Хөдөө арал-ынхан үлдсэн гурван лицензийг дахин хүчингүй болгуулна
Хөдөө арлаа аврах хөдөлгөөн Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын ард иргэдтэй хамтран ажилласны үр дүнд Хөдөө аралд олгогдоод байсан зургаан лицензээс Хятадын хөрөнгө оруулалттай Монголгуйнюань компанид олгосон гурван лицензийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ҮХ-ны сайд асан Б.Жаргалсайхан нар шалгаж нягталсны эцэст саяхан Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар хүчингүй болгосон талаар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Хөдөө арлаа аврах хөдөлгөөнийхөн өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хэрэв Хөдөө аралаа аврах хөдөлгөөнийг зохион байгуулж эл асуудлыг гаргаж ирээгүй бол Гурван мөрний нутагт бусдыг бүү нутаглуул гэсэн эзэн Чингис хааныхаа захиасыг умартан газар нутгаа ухуулж Чингисийн үр сад гэж хэлэх эрхгүй болох байсан аж.үүнээс гадна одоо гурван лиценз хүчинтэй хэвээр байна. Сентеро гоулд-ын хоёр, Монкор сервисийн нэг лиценз байгаа. Үүнээс гадна Оторын нутаг, Хэрлэн Баян Улааны нутаг дэвсгэрийг хэрлэн голын хөвөө хүртэлхи газрыг лицензээр авах өргөдөл бичигдсэн мэдээлэл Хөдөө арлынханд байгаа гэнэ. Иймээс Хөдөө арлын нутагт лицензийн асуудал огтхон ч байх ёсгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаагаа Хөдөө арлынхан мэдэгдлээ. Цаашид лицензүүдийг хүчингүй болгож, хөдөө арлыг болон Чингисийн нэртэй холбоотой түүхэн газруудыг улсын болон олон улсын хамгаалалтанд авах, хөдөө арлын хөгжлийн асуудлын цогцолбор төлөвлөгөө гаргахаар хөдөлгөөнийхөн зорьж байгаа аж.
2007.02.8 Өглөөний сонин