ОХУ-ын эрчим хүчний бодлого Хориглолт-оос Түрэлт рүү
, мөн янз бүрийн дарамт шахалт, хараал зүхэл, аюул болгоомжлолыг төрүүлэх боллоо. Үүний гол учиг нь эрчим хүчний эх сурвалжийн төлөөх өрсөлдөөн билээ. Орос нь манай гаригийн хамгийн том буюу 17 сая кв.км нутагтай (13%), 143 сая хүн амтай (3%), дэлхийн газрын тосны тогтоогдсон нөөцийн 13%, хийн 34%-ийг тус тус эзэмшдэг, байгалийн хийн экспортоор тэргүүлж, газрын тосны экспортоор Саудын Арабын дараа хоёрдугаарт ордог эрчим хүчний стратегийн чухал нийлүүлэгч орон юм.
ЗХУ /хуучин нэрээр/ задарснаас хойш эдийн засгийн уналт, хөрөнгө санхүүгийн гачигдал, шилжилтийн бэрхшээлийн улмаас Орос орны дэлхийн бодлогод эзлэх байр суурь, нөлөө ихэд суларсан байлаа. Харин сүүлийн жилүүдэд газрын тос, хийн үнийн өсөлт ОХУ-ын эдийн засаг, санхүүгийн байдалд эргэлт авчирсан юм. Оросын топ эдийн засагч Г.Грефийн мэдээлснээр ОХУ-ын ДНБ энэ онд 6.1 % өсч, анх удаа 1991 оны буюу шилжилтийн өмнөх үеийн түвшинг давах ажээ. Тэрбээр саяхан засгийн газрын ээлжит хуралдаан дээр 2007-2009 онд ОХУ-ын нийгэм–эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийн талаар тавьсан илтгэлдээ энэ тухай дурдсаны сацуу ойрын 2-3 жилд эдийн засгийн хөгжил өмнөх жилүүдийнхээс төдийлөн буурахгүй 5.6-5.7 % түвшинд байна хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын алт валютын нөөц ч огцом өсч, 6-р сарын байдлаар 250 гаруй тэрбум ам.долларт хүрч, Хятад (875 тэрбум), Японы (852 тэрбум) дараа дэлхийд 3-рт орж байна. Ерөнхийлөгч В.Путин энэ хавар парламентад хийдэг ээлжит илгээлтдээ, рублийг чөлөөтэй хөрвөдөг валют болгох эхлэл болгон 7-р сарын 1-нээс рублиэр олон улсын санхүүгийн операци явуулахад тавьж байсан бүхий л хориг саадыг цуцлах болсноо зарлахын хамт үндэсний мөнгөн тэмдэгтээ дэмжих үүднээс Москвад арилжаагаа рублиэр явуулдаг газрын тосны олон улсын бирж байгуулах санал дэвшүүлэв.
Оросын түлш, эрчим хүчний компаниуд ч улам бүр хүчирхэгжиж, гадагш зах зээлээ тэлэх, нөлөөний хүрээгээ өргөжүүлэхээр шаргуу ажиллаж байна. Өнгөрсөн 1-р сард Кремлийнхэн Оросын эрчим хүчний бодлогын гол хөдөлгүүр болох Газпром компаний хувьцаанд тавьсан хяналтаа сулруулж, гадаадынханд худалдан авах боломж олгосноос хойш түүний хувьцааны үнэ 70 %-иар огцом өсчээ. 5-р сарын байдлаар Газпром-ын зах зээлийн нийт үнэ 289 тэрбум ам.долларт хүрч, цар хэмжээний хувьд зөвхөн АНУ-ын Exxon Mobil(389 тэрбум )-ийн дараа орох болжээ.
Оросын энэ аварга том компаний тэлэлт үүгээр зогсохгүй бололтой. Тус компаний удирдлагын үзэж байгаагаар тун удахгүй 300 тэрбумын заагийг давах бөгөөд 1 триллионд хүрэх нь ердөө цаг хугацааны л асуудал ажээ. Газпром-ын эзэмшиж буй хийн ордуудын нөөц нь (газрын тосонд шилжүүлэн тооцоход 117 тэрбум баррель) дэлхийн бусад эрчим хүчний мангас-уудаас даруй 2-3 дахин их, тив дамнасан дамжуулах хоолойн сүлжээг бараг дангаар хяналтанд байлгадаг, дэлхийн эрэлт, үнэ өссөөр байгаа гэх мэт хүчин зүйлсийг харгалзан үзвэл дээрх таамаглал биелэх магадлал өндөр байна.
ТҮҮХЭН СУРГАМЖ БА ОРОС ОРНЫ ИРЭЭДҮЙ
ЗХУ газрын тосны олборлолтоос олж байсан асар их хөрөнгийг үзэл суртлын тэмцэл, цэрэг зэвсгийн учир утгагүй өрсөлдөөнд үрж сүйтгэсний уршгаар сулран доройтсон саяхны гашуун түүхээс сургамж авч, гэнэт орж ирсэн орлогоо хэрхэн ашиглах, хэдийг хуваан, хэдийг үүцлэн нөөцлөх талаар Орост ширүүн мэтгэлцээн өрнөж байна.
Дэлхийн банкнаас ОХУ-ын эдийн засгийн талаар 2006 оны 4-р сард гаргасан илтгэлд дурдсанаар 2030 оны үед оросууд хар бор ажил хийхгүй, элбэг хангалуун амьдрах гэнэ. Газрын тосны орлогоос бүрдэх Тогтворжилтын сан/Стабфонд/-д хуримтлагдах мөнгөний хэмжээ өнөөгийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс хэд дахин давж, 2.3 триллион ам.долларт хүрч, дээрх нөхцөл бүрдэх ажээ. Гэхдээ толгой эргэм энэ их мөнгө бодитой бий болох эсэх нь Тогтворжилтын сан-гийн хөрөнгийг хэрхэн үр дүнтэй ашиглахаас хамаарна хэмээн уг илтгэлд дурджээ. Тогтворжилтын сан-д эдүгээ 1.5 триллион рубль хуримтлагдаад буй нь газрын тосны үнэ огцом унасан тохиолдолд улсын төсвийг нэлээд хэдэн жил хангахуйц нөөц.
Иймд ОХУ цаашид газрын тос, хийнээс олох орлогоо өсгөн арвижуулах зорилгоор оновчтой ашиглахыг Дэлхийн банк зөвлөсөн байна. Мэргэжилтнүүд сангийн мөнгийг хувьцаа худалдан авч өсгөхөөс айх хэрэггүй бөгөөд ихэнх хувьцааны ашиг газрын тосны үнэтэй урвуу хамааралтай байдаг хэмээн үзэж байна. Хэрэв хөрөнгө оруулалт, үнэт цаасны цаасны зах зээлд уг сангийн хөрөнгийг зөв байршуулж чадвал ОХУ-ын эдийн засаг тун ойрын хугацаанд газрын тосны хараат байдал-аас гарч, дэлхийн эдийн засгийн тэргүүн эгнээнд баттай байр суурь эзлэх ажээ.
ЭРЧИМ ХҮЧ БА ГАДААД БОДЛОГЫН ШҮТЭЛЦЭЭ
Эдийн засаг-санхүүгийн хүч чадал сэргэн бэхжихийн хамт ОХУ-ын гадаад бодлого ч хувьсан өөрчлөгдөж, дэлхийн дахинд үзүүлэх нөлөө, байр суурь ч өсөн бэхжиж байна. Гэхдээ өнгөрсөн өвөл Орос-Украины хооронд болсон хийн дайн-аас хойш ОХУ-ын эрчим хүчний бодлогын мөн чанар, эерэг сөрөг тал, ирээдүйн төлөв байдал, найдвартай нийлүүлэгч болж чадах эсэх, нэг орны хараат байдлаас гарах арга замын талаар өргөн хэлэлцүүлэг, маргаан хаа сайгүй дэгдсэн билээ. Үнэхээр ч ОХУ үндэсний эрх ашиг, стратегийн ашиг сонирхлоо хамгаалах үүднээс эрчим хүчний нийлүүлэгчийн давуу байдлаа хөшүүрэг болгон ашиглах эрмэлзэл илэрхий нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл ОХУ байгалийн хий, газрын тосны баялаг нөөц болон түүний дэд бүтэц, ялангуяа дамжуулах хоолойн салбарт тогтоосон монопол байдлаа дотоод, гадаад бодлогын тулгамдсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд ашиглах бүхий л таатай нөхцөл бололцоо бүрдэж байна.
Оросын эрчим хүчний дипломат бодлогын түрэлтийн хариуд зарим орнууд улс төрийн шаардлагуудыг сөргүүлэн тавьж байхад, зарим орнууд орнууд ойртон нягтрах, стратегийн түншлэлээ зузаатгахыг эрмэлзэж байна.Тухайлбал, 3-р сард В.Путин тэргүүтэй ОХУ-ын 1000 хүнтэй төлөөлөгчдийг Хятадад халуун дотно хүлээн авсан бол АНУ-ын дэд ерөнхийлөгч Д.Чейни 5-р сард Вильнюс хотноо ОХУ-ын нөлөөний хүрээнээс гарахыг эрмэлзэж буй Дорнод Европ, Балтийн болон Хар тэнгис орчмын орнуудын удирдагч нарын өмнө Оросын эрх баригчдыг хүний эрхийг ноцтой зөрчиж , ардчиллаас ухран, эрчим хүчийг айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх арга хэрэгсэл болгож байна хэмээн хурцаар шүүмжилсэн нь шуугиан тарьсан билээ.
АНУ-ОХУ-ын хооронд үүссэн ан цав, сөргөлцөл аажмаар шинэ хүйтэн дайны байдалд шилжин орох эсэх нь 7-р сарын15-17-нд Санкт-Петербург хотноо болох Их Наймын ээлжит уулзалтын үеэр нэлээд тодрох буй заа. Орос улс анх удаа Их Наймыг даргалан, нутагтаа хийж буй дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын чухал бүрэлдэхүүн хэсэг нь эрчим хүчний аюулгүй байдал бөгөөд тэнд ямархуу шийдэл, тохиролцоонд хүрэхийг дэлхийн олон нийт анхааралтай ажиглаж байна.
Мөн 4-р сард болсон АСЕАН-ОХУ-ын Дээд хэмжээний уулзалт, 6-р сард Сочид болсон ОХУ-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын гол сэдэв эрчим хүчний аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудал байлаа. Эрчим хүчний хувьд ямар орнууд, ямар түвшинд ОХУ-аас хамаардаг, мөн түүнчлэн энэ нь засгийн газар хоорондын хэлэлцээнд хэр зэрэг нөлөөлж буйг мэдэх зорилгоор ОХУ-ын Независимая газета сонины газар Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгүүдтэй хамтран нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Энэхүү судалгаагаар оросын газрын тос, хийн нийлүүлэлтээс хамааралтай орнуудын түвшинг тогтоожээ. Тэд хараат байдлын түвшингээс хамааруулан улс орнуудыг 3 бүлэгт хуваасан байна.
ОХУ-ын хувьд өнөөгийн хамгийн тулгамдсан бас нэн ярвигтай асуудал бол ТУХН-ийн гишүүн орнуудад нийлүүлж буй байгалийн хийн үнийг зах зээлийн түвшинд хүргэх зорилт юм. Саяхан В.Путин оросын дипломатуудтай хийсэн уулзалт дээр бид зарим хөршүүдтэйгээ эрчим хүчний төлбөр тооцоог зах зээлийн үндсэн дээр хийхийг зорьж байна. Бид иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд, ОХУ-ын эрх ашгийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалахын тулд үүнийг хийж байна хэмээн мэдэгдсэн юм.
Энэ байдал ОХУ-тай нэгэнт дайсагнаж эхэлсэн Украин, Гүрж, Молдав төдийгүй уламжлалт найрсаг харилцаат Беларусь, Армен зэрэг орныг түгшүүлж, сөрөг довтолгоо, хориг арга хэмжээ, өөр түншийн эрэлд мордуулав. Эдгээр орнуудад ОХУ урьд өмнө 1000 шоо м. хийг 45-60 ам доллараар өгч байсан бол энэ оноос 100 болгосон ба ойрын ирээдүйд Баруун Европын орнуудын түвшинд ойртуулахыг зорьж байна(200-240 ам. доллар). Гэхдээ оросуудын энэ зарчим, үндэслэлийн цаана их гүрний амбиц, ашиг сонирхлын наймаа, хөршүүдээрээ буулт хийлгэн улс төр, бизнесийн ашиг олж авах санаархал хэлэлцээ хийсэн орон бүрд өөр өөр хэлбэрээр боловч нийтлэг байдлаар илэрч байгаа нь бүхэнд илэрхий билээ.
Тус орны эрчим хүчний бодлогын өөр нэг зангилаа асуудал бол тээвэрлэлт, дамжууулах хоолойн сүлжээнд тогтоосон хяналт, ноёрхлоо хэвээр хадгалахын зэрэгцээ экспортын шинэ гарцууд нээх, зах зээлээ тэлэх явдал юм. Оросуудын энэхүү бодлого эрчим хүчний экспорт нь дамжин өнгөрдөг зарим тааламжгүй харилцаатай хөршүүдэд дарамт шахалт үзүүлэх, тэдний хараат байдлаас гарах, стратегийн түнш орнуудыг өөртөө татах, нийлүүлэгч орнуудыг ч өөр хооронд өрсөлдүүлэн дундаас нь ашиг унагах, үнийг өндөр хэвээр барих зэрэг олон талын ил далд зорилго агуулж байна.
Дамжуулах хоолойг тойрсон зөрчил геополитикийн шинэ өрсөлдөөн бий болгож буй тодорхой жишээ бол Польш, Балтийн орнуудыг хилэгнүүлсэн Орос-Германыг холбосон Балтийн тэнгис доогуур тавих хийн хоолой, Монгол, Хятадын сэтгэлийг гонсойлгосон Зүүн Сибирь-Номхон Далайн газрын тосны дамжуулах хоолойн төслүүдийг нэрлэж болох юм. Энэ бүхэн Оросын дипломатууд гадаадын мэргэжил нэгтнүүдтэй хийх яриа хэлцээнд эрчим хүчний хүчин зүйлийг улам бүр хүчирхэг арга хэрэгсэл болгож буйг харуулж байна.
БАЯЛАГ ДАГАСАН БЭРХШЭЭЛҮҮД
Оросын газрын тос, хийн олборлох салбар болон эрчим хүчний нийт салбарт багагүй саад бэрхшээлүүд оршиж байна. Юуны өмнө олборлох салбарыг дагадаг голланд өвчин–тэй тэмцэх явдал юм. Оросын Сангийн сайд А.Кудрин энэ оны эхэнд ойрын 3 жилийн дотор энэ үзэгдлээс салахаа амласан боловч, хэрхэн яаж гэдэг талаар тодорхой дурьдалгүй өнгөрчээ. 1970–аад оны үнийн өсөлтийн үед Англи, Норвеги зэрэг орнууд газрын тосны компаниудынхаа орлогыг 20%-иар хязгаарлах замаар дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, инфляциас хамгаалж байлаа. Английн сангийн сайд Г. Браун ердөө өнгөрсөн оны 12-р сард мөн л Хойд Тэнгист газрын тос олборлодог компаниудынхаа орлогын татварыг 40%-с 50% хувь болгон өсгөх санал дэвшүүлжээ. Оросууд ч татварыг өсгөх иймэрхүү арга замыг сонгон тодорхой үр дүнд хүрч буй боловч цалингийн өсөлт, инфляцийг тогтоон барих үр дүнтэй арга замыг хараахан олж чадахгүй байна.
Оросын эрчим хүчний олборлох салбарын бас нэг бэрхшээл бол үр ашгийн бууралт, технологийн хоцрогдол юм. Байгалийн нөөцийн сайд Ю.Трутнев 5-р сард Түлш эрчим хүчний засгийн газрын комиссын хуралдаан дээр тавьсан илтгэлдээ энэ талаар онцлон тэмдэглэжээ. Оросын компаниуд газрын тосны батлагдсан нөөцийн ердөө 30-35% ашигладаг бол дэлхийн дундаж үзүүлэлт 50% байгаа ажээ. Анхан шатны боловсруулалт хөгжингүй орнуудад 90% хүрсэн байхад Орост энэ үзүүлэлт ердөө 70% байна. Үүний зэрэгцээ геологи хайгуулын ажлын хоцрогдлын улмаас батлагдсан нөөцийн хэмжээ буурах, олборлоход түвэгтэй, зардал ихтэй ордын хувийн жин нэмэгдэх, лиценз тойрсон олон асуудлууд, тухайлбал олборлолт эхлэх хугацаа, үүрэг хариуцлага тодорхойгүйн улмаас газрын тос, хий, нүүрс, ураны гол гол ордын 25-60%-д олборлолт эхлээгүй байгаа ажээ.
Олборлох салбарын дээрх байдлыг цэгцлэх, үндэсний эрх ашгаа хамгаалахын тулд төрийн хяналтыг сайжруулах үүднээс оросууд стратегийн орд газрын шалгуурыг шинэчлэхээр бэлтгэж байна. Эрчим хүчний түүхий эдийн үнэ огцом өсч, эх сурвалжийн төлөө тэмцэл ширүүсч буй өнөө үед Орос орон байгаа бүх баялгаа тараагаад өгч болохгүй бөгөөд дараа нь бусдаас худалдан авахад хүрбэл ухвар мөчид зүйл болох нь дамжиггүй хэмээн Оросын Байгалийн нөөцийн яамныхан үзэж байгаа ажээ.
Иймд тэдний боловсруулсан шинэ саналаар стратегийн нөөцөд тооцогдох шалгуурыг дараахь байдлаар тогтоож байна. Газрын тос -70 сая тн. ( өмнө нь 150 сая тн.), хий – 50 тэрбум шоо м. (1 триллион шоо м.), алт – 50 тн. (700 тн.), зэс – 500 000 тн. (10 сая тн.). Энэ шалгуурыг бэлэн орд газрыг дуудлага худалдаанд оруулах, геологийн судалгаагаар стратегийн томоохон ордыг нээн илрүүлэх үед ашиглах бөгөөд гадаадынхан нэгэнт нээн тогтоосон ордын хувьд тэд дотоодын компанид хувьцааны хяналтын багцаа (50%+1) худалдах үүрэг хүлээх ажээ.
Эрчим хүчний томоохон экспортлогч ОХУ-ын хувьд сүүлийн үед мэдрэгдэх болсон хачирхалтай нэгэн бэрхшээл бол цахилгааны хомсдол юм. В.Путин өнгөрсөн 6-р сард эрчим хүчний асуудлаар болсон нэгэн зөвлөлгөөн дээр Орос улсад 50 тэрбум квт/ц эрчим хүч дутагдаж байна, үүний улмаас бид ДНБ-ний нэмэлт 5%-ийн өсөлтөө алдаж байна хэмээн мэдэгджээ. Хэрэв эрчим хүчний системийн хөгжилд анхараал хандуулахгүй бол эдийн засгийн хөгжлийг саатуулж болзошгүйг мөн анхааруулсан байна.
Оросууд эрчим хүчний баялаг нөөцтэй Сибирь, Алс Дорнодын эрчим хүчний хомсдолтой байдлаа өөрчлөх, улмаар экспортлох чиг баримтлан урьд өмнө эхлүүлээд орхисон аварга УЦС- дын хөрөнгө оруулалтыг сэргээж байна. Үүнд Красноярскийн хязгаар дахь Ангар мөрний эрэг дээр барьж буй Богучаны УЦС (чадал 3000 МВт, ашиглалтанд орох хугацаа- 2009, хөрөнгө оруулалт – 5 тэрбум ам. долл), Амур муж дахь Бурейн УЦС (чадал 2000 МВт, ашиглалтанд орох хугацаа- 2008)- ыг нэрлэж болох юм.
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ОРОС ОРОН
Хэдийгээр дээр дурдсан судалгаагаар Монгол улсыг газрын тос, хийн хувьд бага хамааралтай орны тоонд оруулсан нь манай орны бодит байдлыг сайн мэдэхгүй, мэдээлэл хомс, импортын хэмжээ маш өчүүхэн зэрэгтэй холбоотой болов уу. Манай хойд хөрш нөлөөний хүрээн дэх улс орнуудаа хараат байдалд байлгах уламжлалт бодлогын горыг монголчууд нэлээд олон жилийн турш амсах бололтой. Монгол улс түлш, шатахууны хувьд бараг 100% Орос улсаас, түүний дотор нэг компаниас хараат байдалтай, баруун бүс тэр чигтээ хойд хөршөөс цахилгаанаа гуйж авдаг, төлбөрөө хожимдуулбал таслуулдаг байдалд байна.
Жараад онд Зүүнбаянд газрын тосны нэлээд нөөц байгааг тогтоон, олборлож эхэлсэн төдийгүй боловсруулах жижиг үйлдвэр байгуулсан боловч их гүрний далд бодлого үйлчлэн үйл ажиллагааг бүрэн зогсоосон билээ. Ингэхдээ оросууд Сибирьт газрын тосны асар их нөөц илэрсэн тул ах дүүгийн найрамдалт танай орон илүү зардал гаргах хэрэггүй, том ах найдвартай хангана хэмээн тайлбарласан сураг сонсдох боловч хараат байлгах сонирхол давамгайлсан нь одоо нэгэнт тодорхой болжээ.
Гэхдээ бидэнд ТУХН-ын орнуудыг бодвол нэлээд хэдэн давуу тал, боломж үлдсэн юм. Юуны өмнө Монгол улс тусгаар улс байсны хувьд түлш эрчим хүчний систем нь харьцангуй бие даасан, интеграци сул, үнэ ханшийн хувьд арай өндөр байсан нь ЗХУ-ын задралын дараа манай түлш, эрчим хүчний салбар зах зээлийн тогтолцоонд шилжихэд хялбар дөхөм байлаа. Бид хойд хөршөөсөө дэлхийн зах зээлийн үнээр бензин, шатахуунаа авдаг тул Украин, Молдав, Беларусь шиг үнийн дарамт, шахалтанд өртөхгүй, улс төр, дипломатын хурц зөрчлөөс ангид байж чадсан.
2-рт, Газар зүйн байршлын хувьд эрчим хүчний их урсгалын замд оршдог давуу тал хойшид улам бүр чухал үүрэг гүйцэтгэх төлөв ажиглагдаж байна.
3-рт, Бензин, шатахуун, техник тоног төхөрөөмж, бага хэмжээний цахилгааны импортоос бусад байдлаар ОХУ манай улсын эрчим хүчний салбарт нөлөө, хөрөнгө оруулалт бараг байхгүй гэхэд болно.
Сүүлийн жилүүдэд ОХУ-ын түлш эрчим хүч, уул уурхайн салбарын чиглэлээр гадагшаа тэлэх, нөлөөний хүрээгээ тэлэх эрчим хүчний идэвхитэй дипломат бодлогын тусгал Монголд ч хүрч эхэлж байна. ОХУ-ын ГЯЯ-ны сайд С.Лавров 2006 оны 3-р сард Монголд айлчлахдаа, улс орны нөхцөл байдлыг сайн мэддэг, хэлний бэрхшээл байхгүй гээд оросын бизнесменүүдийн хувьд хэд хэдэн давуу тал бий. Монгол Улс хөрөнгө оруулалтыг татахаар сонирхож буй бүх салбарт, тухайлбал уул уурхай, тээвэр, эрчим хүч салбарт Оросын компаниуд хөрөнгө оруулахад бэлэн байна гэж мэдэгдсэн нь үүний илрэл билээ.
Оросын Алтан Дорнод Монгол компани жилд 1.5 сая тн. газрын тос боловсруулах үйлдвэр Монголд байгуулахаа зарлаж, Монголын хамгийн том нүүрсний уурхай – Таван толгойн ордыг оросууд хамтран ашиглахыг сонирхож буй асуудал хэвлэлийн хуудаснаас нэгэнт хальж, эрх баригчдын түвшинд хэдийнээ хүрчээ. Коммерсант сонин мэдээлсэнээр Оросын Северсталь компанийн ерөнхийлөгч А.Мордашов өнгөрсөн 5-р сард Ерөнхийлөгч В.Путинд захидал илгээж, Тавантолгойн нүүрсний орд газарт 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, ингэснээр жилдээ 20 сая тонн нүүрс олборлон нэг тэрбум ам.долларын нүүрс борлуулах төлөвлөгөөгөө танилцуулж, энэ ордод хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Ерөнхийлөгч В. Путин ердөө маргааш өдөр нь уг захидалд дэмжье гэсэн цохолт хийсэн байна. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Фрадков удахгүй Монгол улсад хийх айлчлалын үеэр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд оролцохын зэрэгцээ хоёр талын харилцааны тулгамдсан асуудлууд, түүний дотор уул уурхай, эрчим хүч, тухайлбал Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хамтран ашиглах асуудлын талаар яриа хэлэлцээ хийх нь дамжиггүй буй заа.
Одоо бидний хувьд Оросын энэхүү санал, бодлого, үйл ажиллагаанд ямар бодлого, байр сууриар хандах, өөрт ашигтай ямар нөхцөл, шаардлага дэвшүүлэн тавих талаар шийдвэр гаргагчид сайтар бэлтгэх л чухал байна. Ний нуугүй хэлэхэд, энэ талын дорвитой судалгаа, ул суурьтай мэдээлэл үгүйлэгдэж байна. Монгол улс эрчим хүчний импортлогч орноос томоохон экспортлогч орон болоход Орос, Хятадын дунд байрласан стратегийн давуу талаа, эрчим хүчний нөөц баялгаа ашиглахад гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна.
Улс төрчид, бизнесменүүд хувийн ашиг сонирхлоо ядаж үндэсний эрх ашигтайгаа хослуулах цаг тулж ирээд байна. Эрчим хүчний эх сурвалжийн төлөөх дэлхий дахины шинжтэй зөрчил тэмцлийг оновчтой ашиглах, өрсөлдөөнийг хөрөнгө оруулалт, технологийн дэвшлийг татах хөшүүрэг болгох, улс орны аюулгүй байдлаа хэн нэгэн хүчирхэг орноор бус, харин харилцан хамаарлын түвшингээ нэмэгдүүлэх замаар хамгаалах түүхэн боломж бүрдээд байна. Монголчууд бид түлш эрчим хүчний салбараа богино хугацаанд эрчимтэй хөгжүүлэн эрчим хүчний хувьд хойш хөршийн хараат байдлаас гарахын сацуу өмнөд хөршийн эрчим хүчний чухал нийлүүлэгч болсны үр дүнд Монгол орны аюулгүй байдалд том дэвшил, бас нэгэн баталгаа бүрдэх болно.
Д. Шүрхүү
/Алтангадас сэтгүүл/