Хадгаламж банкны 10 сая доллар хаачив
Төрийн өмчийн сүүлчийн банк Хадгаламж хувьчлагдаж орос эзэнтэй болоод удаагүй байна. Гэвч ТӨХ-ны өнгөрсөн жил хийсэн хамгийн том наймаа будилж, буцаж магадгүй болчихлоо. Олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар 12 тэрбумаас эхэлж дуудан, 23 тэрбумаар зарсан энэ банкны активаас 10 сая доллар сох дутсаныг мэдсэн шинэ эзэд нь Монголбанкинд албан бичиг илгээж, мөнгө хаашаа алга болсныг тодруулан шалгаж өгөхийг хүсчээ. 10 сая төгрөг биш. 10 сая доллар шүү дээ. Энэ их мөнгө хэзээ, хаашаа хэний гараар дамжаад алга болчихов оо гэдгийг огт мэдэлгүй хувьчилсан ТӨХ-ныхон юугаа харж хянаж байсан гэдэг гайхалтай.
Зарим эх сурвалжийн мэдээллээр бол энэ мөнгөөр Хадгаламж банкны ерөнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн хэмээх залуу тоглоод өнгөрсөн гэнэ. Тоглоод гэдэг үгийн учрыг уншигч та ойлгож байгаа биз ээ. Түүний гараар дамжин энэ их мөнгө Монголын бооцоот тоглоомын газар нэртэй бичил казинонууд болон гадаадын тоглоомын газруудад хөрөнгө оруулалт болоод дууссан бололтой. Хаана мөрийтэй тоглоом, казино байна тэнд л байж, бийлэгжүүхэн бооцоо тавьдаг байсан Ц.Чимэдцэрэнг энэ хүрээнийхэн андахгүй юм билээ. Мань хүн тоглоод олдог байсан гэдэг. Байшин барилга бариулж, хувийн бизнес хөрөнгө нь ч чамгүй зузаарсан гэх. Харин тэрээр хэний мөнгөөр ингэж тансаглаж, зугаалж, казинодож байв гэдэг нь одоо л тодорхой болж байх шиг.
Гамгийн харамсалтай нь ийм хүнээр төр өөрийнхөө өмчийн ганц банкны сан хөмрөгийг атгуулж байжээ. Ийм их мөнгийг нэг л өдөр авчихаагүй нь ойлгомжтой. Нэлээдгүй хугацаанд үргэлжилсэн байж таарна. Гэтэл 100 хувийн төрийн өмчтэй энэ банкнаас нь арвын арван сая доллар алга болчихоод байхад мэдэхгүй сууж байсан төдийгүй, өч төчнөөн газраар хөндлөнгийн аудит үнэлгээ хийлгэж байгаад хувьчилчихсан сууж байгааг юу гэж ойлгох вэ. Хадгаламжийн банк сайн ажиллаж байна гэж захирлуудыг нь магтан хөөрөгдөж, арав хорин саяар нь шагнаж байснаас өөр юу хийж байсан юм бол, төрийн өмчийн манаач ТӨХ гэдэг байгууллага. Бас Хадгаламж банк шинэ эздэдээ очихгүй хэсэг хугацаанд саатаад байсан шалтгааныг нь Монголбанк худалдаж авсан мөнгөний эх үүсвэрийг шалгаж байгаа гэдгээр тайлбарлаж байсан. Хэн ямар мөнгөөр худалдаж авав гэж шалгахынхаа өмнө өөрийнхөө мэдлийн банкны хөрөнгө бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгаж болоогүй л юм байх даа.
Одоо шинэ эзэд нь алга болсон арван сая долларынхаа асуудлыг нэгэнт хөндөж байгаа болохоор түүнтэй хамт хувьчлал буцах эсэх тухай яригдахаас өөр аргагүй ээдрээтэй нөхцөл байдал үүсчихээд байгаа аж.
Мөнгөө өсгөх гэсэн хүмүүсийн гэнэн итгэл дээр хадгаламж зээлийн хоршооны эзэд тоглож, иргэдийг яаж хохироож, ний-гэмд ямар их бухимдал үймээн авчраад байгааг бид мэднэ. Тэгвэл өнөөдөр манай банкуудад юу болоод байна вэ.
Худалдаа хөгжлийн банкны Х.Зядраа гэдэг эмэгтэй банкнаасаа гурван тэрбум төгрөг луйвардчихаад цагдаа шүүх болоод явж буй. Цагдаагийнхан түүнийг Ганц худагт саатуулсан ч батлан даалтаар гарчихаад том жийп унасан шигээ эрх чөлөөтэй зугаалж явна. Тэр ч бүү хэл нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулчихаж. Бага насны гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй гээд гурван тэрбум төгрөг луйвардсан гэмтэн биш, харин ядарсан нэгэн болж хувирчихаад байгаа гэсэн шүү. Хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байгуулж байгаа манай улсын хууль мөнгөтэйд нь зөөлөн, мөнгөгүйд нь төмөр мэт хатуу үйлчилдэг. 1000 төгрөг хулгайлсан жаахан бүсгүй 10 жилийн ял аваад нялх хүүхдээ тэврэн шорон руу явсан. Харин гурван тэрбумыг луйвардсан нь Өршөөлийн хууль болоод өрх толгойлсон ядарсан эмэгтэй гэдэг тодотголын ачаар зүгээр өнгөрч магадгүй гэсэн. Түүнийг таньж мэдэх зарим хүн Х.Зядраагийн өнгө орон гялалзаад буйг нь ч гайхаж байна билээ. Нэгэн үе УИХ-ын гишүүн байсан, улс төрд орж ирсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг Х.Хулангийн нэр сүүлийн үед Зядраатай холбогдон үе үе дуулдах болсон. Х.Хулан нь Х.Зядраагийн үеэл эгч нь юм билээ.
Хас банк Э.Уянга хэмээх эмэгтэйг эрэн сурвалжилсаар даруй тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тус банкны Хэнтий аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Э.Уянга банкнаасаа 100 гаруй сая төгрөг аваад оргон зайлсан. Түүнийг гадаадад гарсан байх магадлалтай гэдгээс өөр илүү мэдээлэл байхгүйгээр өнөөг хүреэн билээ. Түүний тухай мэдээллийг өндэр үнээр худалдаж авахаар амлаад байгаа ч өнөөг хүртэл таг чиг явж ирэв. Гоо сайхны мэс засал гэдэг хүнийг яаж л бол яаж өөрчилдөг болчихсон энэ цаг үед 2002 оны үеийн зураг дээрх шиг царай төрхтэйгөөр түүнийг хайгаад олох магадлал тун бага гэдэг нь тодорхой. Энэ мэтчилэн ажиллаж буй банкнаасаа их бага хэмжээгээр мөнгө луйвардсан, хүний харилцах данс, хадгаламж дахь мөнгийг өөрийн мэт үрж зарсан хэрэг арилжааны банкууд дээр цөөнгүй гардаг. Гэхдээ энэ бүхэн нь тэр бүр олон нийтийн сонорт хүрээд байдаггүй нь бизнесийнхээ нэр хүндийг бодоод хувийн банкууд асуудлыг дотооддоо шийдээд явдагтай холбоотой. Ер нь банкуудад хэн ажиллаж байна вэ, итгэлцэл дээр тогтдог эмзэг мэдрэмтгий бизнесийнхээ ажлыг хэнээр хийлгэх вэ гэдэг дээр ихээхэн анхаарах хэрэгтэй болсныг дээрх жишээнүүд харуулна.
Одоо Хадгаламж банкны ерөнхий нягтлан бодогчтой холбоотой 10 сая долларын асуудал гараад ирлээ. Хамгийн ноцтой нь энэ хэрэг бохир мөнгө угаадаг казинотой холбоотой байх магадлалтай нь бүр түгшүүр төрүүлж байна. Банкинд байх ёстой мөнгө казино руу урсана гэдэг бол банкууд банкрот болохын л шинж.