Олборлох үйлдвэрлэлээс зэс, алтны үйлдвэрлэл эрхлэгчид хамгийн их ашиг хүртдэг
Өнгөрсөн онд энэ салбараас улсын сан хөмрөгт 30-аад тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ бол зөвхөн олборлох үйлдвэрлэлээс олсон ашиг. Манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өнөөдөр олборлох үйлдвэрлэлийг явуулж байгаа. Тиймээс ч ойрын хугацаанд боловсруулалт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар төр засгаас нэлээд ажил хийхээр төлөвлөж байгаа билээ. Ингэснээр ашигт малтмалын салбараас олох ашиг хэд дахин өснө хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй. Олборлох үйлдвэрлэлийн салбараас олсон ашгийн хуваарилалт ямар байгаа талаар Нээлттэй нийгэм форум, Дэлхийн банкнаас судалгаа хийсэн байна. Судалгааны багийнхан эхлээд Монгол Улсын нутаг дэвсгэр доорх эрдэс баялагийн бэлтгэгдсэн нөөцийг олж тогтоож. Манай улсын хэмжээнд зэсийн найман сая тонн, хар тугалга, цайрын хүдрийн гурван сая тонн, цагаан тугалганы 10 мянган тонн, төмрийн 452.8 мянган тонн, ураны 50 мянган тонн, гянтболдын 70 мянган тонн, хайлуур жоншны 18 сая тонн бэлтгэгдсэн нөөц байдаг гэсэн тооцоог гаргажээ. Монголын экспортын 65-75 хувийг олборлох үйлдвэрлэлийн салбар эзэлдэг бөгөөд хамгийн их ашиг хүртдэг хүмүүс бол зэс, алтны үйлдвэрлэл эрхлэгчид гэнэ.
Тэд хэр их ашиг олсноо нуун дарагдуулдаг гэдгийг ч судалгааны багийнхан онцолсон. Тиймээс олборлох үйлдвэрлэлээс олох орлогыг ил тод болгохыг хэрэгтэй гэлээ. Харин олборлох үйлдвэрлэлийн орлогоос хамгийн бага ашиг хүртдэг хүмүүс бол ард түмэн гэнэ. Олборлох үйлдвэрлэл эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан хүмүүсийн олонх нь алтныхан аж. Тэрчлэн Монгол Улсад олборлох үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 50 гаруй хувийг төрийн өмчит гадаадтай хамтарсан компаниуд, 30 хувийг нь цэвэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, 20 гаруй хувийг нь манай дотоодын компаниуд эзэлдэг аж. Харамсалтай нь олборлох үйлдвэрлэл эрхлэгчид нөхөн сэргээлтийн ажлаа хийхгүй байгаагаас болж Монголын байгаль сүйдэж буйг судалгааны багийхан шүүмжилсэн юм. Олборлох үйлдвэрлэл эрхлэж байгаа чамгүй ашиг олдог атлаа нөхөн сэргээлтийн ажил хийхгүй байгаа дутагдал бүх л компаниудад байгаа бололтой.
Ардын эрх сонин 28 /560/
Ж.Эрхэс