Хийх ажилгүйдээ хүний хувцас гоочлох болоо юу
Саарал ордонд болж байгаа үйл явдал, сонин сайхан мэдээллийг өдөр бүр сурвалжилж, түмэн олондоо хүргэдэг сэтгүүлчид тэр өдөр ажилдаа яаран иржээ. Тэгтэл харуул, хамгаалалтын албаныхан тэднийг түр саатуулж, ажил хийх боломж олгосонгүй. Яаж гээч. Өмсөж зүүсэн хувцсыг нь гоочилж байгаад хаалга мөргүүлээд буцаасан. Зарим нэг нь учраа хэлээд урдуур хойгуур нь бөхөлзөх нь наагуур юм болж орсон сурагтай. Харин нөгөө хэсэг нь учраа хэлж гуйгаад ч нэмэр болоогүй гэнэ. Тэгээд тэд ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад л гэлдэрчээ. Гэхдээ тэд өмнө нь өмсдөг байсан хувцастайгаа иржээ. Тухайлбал, UBS телевизийн сэтгүүлч хар брюк, хошуу захтай ноосон цамц, FM-107 радиогийн сэтгүүлч хагас ханцуйтай ноосон цамц бас л хар брюк өмссөн байж. Энэ мэтчилэн хувцаслачихаад ажлаа хийж чадаагүй хөөгдсөн сэтгүүлчид юу гэж дуугүй байхав. Гэнэт юу болоод байгаа юм бэ. Өмсдөг хувцсаа л өмсчихсөн байна. Тийм л юм бол өмнө нь хэлэхгүй яасан юм бэ гэж бухимдаж.
Төрийн ордны харуул, хамгаалалтынхан гэнэт зангаа хувиргах болсон нь дээрээс ирсэн даалгаврыг биелүүлж байгаа нь тэр юм байх. Учир нь, эмэгтэй сэтгүүлчид сул задгай энгэртэй цамц, өвдөгнөөс дээгүүр юбка өмсдөг нь олны анхаарлыг их татдаг гэнэ.
Үүнээс болж УИХ-ын гишүүд болон төрийн албан хаагчид нь сэтгүүлчдийг хараад ажлаа хийж чадахгүй байгаа юм байх. Тиймээс төрийн ордонд зөвхөн үндэсний хувцас эсвэл костюмтай л оруулах юм гэнэ. Уг нь төрийн ордонд жийнсэн өмд, пүүзтэй оруулдаггүй гэдгийг хүн бүхэн мэддэг. Тиймдээ ч саарал ордонд цаазлагдсан эдгээр хувцсыг өмсөх том толгойтой хүн байдаггүй. Харин саяхнаас бас нэг гайхалтай зүйл сонсох нь тэр. Юу гэвэл, ноосон цамц өмссөн хэн гуай ч саарал ордоңд нэвтрэх эрхгүй болж байна.
Энэ бол дэндмээр байгаа биз дээ. За яахав УИХ-ын гишүүд болоод төрийн албан хаагчид гэрээсээ гараад л машинд сууж ажлынхаа үүдэнд буугаад паартай байшинд халуун кофе уун ажлаа тааваараа хийдэг болохоор даарч хөрөхийг мэддэггүй байх. Харин сэтгүүлчид өөр хүмүүс шүү, Хаана л үйл явдал өрнөж байна тэнд явган, нүцгэн гүйж явдаг юм. Тэд ганцхан Засгийн газрын ордонд ажилладаг ч юм биш. Ажилладаг байлаа ч өвлийн хүйтэнд дан даавуун цамц өмсөөд явахгүй нь ойлгомжтой. Хүн л юм чинь даарна, ханиад томуу хүрчихвий гээд дулаан цамц өмсөх нь мэдээж.
Гэхдээ бид төрийн ордноо хүндэтгээд ажил хэрэгч, цэвэрхэн хувцаслах ёстой ч зарим тал дээр эсэргүүцмээр. Тухайлбал, гэрэл зурагчин, зураглаачид костюм өмсчихөөд 10 гаруй кг-тай камер үүрээд хөлсөө арчаад явах юм уу. Байнга л хөдөлгөөнтэй байдаг тэд уг нь, хөнгөн чөлөөтэй хувцастай баймаар. Заавал ёслолын хувцас өмсөх албагүй биз дээ.
Ер нь гадаадын зарим улсад харин ч эсрэгээрээ байдаг гэсэн. Манай урд, хойд хөршийн төрийн ордонд ямар ч хувцастай явж болдог гэнэ. Жийнсэн өмд, пүүз, малгайтай цамц гээд. Уг нь өмссөн хувцсандаа биш хийж байгаа ажил нь чухал баймаар. Гэтэл манайд тийм биш бололтой. Шуудхан хэлэхэд, урдах ажлаа хийхгүй сэтгүүлчдийн өмссөн зүүсэнг харж явдаг завтай хүн л ийм гэнэтийн өөрчлөлт хийсэн биз ээ
(Өнөөдрийн монгол 28/449)
Ц.ХУЛАН