Бушийн хэлсэн үгнээс болоод Японы эдийн засаг сүйрэх шахсан удаатай
Мөн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг мэдэж болдог аж. Хэрэв хүн өөрийн тухай гуравдагч биеэр төлөөлүүлж ярьдаг бол өөрийгөө хэт үнэлдэг эсвэл эсрэгээр голдог гэсэн үг. Улс төрч хүний байнга давтдаг үгсээр түүний өөрөө шийдвэр гаргадаг эсвэл хариуцлагаа бусдад дээр тохдог эсэхийг мэдэж болно. Барууны улс төрчид өөрийн гэсэн үзэл бодолтой учраас бид гэхээс би гэх нь олон. Энэ нь тэд хариуцлага үүрэхээс айдаггүйг гэрчилдэг. Харин Орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын удирдагчид бид гэж үргэлж хэлдэг нь тэд улс төрч биш тэгж жүжиглэж буйн илрэл гэнэ. Судлаачид компьютерийн тусламжтайгаар зарим улсын ерөнхийлөгчдийн үгэнд судалгаа хийж, Жорж Буш дайн, харин В.Путин бид гэдэг үгэнд дуртайг олж тогтоов. Ер нь Буш хэзээ ч, хаа ч үг хэлсэн үргэлж Дайн гэдэг үгийг тоть шиг давтдаг аж.
Буш Бушизм-ыг үндэслэгч
АНУ-ын төрийн тэргүүн байсхийгээд л этгээд сонин үг хэллэг хэрэглэдэг, эсвэл нэр томьёог сольж, буруу хэлдэг. Иймээс дэлхий дахинд бушизм гэдэг нэр томьёо гарчээ. Түүний хэлсэн гаж содон хэллэгээр ном, товхимол хүртэл хэвлэгдсэн нь маш гүйлгээтэй байгаа гэнэ. Эдгээр номонд Буш хэрхэн Иран, Ирак улсыг ялгадаггүй байсан, мөн Афганистан улсыг газрын зураг дээр зааж чадаагүй тухай өгүүлдэг. Пентагоны Цэргийн зардлыг батлах ёслолын ажиллагаан дээр тэр өөрийн орны хамгийн заналт дайснууд болох алан хядагчдын тухай ярьж байхдаа Тэд манай улсад яаж илүү их хор хөнөөл учруулах тухай үргэлж боддог. Бид ч мөн адил гэж дуугарчээ. Тэгснээ өөрийг нь буруу ойлгож магадгүй гэж бодсон бололтой засахаар шийдэн Америкийг хэрхэн илүү сайн хамгаалах тухай үргэлж бодсоор л байна гэж нэмж хэлэв. Тэнд Пентагоны хамаг томчуул байсан ч Ерөнхий командлагчийнхаа үгэнд хариу ган хийсэнгүй. Нэг удаа Буш Японд айлчилж байхдаа Би Японы Ерөнхий сайдтай иений девальвацийн тухай ярилцсан гэж мэдэгдэв. Токио хотын бирж дээр бөөн үймээн сандрал болж, үндэсний валютын ханш бууж эхлэв. Ганцхан үгнээс болоод Японы эдийн засаг эгээтэй л сүйрчихсэнгүй. Иймээс Манай ерөнхийлөгч девальваци биш дефляцийн тухай ярьсан юм. Иймээс уучлал хүсье гэж Америкийн түшмэд телевизээр мэдэгдэл хийхээс өөр аргагүй болжээ. Мөн нэг удаа Вашингтонд Буш дипломатууд, бизнесмэнүүдийн өмнө Тайванийг Бүгд найрамдах улс гэж хэдэн удаа нэрлэв. Энэ нь тус улсын албан ёсны байр суурьтай зөрчилдөж байлаа. Бээжин энэ талаар эсэргүүцэл илэрхийлсэн тул Америкийн Төрийн департамент тайлбар хийж, Америкийн байр суурь хэвэндээ, Тайвань бол бие даасан улс биш, харин Хятадын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж мэдэгдлээ. Буш нэг удаа татвар бууруулах талаар ярьж байгаад Хөдөө аж ахуйн секторт ажиллаж байсан хүмүүс цаазаар авах ял үнэхээр шударга бус гэдгийг ойлгодог гэжээ. Хүмүүс яагаад ХАА-н салбарынхан цаазаар авах ялыг илүү сайн мэдэх ёстойг ухаарсангүй, гэтэл АНУ-ын Ерөнхийлөгч өв хөрөнгийн татвар ба үхлийн цааз / Death tax, death penalty/ гэсэн хоёр үгийг хольж хутгажээ. Түүний хэлсэн үгсээс хамгийн гэмгүй нь Би далуу, хариуцлагагүй байхдаа би залуу, хариуцлагагүй байсан юм. Түүний сүүлийн үед хэлсэн үгсээс харахад Америк улс байдаггүй ээ, дандаа л Ирак. Бушийн Ирак дахь ажил төрөл үнэхээр муу явж байгаа бололтой, өөрийн орноо ч дурьдах завгүй аж. Буш нэгдүгээр сард радиогоор ээлжит мэдэгдэл хийхдээ байх болно гэж 16 удаа, тусална-8, Ирак-10, стратеги-6, хүчирхийлэл-6, алан хядагчид-4″ гэж удаа давтжээ. Энд АНУ, Америк гэсэн үг бараг алга, харин Ирак, тэгэх ингэх болно, цэрэг арми гэсэн үг олон хэрэглэгджээ. Тэгэхээр Иракийн дайн Бушийн хувьд өдрийн бодол, шөнийн зүүд болжээ.
Путин бид гэж хэлэх дуртай
Владимир Путины дуртай үг Бид, Орос орон, Засаг захиргаа. Путины ОХУ-ын Холбооны зөвлөлийн сүүлчийн хуралдаан дээр хэлсэн үгэнд дүн шинжилгээ хийхэд тэр нэг цаг нэг минутын турш хэлсэн үгэндээ бид, бидний гэдэг үгийг 67 удаа, Орос орон-33, асуудал бэрхшээл-11, би-8 удаа давтсан бол 2000 онд дөнгөж ерөнхийлөгч болсны дараа бид, бидний -61, Орос орон-9, засаг захиргаа -29, би-21, асуудал бэрхшээл-5″ удаа дурьджээ. Тэгэхээр Оросод ганц хүний гарт бүх эрх мэдэл төвлөрсөн гэдэг нь үнэнтэй нийцэхгүй бололтой. Орчин үеийн Путин би гэдэг үгийг цөөн хэлж бид гэж их ярих болжээ. Путин засаг төр, асуудал бэрхшээл гэдэг үгсийг жил ирэх тутам цөөн хэрэглэдэг болсон нь босоо удирдлага бэхжихийн хэ-рээр асуудал, бэрхшээл багассан гэж үзсэн бололтой. Гэхдээ тэр ч бас хар ярианы үг хэрэглэдэг. Нэг удаа алан хядагчдыг жорлонд хядаад бай гэсэн удаатай.
Горбачев ЗХУ-ын бутралыг зөгнөжээ
ЗХУ-ын анхны бөгөөд эцсийн ерөнхийлөгч Михаил Горбачев ЗХУКН-ын хурал дээр 1986 онд илтгэл тавихдаа бид гэдэг үгийг 159, бүгд-110, хүмүүс-51, нөхөд-44, нам-42, ЗХУ-32 удаа давтсан аж. Зөвлөлтийн удирдагч хүмүүс гэдэг үгийг нөхөд-өөс олон удаа хэлдэг болсон нь шинэ үе эхэлсний нэг шинж тэмдэг байв. Эрхэм дээд ЗХУКН, Нам зэрэг үгсийг бид, бүгдээр гэдэг үг шахан түржээ. Бүр тэр үед Горбачев ЗХУ гэж улам цөөн хэлдэг болсноор ЗХУ тарж бутрахыг зөгнөсөн мэт.
2007.02.8 Өглөөний сонин