УИХ-ын гишүүн Л.Одончимэд Цагаан сараар 250 гаруй гийчин манайд зочилдог
-Шинийн нэгний өглөө мэдээж мөрөө гаргадаг байх. Дараа нь Төрийн ордондоо ирж төрийн тэргүүнүүдтэй золгочихоод айлчин гийчин хийдэг үү?
-Шинийн нэгний өглөө эрт мөрөө гаргадаг. Монголчууд нар мандахаар шинэлдэг заншилтай шүү дээ. Түүнийхээ дараа хоёр өндөр настандаа хамгийн түрүүнд золгодог юм. Манай гэр бүлийн хүний өөрийнх нь төрсөн ээж 90 настай, өргөж авсан ээж нь 93-тай сайхан буурлууд байдаг. Тэр хоёртоо эхэлж золгосноор ах, дүү нар цугласан өргөн золголт манай гэрт болдог юм. Тэгээд 10 цагийн орчимд Төрийн ордондоо ирж төр засгийнхаа тэргүүнүүдтэй золгодог. Энэ заншлаар л шинийн нэгний золголт эхлэнэ дээ.
-Өндөр настай хүн байдаг болохоор олон гийчин ирдэг байх. Барагцаалбал хичнээн хүн танайд зочилдог вэ?
-Манайх жил бүр өндөр настан, хүүхэд гээд нэр гаргаж байгаад цагаан сарынхаа бэлтгэлийг хийдэг. Өнгөрсөн жил ээж маань бурхан болсон учир манай талынхан золгоогүй. Хоёр хөгшинтэйгээ л золгосон. Ээжийг байхад 250-260 хүн ирж золгодог байсан. Энэ жил манайхан бүгдээрээ золгох учраас мөн тэр хавьцаа тооны хүн цуглах байх. Мөн миний хуучин ажиллаж байсан Улаан загалмайнхан, рашаан сувиллынхан, Дорноговийнхон ирж золгодог. Дээрээс нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас нэлээд хүмүүс ирж золгох байх.
-Олон зочин гийчинтэй байх нь ээ. Ер нь хэдэн өдөр золголт үргэлжилдэг бол?
-Ер нь шинийн гуравныг дуустал золгоно л доо. Гэхдээ эхний өдөр өөрийн талын хүмүүс ихэвчлэн золгодог.
-Цагаан сараар хичнээн төгрөгний зардал гаргадаг вэ?
-Ууц, идээ, бэлэг сэлт гээд зардалууд нэлээд гардаг л даа. Нэг сая орчим төгрөгний зардал гардаг. Зарим жил нэг сая төгрөгнөөс жаахан давдаг. Ямар бэлэг бэлдэж байгаагаас шалтгаалаад хэлбэлздэг юм.
-Cap шиний баяраар мэдээж Монгол дээлээрээ гоёдог байх. Та хаанахын хэн гэдэг уран гартнаар гоёлоо оёулдаг вэ?
-Ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын оёдолчин Лхагваа гэж эмэгтэй миний цагаан сарын гоёлын дээл, малгай, хөөрөгний даалин, хантаазыг оёж өгсөн. Тэрнийг нь жилдээ нэг өмсдөг юм. Одоо бараг дөрөв тав дахь жилдээ өмсөж байна даа.
-Өнгөний тухайд нарийн сонголт хийнэ биз?
-Өөртөө зохисон өнгөөр л хийлгэдэг. Миний дээл хар ногоон өнгөтэй.
-Сүүлийн үед манайхан дээлээрээ гоёдог болоод байгаа. Гоёлын дээл олон бий юу?
-Цагаан сараар гэртээ өмсөж золгодог дээлээ төр, засгийн тэргүүнүүдтэйгээ золгохдоо өмсдөг. Харин наадмаар өмсөх дээл, хөдөө явахад өмсөх дээл, тэгээд хавар намар өмсөх дээл, өвөл өмсөх хурган дээл гээд тав зургаан дээл бий. Энэ дашрамд Өглөөний сонин-оор дамжуулж Дорноговь, Говьсүмбэр аймгийнхандаа, тэнд байгаа ахмадууд. миний хүндэлж явдаг бүх хүмүүс, уяачид, манай боржигоны шагай харваачид, Азжаргал арсландаа cap шиний баярын мэндийг дэвшүүлж алтан гахай жилдээ аз жаргалаар дүүрэн байгаарай гэж ерөөмөөр байна.
Өглөөний сонин 2007.02.10