ХУВАЛЗ-нууд
УИХ-ын эрхэм гишүүн Ц.Сүхбаатар УҢЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Улсын нэгдсэн төсөвт Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж, шагналд нь МАХН-аас УИХ-д нэрдэвших од шүүрсэн гэдэг.
УНДЕГ-ын дарга М.Далайхүү юуны өмнө М.Энхболдын тэргүүлсэн Үндэсний Эв нэгдлийн Засгийн газраас Ц.Сүхбаатарын сохор ч зоосны ашиггүй үрэн таран хийсэн 200 гэруй тэрбум төгрөгийг нэхэж эхэлсэн нь Нийгмийн даатгал санхүүгийн чадавхигүй болж, Улсын нийгмийн даатгалынхан аргаа барах болсны анхны дохио гэлтэй.
Нийгмийн даатгал -Таны амьдралын баталгаа гэсэн чихэнд чимэгтэй энэ уриа дуудлагаар насан өндөр болсон хойноо нийгмийн даатгалаас хэдэн бор юм авч амиа зогоох гэсэндээ л даатгуулагчид урьдчилгаа болган мөнгөө даатгалын санд хийсээр байгаа. Нэрийнхээ дансанд овоо хэдэн төгрөг хийчихлээ гэж хүмүүс бодож байгаа. Харин нөгөөхийг нь Хувалз-нууд есөн шидийн аргаар сорохыг нь сорж, шимэхийг шимжээ.
Ийм Хувалз мэт хүмүүсийг УИХ-ын эрхэм гишүүн Ц.Сүхбаатар УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалд танил тал, худ ургаар нь цуглуулсан гэдэг. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг ийш тийш нь гувчуулж, идэж уухаараа үнэхээр гар нийлсэн хүмүүс. Тэрхүү бусармаг үйлдэл нь нийгмийн чиглэлийн энэ чухал салбарт олон жилээр хэвшил болсон нь үнэхээр эмгэнэлтэй.
Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг тардан хариуцагч нь Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Амар. Өөрийгөө зусардан бялдуучлагчдаар хүрээлүүлж авсан хүн. Нийгмийн даатгалд хөлтэй. Гадагшаа сүлжээ сайтай. Тэмтрүүл олонтой. Дээрээ УИХ-ын эрхэм гишүүн Д.Лүндээжанцан хэмээх харж үздэг бурхантай.
Ц.Сүхбаатар даргыгаа УИХ-ын гишүүн болох тэрхэн зуурт Б.Амар Нийгмийн даатгалын сангаар гайгүй сайн тоглосон байдаг. УИХ-ын гишүүн болсон даргадаа таван өрөө тохилог орон сууцыг гурван өрөөний үнээр тал засч олгосон гээд л бод доо. Б.Амарын тушаалаар зуу гаруй хүн нэг л өдөр нийгмийн даатгалын хөрөнгөөр орон сууцанд орох нь тэр. Энэ бол түүний танил тал нутаг усны гэх худ ургууд.
Нийгмийн даатгалын салбарт ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс ч Б.Амарын буянаар орон байртай болжээ. Б.Амарын балаг үүгээр дуусахгүй. Жил тутамд Пажеро жийп, Соната, Ланд круейзер гээд шинэхэн хөлгүүдийг даатгалын мөнгөөр авч сэлгэж тансаглана. Амар даргын зайдалсан хөлгүүд удалгүй доошоо бууж, түүний талынхны хөлийг дүүжлэх унаа болно.
Гэтэл бас түүнээс даана уу гэхээс дутахааргүй нэгэн Хувалз тэнд бий. Түүнийг Нийгмийн даатгалын Санхүү хяналтын хэлтсийн дарга Д.Далхжав гэдэг. Эдгээр Хувалз-ны гарын салаагаар жилдээ хэдэн зуун тэрбум төгрөг урсан өнгөрнө.
УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатар УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа өөрийнх нь бөгсийг ухаж болзошгүй гэж С.Эрдэнийг баахан харджээ. Тэдэнд сөрөг хүчнийхний шударга хяналт гай болж байгаа нь илэрхий боловч МАХН-ын Жигүүр-ийн М.Далайхүү тэднээс ч илүүднэ үү гэхээс дутахааргүй гай тарьж байна.
Нийгмийн даатгалын салбарт бугшсан идээ бээрийг нүдээр үзэж гараараа барьсан М.Далайхүү Шалз-Хувалз -ыг хөөж туух ажлыг эхлүүлжээ. Энэ нь Нийгмийн даатгалын салбарт олон жилээр урхагшсан авилгын сүлжээг анх удаа хөндсөнөөрөө даатгуулагчдын өмнө түүний байгуулсан гавьяа юм.
Нийгмийн даатгалд өртэй аж ахуйн нэгжийн үнэ цэнтэй эд хөрөнгийг хямдхан үнэлж, өндөр үнээр зарж, зөрүүг нь хувьдаа хамтран цохиж байсан Хувалз-ны сүлжээ задарна гэж юу байх вэ, дөнгөн данган сэмэрч байгаа энэ гэхүү дээ.
Дээрх нөхөд өртэй аж ахуйн нэгжийн эд зүйлийг туйлын хямдхан үнээр үнэлэн авч, өндөр үнээр худалдаж завшдаг гэх. Энэ бол өөрт олгогдсон төрийн өндөр албан тушаалыг урвуулан ашигласан онц ноцтой гэмт хэрэг биш гэж үү?
Тэд 1.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, бусад бараа бүтээгдэхүүн хураан авсан гэх боловч үнэндээ энэ нь дөнгөн дэнган 860 саяар үнэлэгджээ. Үнийн дүнгийн энэ их хол зөрүү тэдний хармааг зузаэлсан байж таарна.
Нийгмийн даатгалын санд өртэй аж ахуйн нэгжүүдээс хураагдсан барилга объектүүдийг дур мэдэн хэн нэгэнтэй сольж, арилжаа наймаа хийнэ. Олон арван аж ахуйн нэгжээс үнэлгээ нь үл мэдэгдэх бараа бүтээгдэхүүн хураажээ. Тэдний энэ балгыг С.Эрдэнэ цэгцлэхээр ажлын хэсэг гаргаад жил гаруй ноцолдоод дуусгаж чадалгүй халагджээ.
1996-2004 оны хооронд хураасан бараа бүтээгдэхүүн нь 480 сэя төгрөг гэх боловч өнөөдөр дахин үнэлгээ хийлгэхэд 480 сая байтугай 480 төгрөгөөр үнэлэгдэж мэдэхээр хэн ч тоохгүй хог байгэа гэх. Албан тушаалтны ардаа үлдээсэн балаг гэдэг бас цэвэрлэхэд хэцүү байдагбололтой. Одоо М.Далайхүү үзэлцээд дийлэх үгүйг мэдэх аргагүй.
Байдал бишдэж хусагдах нь нэгэнтээ тодорхой болсон Б.Амар дарга УИХ-ын дэд дар¬га, нутаг усны ах Д.Лүндээжанцандаа хандаж, М.Далайхүүд жавтий хүртээлгэжээ. Хувалз-нууд одоо УНДЕГ-аас М.Далайхүүг зайлуулах аян дайнд мордсон байна. Тэрхүү аяныг УНДЕГ-т Д.Далхжав тэргүүлснийг гайхах хэрэггүй.
Д.Далхжав М.Далайхүүг эрүүгийн цагдаагаар айлгаж, өрөөнд нь заамдан авч заналхийлсэн нь Чоно идсэн зэмэндээ гурав эргэдэг гэгчээр арав орчим хэлтэст байршуулсан хэдэн тэрбумд хүрэх мөнгөнийхөө хойноос амиа өгөхөөс ч буцахгүй улайрч яваагийн шинж гэх.
Тэрбээр би МАХН-д алдар гавьяатай хүн, Ч.Улаантай уулзахад юуг ч бүтээж чадна шүү гэж удаа дараа цээжээ дэлдэн омгорхсон нь Хувалз-ны сүлжээ хаана хүрч, ямар их хүчирхэгжсэнийг үүнээс илүүгээр яаж илчлэхэв.
Энэ жижигхэн түшмэл МАХН-д ямар гавьяа байгуулсан нь хэнд ч үл ойлгогдоно.
Үе үеийн дарга нар нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг идсэн уусан нэр хоч зүүж өнгөрдөг ч харин энэ ажлыг гардан гүйцэтгэгч ноён Д.Далхжав, Амар нар тойрон хүрээлэгчидтэйгээ ямар ч бохир уснаас цэвэр гарч чаддаг аргатай.
Шалгалаа, хяналаа гэхэд тэдэнд ямар ч хариуцлага ногдохгүй. Цагдаа, тагнуул, мөрдөн, аудитор, мэргэжлийн хяналт, тэр ч бүү хэл УИХ, Засгийн газарт хүртэл шимж сордог тэмтрүүлтэй. Харж хамгаалдаг хүмүүстэй.
Сүүлийн үед Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөө норм нь газар сайгүй тасарч, даатгуулагчдын эрсдлийг хамгаалах нь байтугай салбарынхаа хэмжээнд цалингаа тавих чадалгүй болж дампуурал нүүрлэжээ. Даатгуулагч иргэн бүрийн ирээдүйд учрах эрсдлээс хамгаалах мөнгөн хөрөнгөнд шигдсэн энэ олон Хувалз-ны сүлжээг нэн даруй цэвэрлэхгүй бол Нийгмийн даатгал бүрэн дампуурах нь ээ.
Монголын мэдээ 028 /2060/
С. Бүрэнзэвсэг