэмжээнд оногдох мөнгө орж ирснээр энэ тоо эрс нэмэгдэнэ. Монгол Улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 600 гаруй орд газар байдаг гэдэг. Үүнээс чухам хэд нь стратегийн хэмээх ангилалд хамаарах нь үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээнээс шууд хамаарна. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг тогтооно гэдэг амаргүй. Монгол Улсын Засгийн газар ашигт малтмалын шинэ хуулийн дагуу төрийн мэдлийн хувьцаагаа олж авах нэг асуудал , нөгөө талаар хуваарилалтын асуудал, түүнийг дагасан дэд бүтцийн асуудал чухлаар тавигдана. Хуваарилалтын дэд бүтцийн асуудлаас иргэний бүртгэл мэдээлэл, банк санхүүгийн байгууллагуудын тэлэлтэнд хүргэнэ. Бэлэн мөнгийг хэнд өгөх вэ, хэрхэн өгөх вэ гэдгээс дэд бүтцийн хөгжлийн асуудал гарч ирж байгаа юм.
Хишиг мөнгө-нөөс иргэнд оноосноор ямар үр дагаварт хүрэх вэ?
Монгол Улсын иргэний тоо хамгийн сүүлийн статистик мэдээгээр 2.5 саяд хүрчээ. 2.5 сая хүн тус бүрт Хишиг мөнгө-ийг ижил тэгш хуваарилснаар дэд хэрэщээг хангах боломжийг олж авах юм. Нийт иргэдэд бэлэн мөнгийг олгосноор банк санхүүгийн байгууллагад зээлийн эрх үүсэх, үүндээ тулгуурлан орон байрны хэрэгцээгээ хангахад дөхөмтэй болох юм. Хишиг мөнгө-гийг хэнд олгох вэ гэдэг нь чухал юм. Эндээс хуваарилалтын дэд бүтцийн хөгжлийн асуудал гарна. Хүн болгонд Хишиг мөнгө-гийг хүртээнэ гэдэг нь тодорхой иргэний бүртгэл шаардагдана. Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд 30 гаруй мянган бүртгэлгүй иргэд байдаг гэдэг бөгөөд аймаг, сумын төвд ч бүртгэлгүй иргэд нэлээд байдаг. Иймээс иргэд очсон дүүрэг хороондоо иргэний бүртгэлээ хийлгэх зайлшгүй шаардлага Хишиг мөнгө-нөөс улбаалан хийгдэнэ. Тодорхой иргэний бүртгэлд үндэслэн төрийн зүгээс иргэний талаар явуулах ажил үйлчилгээ, бодлого, хөтөлбөр үнэн мэдээлэлд үндэслэгдэх учир үр дүн сайжрах болно. Нөгөө талаар Хишиг мөнгө-гийг хэрхэн хүлээж авах вэ? Хишиг мөнгө-гийг тухайн иргэний банкинд байршуулсан дансаар түгээж, тухайн иргэн баталгаат картаар банкаар үйлчлүүлнэ. Эндээс үзэхэд, арилжааны банкууд үйлчлүүлэгчийн өсөлтөд орох ба Хишиг мөнгө-тийг түгээх салбарууд, мөнгөний ATM-ийг олноор байрлуулахад хүрч байна. Бэлэн мөнгийг олгох АТМ-ыг олноор байгуулж сумдад хүртэл байршуулах болно. Тухайн Хишиг мөнгө-ний карт нь олон талын үүрэг гүйцэтгэх бөгөөд бие хүнийг нийгэмд тодорхойлоход чухал хөшүүрэг болох байх. Олон түмэн ярьдаг. Хүүхдийн 3, 10 мянган төгрөг нэмэр болж байна гэж. Гэр бүлийн 500 мянган төгрөгөөр бол залуу хосууд шинэ, бага 5 ханат худалдан авч дөнгөнө. Мөнгөний тооноос хамаарах чадамжаас хамаарч монголчууд гэр бүлийн 500 мянгыг өндрөөр үнэлж байна. Хүнд суртал, шат дамжлага, хээл хахуулиас үүдэж мөнгийг бэлнээр нь хүнд олгох нь зүйтэй гэсэн нийгмийн олонхийн сэтгэл зүй тогтжээ. Хишиг мөнгө-ний хамгийн гол үр өгөөжийг гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулахад зориулах талаар төрийн зүгээс анхаармаар. Гэхдээ татварын бодлогоор ч юм уу, эсвэл ухуулан сурталчлах байдлаар. Энэ мөнгийг барилгын салбарт чиглүүлснээр гэр хорооллын айл өрхүүдийг багасгах, ингэснээр утааны гамшгаас аажмаар салах бодлого хангагдах боломжтой. Гэр хорооллыг утаанаас ангижрах асуудал тэднийг орон сууцжуулснаар л биелэгдэх билээ. Жил тутам олгох Хишиг мөнгө урт хугацааны зээлийн орон сууцтай болох нөхцлийг бүрдүүлэхэд яахын аргагүй хувь нэмэр оруулах төрийн бодлого биелэгдэх билээ.
Алтан дээр суусан гуйлгачин биш, баячууд болох ёстой
Монголчууд бид алтан дээр суусан гуйлгачин биш, алтан дээр суусан баячууд болоход нохойн дуу ойртоод байгаа мэт. Монгол Улсын бүх газар нутгийн дийлэнх хэсэг хайгуулын лицензтэй байгаа ба ерөөсөө түгээмэл болон энгийн тархацтай ашигт малтмалаар дүүрэн. Бэлэн мөнгийг нийт иргэдэд олгосноор хувийн секториудыг дэмжихэд таатай нөлөөлөл үзүүлнэ. Соц-ийн үед монголчууд бид бүхнийг алтан дээр суусан гуйлгачин гэж хэлдэг байв. Нийгэм өөрчлөгдсөн үед гуйлгачин чигээрээ л дуусах юм байна гэж олон хүн ойлгодог байв. Зах зээлийн эдийн засагт хүнд зүгээр мөнгө өгдөггүй, түүнийг олж авдаг гэж сэтгэдэг. Үнэндээ олж авахад хэцүү. Хуулийн дагуу олохгүй бол хэрэгт орно. Хуулийн дагуу олох гэхлээр хүнд суртал, хээл хахууль саад болно. Монгол орны нийгэм яг ийм байдалд байгаа юм. Иймээс баялгийн хуваарилалт иргэдийн гар дээр шууд байх нь нэр хүндтэй, ач холбогдолтой, төлөөлийн захиран зарцуулахыг үгүйсгэж, шууд захиран зарцуулахад хүргэж байгаагаараа үнэт чанарыг агуулж байна гэж хэлж болно. Төрд ч хэлэх үгтэй. Танд өгсөн шүү дээ гэж. Ямар ч атугай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ард түмэндээ Хишиг мөнгө-гийг уул уурхайн салбараас цугларсан Эрдэнэсийн сан-гаас олгохыг санал болголоо. Бид бүхэн алтан дээр сууснаа мэдрэх болж байна. Түүнийг магтах ёстой.
Б. Пүүжээ
Бизнес таймс