Гурван нас бол зөрүүдлэх үе
Бие даах гэсэн оролдлогоос Би өөрөө, Би чадна гэсэн үгийг хүүхэд маш их хэлж өөрөө бие даан аливаа зүйлийг хийхийг оролддог. Энэ үед эцэг эхчүүд ойлгохгүй болохгүй, бага юм чадахгүй, Асгачихна, Хувцасаа муухай болгочихно гэх мэтээр урдуур нь орж өмнөөс нь өөрсдөө хийх гэснээс болж тэд зөрүүдлэх зан авир гаргадаг. Үүнийг эрдэмтэд Гурван насны хямрал гэж тодорхойлсон байдаг. Энэ юу гэсэн үг вэ. Нэг талаас хүүхэд өөрөө бие даан хийх хүсэл оролдлого, нөгөө талаас томууд энэ хүслийг ойшоож анхаардаггүйгээс болж хүүхдийг зөрүүд зантай болгоход хүргэж үүнээс үүдэн гарах зөрчил юм. Энэ бүхэнд эцэг эхчүүд тайван хандаж тэдэнд хэр хэмжээнд тохирсон зүйл хийлгэхэд анхаарч дэмжин, яаж хийх аргыг нь тайлбарлан өгч хамтрах нь зүйтэй. Мөн тэдний сайн үйлийг байнга дэмжин, урамшуулах хэрэгтэй. Тэгвэл танд энэ хямралыг давах хүүхэдтэйгээ ойлголцох тиим ч хэцүү биш. Гурван насанд хүрээлэн байгаа орчин байгалийн болон эд юмсын тухай тодорхой ойлголт, төсөөлөл бүрэлдэж эхэлдэг. Жишээ нь Нар, сар , од, цас, амьтан, ургамлын талаар өөртөө тохирсон төсөөлөлтэй болдог төдийгүй ойр дотны хүмүүсийн нэрийг мэддэг, нэрлэдэг. Төсөөллийн хүрээ нэмэгдэх тусам тоглохдоо хэрэглэх зүйлийн тоо нэмэгдэнэ. Юмыг орлуулан дүрслэн тоглож эхэлдэг. Хоёр настайг бодвол ганцаараа тоглож, тоглоомоо өмчилсөн байдалтай байдаг нь багасч хоёр, гурвуулаа тоглодог болно. Энэ насны хүүхэд, хурц тод өнгөтөй, гоё сайхан хэлбэртэй хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж тогтоодог. Мөн зураг зурах дуртай, улаан, ногоон, цэнхэр, өнгийг Гоё өнгө гэж нэрлэдэг. Зурж будахдаа 1-2 өнгийг сонгон хэрэглэнэ. Том, жижиг бөөрөнхий дүрс зурж эхлэх бөгөөд зурж байгаа зүйлрүүгээ анхаарал нь төвлөрч эхэлдэг. Бас өөрийнхөө хүссэн зүйлээ авахуулах, хамт тоглосон хүүхдийнхээ тоглоомыг нь аваад явах, энэ минийх гэх мэт авир гаргадаг. Энэ бүхэнд эцэг эхчүүд энэ чинийх биш, бусдын юмыг хамаагүй авч болохгүй гэдгийг тайлбарлаж өгөх нь зүйтэй. Тэд хэдий дураараа загнасан ч бүхнийг сайн ойлгоно. Хүүхэд ямар нэгэн зүйлийн тухай тогтоон ярьдаг болж эхэлдэг ба энэ нь анхаарлын тоттворжилт сайжирч хэл ярианы чадвар нэмэгдэж байгаагийн шинж юм. Хүүхэд төрөлх хэлнийхээ үндсэн дүрмийг ямарч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшдэг тул та хүүхэдтэйгээ байнга ярилцаж байгаарай. Тэднийг бага гэж битгий бодоорой. Тэд бүхнийг чадна шүү. Танд амжилт хүсье.
(Нийгмийн толь 032/125)
Бэлтгэсэн Ж.БААСАНСҮРЭН. Р.БУДХАНД