Ц.Нямдорж УИХ-ын намрын ээлжит чуулган зорилтоо амжилттай хэрэгжүүллээ
УИХ-ын намрын чуулганы хаалтын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү ажиллагаанд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд нар байлцсан юм. Харин УИХ-ын эрхэм гишүүдээс нэлээд нь ирээгүй байлаа. Хаалтын ажиллагааг хийхээс өмнө Үйлдвэр худалдааны сайдаа томилно гэж байсан ч МАХН-ын Удирдах зөвлөл гурван хүний нэрийг дэвшүүлж, хоорондоо маргалдаад шийдэлд хүрч чадаагүй гэнэ гэсэн бор шувуу саарал ордноор нисч байв. УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын намрын ээлжит чуулган өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүллээ гэж дүгнэсэн юм.
УИХ-аас гаргасан шийдвэрээр 2007 онд 400 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь сүүлийн найман жилийн бүх хөрөнгө оруулалтын нийлбэртэй тэнцэхүйц аж. Өдөр бүр тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 3635 км цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад өгч, 55 сумын төвийг эрчим хүчний төвлөрсөн системд холбох, Дөргөн, Тайшарын усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулж, Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлж, 75 мянган малчин өрхийг эрчим хүчээр хангаж, 2007-2008 онд баг бүрт хоёр худаг шинээр гаргахаар шийдвэрлэсэн аж.
Энэ удаагийн чуулганаар цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүхэд бүрт 100 мянган төгрөг, алдарт эхэд нас харгалзахгүйгээр 50-100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох, Ерөнхийлөгчийн санаачилсан Үдийн цай хөтөлбөрт нэгээс дөрөвдүгээр ангийн хүүхдийг хамруулах, орон нутагт тогтвортой ажиллаж байгаа багш нарт дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэлээ гэж УИХ-ын дарга Ц.Нямдорж хэлсэн юм.
Тэрээр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд хандаж 2007 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын хувь заяа Засгийн газар, яам, агентлаг, бүх шатны Засаг дарга нар хэрхэн ажиллахаас шалтгаална. Гаргасан шийдвэрийг цаг алдалгүй биелүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлан ажиллах шаардлагатай байна гэж хэллээ. Харин УИХ-ын гишүүдэд Төрийн бодлого, шинээр батласан хууль, шийдвэрийг таниулан сурталчлахад анхаарай, иргэдийн санал бодлыг анхааралтай судалж тө¬рийн бодлогод тусгах талаар идэвхтэй ажиллаарай гэж уриалсан юм. Эрхэм спикер үг хэлсний дараа төрийн дуулал эгшиглэснээр хаалтын ажиллагаа өндөрлөв. Үдээс хойш гэхэд саарал ордон эл хуль. Ардчилсан намын зөвлөлийн гишүүд УИХ-ын гишүүн Х.Баттулгын Женко тур бюро жуулчны бааз руу салхинд гарахаар явжээ.
Ардын эрх сонин 28 /560/
Г.Хишиг