Би энэ тоглолтоороо юу хэлэхийг хүсч байгаа нь чухал, тийм үү?
-Сонин юу байна, Дээгий?
-Ажил л их байна даа. Цагаан сарын өмнө эмээ, өвөө нартаа зориулж үнэгүй тоглолт хийх гэж байгаа. Тэрний бэлтгэл ажил гээд жаахан завгүй л байна.
-Гэхдээ энэ тоглолт чинь шинэ жилийн үеэр болно гэж байгаагүй бил үү?
-Уг нь тэгж бодож байсан. Гэхдээ шинэ жилийн үеэр арай л зохимжгүй юм шиг санагдаад хойшлуулсан юм.
-Шинэ жилийн дараа яаж амрав?
-Амрах ч юу байхав дээ, Өвөрмонголын нэг компанитай хийсэн гэрээний дагуу тэнд очиж хэд хоног болоод ирсэн.
-Одоогийн тоглолтоо яг хэдийд хийх юм бэ?
-Энэ сарын 16, 17-нд болно. Үнэгүй тоглолт шүү дээ. Эмээ, өвөө нар иргэний үнэмлэхтэйгээ ирээд УБ-Палас-ын кассаас тоглолтын тасалбарыг үнэгүй авна. Гэхдээ тэднийг дагаж ирсэн хүүхэд, ач, зээ нар нь тоглолт үзэх боломжгүй.
-Яагаад, тэгээд тэд тоглолтын турш гадаа хүлээх хэрэг үү?
-Яагаад болохгүй гэж. Хоёрхон цаг эмээ, өвөөгөө, аав, ээжийгээ хүлээж болохгүй гэж үү. Гоё тоглолт хийх гэж байхад надад битгий хүндрэл учруулаарай гэж хүсэх хэрэгтэй байх, тийм үү. Гэхдээ би сайхан тоглолт болно гэдгийг амлая. Дөрвөн ардын жүжигчин дуулна. Д.Цогзолмаа, Г.Хайдав, Д.Жаргалсайхан, Б.Зангад гэсэн дөрвөн сайхан ардын жүжигчин. Хамгийн гол нь энэ тэдэнд таалагдах байх. Миний хувьд тоглолтыг санаачилж байгаа. Мэдээж хэрэг өөрөө дуулна.
-Ямар дуунууд байх бол. Миний бодлоор Дээгий ихэвчлэн залууст зориулж дуулдаг шүү дээ?
-Гэхдээ надад тэдэнд дуулж өгөх сайхан дуунууд байгаа шүү. Бурхан буурлууд, Наянбулаг…Мэдээж би Чамайгаа үнсье гээд орилоод байвал юу болох билээ. Хуучны дуунуудаас бас дуулна.
Газар холоос санахад
Гаднаа бүртийж харагдах юм эсвэл
Ай даа хүмүүс минь амьдрах сайхан
Амьдын жаргал энэ л юм шүү дээ гээ л дуулах нь байна ш дээ. Ямар сонсогдож байна.
-Дажгүй шүү?
-Гэхдээ энэ тоглолтоороо би юу хэлэхийг хүсч байгаа нь чухал тийм үү?
-Мэдээж?
-Залуучуудад хандаж нэг зүйлийг ойлгуулмаар байгаа юм. Би өөрөө залуу хүн. Миний адил мянга, мянган залуучууд, хүүхдүүд Монголд байгаа биз дээ. Нэг л их гоё залуучууд…Бидний үеийн залуус хүүхэд байхдаа хөнгөхөн тортой юм барьсан хөгшин хүнийг хараад гэрт нь хүргэж өгдөг байсан. Үнэн шүү. Настай хүнийг хайрладаг байсан. Гэтэл одоо тийм хүүхэд байтугай ухамсартай залуу хүн байна уу…Бараг л байхгүй. Ер нь байхгүй дээ. Гэтэл бид хэний бүтээсэн нийгэмд өсч, торниж, хүмүүжчихээд хэнтэй яаж харьцаад байгаа юм бэ. Настай хүнийг нэг биш хоёр нүдээрээ эргэж харахгүй бол хүн болсны хамгийн том алдаа энэ. Би л хувьдаа тэгж боддог. Бид тэртэй, тэргүй хүссэн хүсээгүй бүгдээрээ л эмээ, өвөө болно. Тэгэхэд биднийг хүндэлж, хайрлах байтугай хүн чинээ тоохгүй байвал ямар эмгэнэлтэй гээч. Тоглолт хоёр өдөр болно гэхээр зургаан мянган хүн үзэх боломжтой. Энэ хотын утаа, униар, ээдрээтэй амьдралд толгой нь өвдөж суугаа хэдэн буурал ганц өдөр гоё дуу сонсог л дээ. Сэтгэлийн цэнгэл амсаг. Тэр сайхан ардын жүжигчидтэй уулзаг. Тэгэхээр би буурлууддаа хандаж Та хүн шүү гэдэг ганцхан өгүүлбэрийг дуугаараа хэлэх гэж л бодсон.
-Ингэхэд тоглолт хийх төлөвлөгөөгөө хэзээ гаргав?
-Хэзээ ийм санаа төрсөн юм гэж үү. Хоёр жилийн өмнө. Миний хүндэлж явдаг Ганболд гэж залуу байдаг юм. Тэр надад их сонин амьдрал ярьж өгсөн. Эмээ, өвөөгийнхөө хайранд өлгийдүүлж өссөн хүн л дээ. Тэр үед л ийм тоглолт хийвэл сайхан юм байна гэж бодогдож байлаа. Харин одоо л хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
-Дээгий өөрөө эмээ, өвөөгийн хүүхэд байсан уу?
-Тэгэлгүй яахав. Ээжийг маань бүр бага байхад аав, ээж хоёр нь өөд болсон учир би тэдний тухай сайн мэдэхгүй л дээ. Харин аавынхаа аав, ээж хоёрт бол би хамгийн хайртай ач нь байсан. Хамгийн том хүүгийнх нь том хүү, ууган ач нь болохоор тэд надад их хайртай байсан. Харамсалтай нь тэд маань өнөөдөр миний тоглолтыг үзэж чадахгүй л дээ. Өнгөрсөн жил бурхан болсон юм. Хөвсгөлд амьдардаг байсан. Тэр хавийнхаа хөгшчүүлд ярьдаг байсан гэсэн. Миний хүү одоо ирж дуулах гэж байгаа. Тоглолтоо хийх гэж байгаа гэж. Би уг нь тэр үед хөдөөгүүр тоглолт хийгээд Хөвсгөл рүү явах төлөвлөгөөтэй байсан юм. Даанч уулзаж амжаагүй л дээ. Би тэр хоёрыгоо хөгшин аав, хөгшин ээж гэж дууддаг байлаа. Хоёр сайхан буурал байсан даа. Бурхан буурлууд тоглолтоор би тэр хоёртоо хүргэж амжаагүй аялгуугаа сонсгож байна гэж бодож байгаа.
-Тоглолт яг хэдэн цагаас болох билээ. Битүүн болохоор хөгшчүүл ирж амжих болов уу?
-Тэрийг бодолцолгүй яахав. Тоглолт 16 цагаас. Гэгээтэй, гэрэлтэй байхад эхэлнэ.
-За тэгэхээр, ямар ч байсан тоглолтод чинь амжилт хүсье. Таны шинэ цомгийн борлуулалт хэр байна?
-Сайн байгаа. Тоглолтын талаарх ярианыхаа төгсгөлд нэг зүйл нэмээд хэлчих үү?
-Юу билээ?
-Тоглолтын ерөнхий спонсор Алтай констракшн, Мөнхийн үсэг компани, бүх телевизийн уран бүтээлчид, УБ-Палас-ын хамт олонд дэмжиж байгаад талархал илэрхийлэхийг хүсч байна. Иймэрхүү үгийг хасаад хаячихдаг тал бий шүү /инээв/. Нэгэнт тэр хүмүүс сэтгэл санаа, хөрөнгө мөнгөөр тусалсны хүчинд уран бүтээл төрж, уран бүтээлчдийн санаа биелдэг учраас урлаг, спортыг дэмжиж байгаа хүмүүсийг бичиж л байх хэрэгтэй.
-Цомгийнхоо талаар, бас өөрийнхөө бие даасан тоглолтыг хэзээ хийх тухай ярих уу?
-Надад итгэ цомгийн борлуулалт маш сайн байгаа шүү. Азтай аавын хүү Нархан хотхонд хоёр өрөө байрны түлхүүр гардана. Зургадугаар сарын 1-нд тэр азтанаа тодруулна. Тоглолт ч бас тэр үед. Зургадугаар сарын 1-нд төв цэнгэлдэхэд үзэгчидтэйгээ уулзана даа.
-Номин талст хамтлагаар сонин юу байна?
-Манай хамтлагийн 10 жилийн ой энэ жил болно. Бид энэ баяртаа бие даасан уран бүтээлүүдээрээ бэлэг барихаар ажиллаж байгаа.
-Чи яараад байгаа болохоор одоо ганц л асуулт асууя, Дээгий. Саяхан өөрийг чинь МАХН-ын гишүүн болсон гээд л хэвлэлээр гараад өнгөрлөө. Энэ үнэн юм болов уу?
-/Инээв/. Урлаг, спорт хоёр улс төрд хамаагүй. Ялангуяа урлаг. Уран бүтээлч хүн ард түмний өмч шүү дээ. Гэхдээ мэдээж өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой. Өнөөдрийн хийж бүтээж байгааг нь хараад, нийтэч, атгасан гар шиг хүчтэй байдаг болохоор нь Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд би МАХН-ыг дэмжиж явдаг.
-Тэгэхээр элсээгүй гэсэн үг үү?
-Элсээгүй ээ. Гэхдээ дэмждэг шүү. Дэмжлээ гээд харин Дээгийг улс төртэй холбож яривал утгаа алдах байх. Би хэзээд ч дуучин хэвээрээ л байх болно. Мэдээж хэрэг итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн ертөнцтэй, үзэл бодолтой, тийм л уран бүтээлч хэвээрээ байх болно.
Ардын эрх сонин 28 /560/
Б.Бадмаа