Плющенкогийн салалт юу болов?
Жена, Маша хоёр
Комсомольская Правда сонин алдарт уран гулгагч Плющенкогийн гэр бүлийн талаарх сонирхолтой материал нийтэлжээ. Плющенко, түүний эхнэр Мария нар салахаар шийдээд байгаа энэ үед хосууд цаашид амьдралдаа ямар өөрчлөлт хийх, эд хөрөнгөө хэрхэн хуваах бол гээд олон асуулт уншигчдад сонирхолтой байгаа нь мэдээж.
Уг нь тэднийг спорт сонирхогчид төгс төгөлдөр гэр бүл гэж нэрлэдэг байлаа. Оросын алдарт уран гулгагч Плющенко, Маша нарт нэр хүнд, эд хөрөнгө гээд дутуу зүйл бараг байгаагүй Гэсэн ч тэд нэг л өдөр салах шийдвэр гаргасан нь зарим хүний хувьд гайхалтай шийдвэр байв. Гэхдээ Женя /Плющенко/-г дэмждэг, түүнтэй ойр дотно байдаг бусад хүмүүсийн хувьд энэ салалт олимпийн аваргын зөв байсан гэж үздэг.
Тэд гэр бүл болоод удаагүй байсан шүү дээ. Хоёр жилийн өмнө хуримаа хийснээр тэд гэр бүлж болж байсан нь саяхан мэт санагдана. Тэр үед Женягийн ээж бэрийнхээ талаар тун өндөр сэтгэгдэлтэй байсан юм. Гэхдээ дараахан нь тэр Мариягийн талаар Маша гэр бүл болохоосоо өмнө Женятай манайд амьдарч байхдаа маш сайн охин байсан. Харин тусдаа амьдрах болсноосоо хойш тэр их өөрчлөгдсөн хэмээн ярьсан байдаг.
Үнэхээр Маша тийм муу бэр байсан хэрэг үү. Энэ талаар Женягийн хуучин найз бүсгүй ярихдаа Плющенко биднийг үерхдэг байхад түүний ээж бидний хувийн асуудалд хэтэрхий их оролцдог байсан. Намайг Женяг архи уудаг, тамхи татдаг, элдэв клубээр зугаалдаг болсонд нь нөлөөлсөн гэж хүртэл буруутгадаг байсан. Харин Женяг тэр бурхан шиг тахиж, үргэлж өмгөөлдөг. Бурууг зөвхөн над руу чихдэг. Одоо энэ ээлж Машад ирж байх шиг байна хэмээн нэрт уран гулгагчийн ээжийг буруутгасан байдаг. Гэхдээ яг үнэндээ бол тэдний салсан асуудалд Марияг буруутгах хүн илүү олон.
Женягийн салсан эхнэр Мария Ермак гэж хэн бэ гэдэг танд сонин байгаа байх. Тэр маш баян айлын охин. Аав нь Петербург хотод бизнес эрхэлдэг. Магадгүй, ийм чинээлэг айлын гэр бүлд төрж өссөн болохоороо тэр Плющенког өөрөөсөө илүү гэж боддоггүй ч байж болох юм. Ямар ч байсан тэр олимпийн аварга нөхөртэй гэдгээрээ нэг их бахархаад байдаг хүн биш юм. Жишээ нь, тэр нөхрийнхөө одоогийн байгаа байдал, амжилт, нэр хүндэд нь сэтгэл дүүрэн байдаггүй.
Энэ нь түүний Женягийн гарын үсгийг авах гэсэн, түүнтэй уулзахыг хүссэн олон мянган шүтэн бишрэгчдийг нь тээртэй гэж тодорхойлсон байдгаар илэрдэг. Тэр Женяг бусдад биш, тэр байтугай спортод ч биш, зөвхөн өөрт нь цаг зав гаргахыг илүүд үздэг. Гэтэл Плющенко ихэнх цагийг тэмцээн, аялан тоглолт, телевизийн шоу, бэлтгэл гэсээр өнгөрөөдөг. Хосууд салах болсон маргаан чухам эндээс эхэлжээ. Нөгөөтэйгүүр Маша аав, ээжтэйгээ нийлэн нөхрийгөө спортоос хөндийрүүлж, өөрсдийн гэр бүлийн бизнест татан оролцуулах гэсэн нь Женяд таалагдаагүй байна. Плющенко зөвхөн өөрийнхөө хүчээр л амьдралаа авч явахыг хүсдэг тухайгаа ч хэлсэн байдаг. Мэдээж хэрэг түүнд уран гулгалт нь хамгийн чухал. Харамсалтай нь түүний хадмууд болох Ермакын гэр бүлийнхэн түүний амжилтыг бараг л үл ойшоодог байжээ.
Өөр нэг шалтгаан нь, Женягийн эхнэрийн дэндүү хартай байдал. Тэр бараг нөхрийгөө харсан эмэгтэй болгонтой нь харддаг байсан гэхэд буруудахгүй. Хамгийн сүүлд гэхэд тэр Женяг олимпийн аварга Татьяна Тотьмянинтай хардаад авсан. Энэ бүх шалтгааны улмаас тэд салах нь бараг тодорхой болчихсон байсан ч хараахан хоёр тийшээ болоогүй байсан. Харамсалтай нь, өнгөрсөн шинэ жилээр Плющенко Москвад болсон нэгэн ёолконд эхнэрээ дагуулж яваагүйн улмаас тэдний маргаан дээд цэгтээ хүрч, төгс төгөлдөр хосууд бүрмөсөн салахад хүрчээ. Алдарт тамирчны гэр бүлийн амьдралын ээдрээтэй асуудал товчхондоо ийм. Харин одоо тэдний дунд эд хөрөнгөө хэрхэн хувааж авах тухай асуудал үлдэж байгаа. Петербург хотын өмгөөлөгч Екатерина Зерновын ярьснаар, тэд гэр бүл болсноосоо хойш хуримтлуулсан эд хөрөнгөө 5050 хувиар нь тэнцүү хувааж авах ёстой бөгөөд хэрвээ хоорондоо ямар нэгэн гэрээ байгуулсан бол тэр нь үйлчлэх гэнэ.
Мария хүүхдээ авч үлдэх нь бараг тодорхой учир хуулийн дагуу энэ хөрөнгөнөөс түүний эхнэрт арай илүү хувь очих ёстой. Гэхдээ үүнд гэр бүл болохоос өмнө нөхөрт нь байсан хөрөнгө ямар ч хамаагүй. Мөн тэднийг эхнэр, нөхөр байх хугацаанд Женягийн шагнуулсан мөнгө, машин зэргээс Маша хуваалцах эрхгүй аж. Хэрвээ тэр нөхрөө ямар нэгэн тэмцээнд оролцоход нь санхүүгийн тусламж үзүүлэх зэргээр бодитой тусласан бол харин түүний шагналын мөнгөний 25 хувийг авах эрхтэй. Бас тэр хүүхэдтэйгээ хамт амьдрах учир Женягийн цалингийн 25 хувийг авна. Ямартай ч хуулийн дагуу тэд иймэрхүү байдлаар цаашид хөрөнгө, мөнгөнийхөө асуудлыг шийдэх аж. Харин тэд хэдий хэмжээний хөрөнгөтэй хүмүүс вэ…
Женя эхнэр авахаасаа өмнө Карелын хоолойд 900 мянган ам.долларын үнэтэй хувийн орон сууц, худалдан авчээ. Маша ч бас өөрийн гэсэн хувийн сууцтай. Үүнийг аав нь түүнд бэлэглэсэн бөгөөд хотын төвд байрлалтай тэр сууц 500 мянган ам.доллар гэнэ. Харин гэрлэснийхээ дараа тэд 70 мянган ам.долларын Геленваген жип машин худалдаж авсан, Турины олимпийн дараа Ерөнхийлөгч Путин 80 мянган ам.долларын үнэтэй Тоёота ланд крузер бэлэглэсэн гээд хоёр гурван машинтай болжээ. Харин олимпийн аваргын хувьд тэрээр спонсоруудаас 60 мянган ам доллар, Оросын Ерөнхйилөгчөөс 50 мянган ам.доллар, Петербург хотын захиргаанаас 30 мянган ам.долларын шагнал авсан. Дээр нь 30 мянган ам.долларын алтан цаг, Петербург хотын захиргаанаас бэлэглэсэн орон сууц, мөн аялан тоглолтын орлого болох 500 мянган ам.доллар, реклам сурталчилгаа, телешоунаас олсон хэдэн арван сая ам.доллар гээд их хэмжээний орлоготой тамирчин. Тэгэхээр Женя Машагаас салсан ч чамлахааргүй их хөрөнгөтэй үлдэх бололтой. Гэхдээ мэдээж Маша ч бас олимпийн аварга нөхрөөсөө тодорхой хэмжээний хөрөнгө хүүдээ өвлөж үлдэх нь ойлгомжтой. Ямар ч байсан Оросын алдарт тамирчин гэр бүлээсээ бүр мөсөн салахаар шийдсэнээ баталгаажуулж, одоо тэд эд хө¬рөнгөө хэрхэн хуваах талаар хөөцөлдөж эхэллээ.
Ардын эрх сонин 28 /560/
Б.Бадмаа, Д.Энхбат