Ц.Нямдорж Заримдаа Засгийн газарт хатуурхах үе гарч байгаа. Энэ бол төрийн ажил хэвийн явж байгаагийн шинж
Энэ хугацаанд нийт долоон бие даасан хууль баталж, 40-өөд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн намрын чуулганаар гурван асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллажээ. Ашигт малтмалын тухай хууль болон, Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт тус тус оруулсан байна. Мөн 2007 оны Монгол Улсын төсөв болон Үндсэн чиглэлийг хэлэлцэж баталсан нь намрын чуулганы гол ажил болсон аж. Ингээд түүний сэтгүүлчдийн асуултад хариулсныг дэлгэрэнгүй хүргэж байна.
-Намрын чуулганаар энэ оны төсвийг хэлэлцэж баталсан. Манай улсын төсөв хоёр дахь удаагаа ашигтай гарч байгаа. Харин төсвийн ашгийг юунд илүү зарцуулж байгаа вэ?
-Монгол Улсын 2006 оны төсөв дахин ашигтай гарч, 2007 оны төсвийн орлогыг 1,293 тэрбум төгрөгт хүрч, харин зарлагыг 1,430 тэрбум төгрөгөөр тооцоод байгаа. Энэ бол Монгол Улсын түүхэнд байгаагүй том хэмжээний төсөв. Энэ төсвийн зөвхөн хөрөнгө оруулалтын төсөв нь гэхэд 390-ээд тэрбум төгрөгт хүрч, сүүлийн найман жилийн хөрөнгө оруулалтын хэмжээтэй тэнцэх ийм хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан. Өөрөөр хэлбэл, төсвийн Үндсэн чиглэл Монгол Улсын эдийн засгийн чадавхи сайжирсныг харуулж байгаагаараа онцлогтой. Төсөв батлахад хоёр үндсэн зөрчил байсан. Нэг нь татварын , нөгөө нь нийгмийн хамгааллын арга хэмжээг эрс сайжруулах ийм нөхцөлд төсвийг баталсан. Өнгөрсөн онд Татварын багц хууль батлагдаж, хүн амын орлогын албан татварыг гурван шатлалтай байсныг нэг шатлалтай болгож, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 15, 30 гэсэн хоёр шатлалтай байсныг 10, 25 болгож бууруулсан. Үүний зэрэгцээгээр 100 сая төгрөгий орлоготой бол 30 хувийн татвар авдаг байсан бол шинэ хуулиар 30 тэрбум төгрөгөөс дээш орлоготой бол 25 хувийн татвар авч байхаар татварын хэмжээг буурууллаа. НӨАТ-ын хэмжээ 15 хувь байсныг 10 хувь болголоо. Өнгөрсөн 2006 оны төсвийн тодотголоор цалин, тэтгэврийг 25 хувиар нэмсэн. Энэ жилийн тухайд дахиад цалинг 20 хувиар, тэтгэврийг 15 хувиар нэмэх шийдвэр гарч байна. Жил хүрэхгүй хугацаанд цалинг 50-иад хувиар, тэтгэврийг 30-аад хувиар нэмэгдүүлсэн шийдвэр гаргалаа. Цалин, тэтгэвэр нэмэгдэхээс гадна намрын чуулганаар хүүхэд бүрт олгох 100 000 төгрөгийн асуудлыг шийдлээ. Мөн шинээр гэр бүл бологсдод олгох 500 000 төгрөгийг үргэлжлүүлж олгохоор шийдсэн. Дээрээс нь Ерөнхийлөгчийн санаачилсан Үдийн цай хөтөлбөрт өмнө нь 1-2 дугаар ангийнхан хамрагддаг байсан бол одоо дөрөвдүгээр анги хүртэл хамруулж, улсын төсвөөс нэмж 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдлээ. Эхийн алдарт 1, 2 дугаар зэргийн одонтой эхчүүдэд давхардуулахгүйгээр нэгдүгээр одонтой бол 100000 төгрөг, хоёрдугаар одонтой бол 50000 төгрөгийг жигд нэг удаа олгох шийдвэр гарсан. Энэ мэтчлэн нийгмийн хамгааллын чиглэлээр илүү түлхүү анхаарсан төсөв болсон. Мөн энэ жилийн төсвийн нэг онцлог нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх арга хэмжээний жагсаалтыг анх удаа УИХ баталсан. Энэ арга хэмжээ өмнө нь Засгийн газраар батлагддаг байсан. Энэ бодлогын хүрээнд хоёр гол асуудалд анхаарлаа хандуулсан гэж хэлж болно. Нэгд, эрчим хүчний асуудал. УИХ-ын даргын захирамжаар эрчим хүчний чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Мөн Р.Буд гишүүнээр ахлуулсан автозамын чиглэлээр санал боловсруулах ажлын хэсэг тус тус байгуулагдсан. Энэ хоёр ажлын хэсэг төсөв хэлэлцэх үеэр ажиллаж, нэмэлт санал оруулж ирсэн. Энэ жилийн хувьд 114 сум, суурин эрчим хүчний төвлөрсөн системд холбогдож байгаа. 2007 оны хувьд энэ хэмжээг тав дахин ихэссэнтэй тэнцэх газар эрчим хүчний төвлөрсөн системд холбох шийдвэр гарсан. Нийтдээ 55 сумын эрчим хүчний төвлөрсөн системд холбох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тавигдаж байгаа гол зорилго бол энэ онд багтааж, эрчим хүчний төвлөрсөн системд харанхуй үлдэж байгаа бүх сумдыг холбох төлөвлөгөөтэй байгаа. Дээрээс нь энэ жил хөдөөгийн 75000 өрхийг нарны эх үүсвэрээр гэрэл цахилгаантай болгож, ядаж нэг телевизор үзэх нөхцөлийг бүрдүүлэх талаар шийдвэр гарсан. Өнгөрсөн жил 50-иад мянган өрхийг энэ хөтөлбөрт хамруулах шийд гарсан байсан ч холбогдох яамны төвшинд тендер шалгаруулах явцад будлиан гарч, цаг хугацаа алдчихлаа. Уг нь өнгөрсөн жил 50000 өрхийг гэрэл цахилгаантай болгосон бол энэ жил 75 000 өрхийг нэмж шийдэх боломжтой байлаа. Иймд энэ жил нийт 120 гаруй мянган өрхийг нарны эх үүсвэрт холбох ажил шийдэгдэх байх. Хоёр дахь том чиглэл нь автозамын асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Мянганы замын ажил хэрэг дээрээ зогссон байсан, үүнийг үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Энэ жил 26 тэрбум төгрөгийг Засгийн газрын санал дээр нэмж, тал тал тийшээ явж байгаа замыг үргэлжлүүлэхээр болсон. Мөн энэ намрын чуулганаар шийдвэрлэсэн нэг гол асуудал бол түлш эрчим хүчний болон ашигт малтмалын асуудлыг УИХ-аар хэлэлцдэг шинэ жишиг тогтоосон. Энэ дагуу намрын чуулганаар ашигт малтмалын 17 орд газрыг стратегийн ач холбогдол бүхий ордоор зарлалаа. Мөн 37 ордын нөөцийг нь шинэчилж тогтоож, шаардлагатай бол стратегийн орд газарт хамааруулах саналыг боловсруулж ирэхийг Засгийн газарт эрхийг нь өглөө. 2007 онд Дөргөний болон Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орно. Чадвал БНХАУ-аас авах 300 сая долларын зээлээр Эгийн голын УЦС-ыг барьж байгуулах ажлыг эхэлнэ. Ийм ажил хэргийг шийдвэрлэсэн чуулган болсон. Товчхон хэлбэл, намрын чуулган өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн.
-Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг та юу гэж үзэж байна?
-Намрын чуулганы хугацаанд Засгийн газрыг огцруулах асуудал оруулж ирсэн. Үүнийг хэлэлцээд огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Түүнчлэн хоёр ч сайдын асуудлыг оруулж ирлээ. Хуулиараа ярих юм бол Засгийн газар гүйцэтгэх байгууллага, УИХ хууль тогтоох дээд байгууллага. Засгийн газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг. Муу ажиллавал УИХ хариуцлага тооцдог гэдэг утгаараа дээрх асуудал Үндсэн хуулийн хүрээнд болж өнгөрсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Ер нь цаашдаа төрийн эрх бүхий байгууллагууд Үндсэн хуулийн хүрээнд олгогдсон эрхийнхээ дагуу харьяалах байгууллагадаа ажлаа тайлагнадаг жинхэнэ төрийн хэлбэр рүүгээ явж байна гэж ойлгож болно. Цаашдаа ч гэсэн УИХ, Засгийн газрын харилцааны асуудал ийм хуулийн хайрцган дотор явагдаж, УИХ бодлогоо, тодорхойлж, шийдвэрээ гаргаж, Засгийн газар нь гаргасан шийдвэрийг нь гүйцэтгэж хэрэгжүүлж, гүйцэтгэж чадаагүй тохиолдолд УИХ нь хариуцлага тооцдог. Энэ бол төрийн ажлын зөв хэлбэр. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль амьд байгаагийн шинж. Ерөнхий улстөрийн нөхцөл байдал амаргүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ хурцадмал нөхцөл байдлын үед тал талаасаа ярилцаж байгаад УИХ-д суудалтай гол намууд төрийн хэргийг эх орны эрх ашгийн үүднээс хамтран шийдвэрлэж, чадаж байна гэдгээ бас харуулсан. Олон жилийн турш хуримтлагдсан улстөрийн хувьд ээдрээ, маргаантай олон асуудлыг шийдсэн. Жишээ нь, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг шинэчилж чадсан нь олон жилийн улбаатай хэрэг явдлы^ шийдсэн гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн гэсэн гурван сонгуулийн хууль манайд байдаг. Энэ хуулийн орчныг сайн болговол төрийн тогтвортой байдал хадгалагдана. Улстөрийн тогтвортой байдлыг хадгалж чадвал эдийн засгийн болон нийгмийн олон асуудлыг тайван замаар шийдэж болох нөхцөл бүрддэг гэдгийг хэлэх гэсэн юм. Нөхцөл байдал хурцдахад яах бол, ийх бол гэж санаа зовних үе намрын чуулганы хугацаанд бишгүй тохиолоо. Ийм үед миний алхны тогшилт нэлээд чанга сонсогдож, бас зарим үед хэт хатуу байр суурь баримталж байж энэ УИХ-ын дотор байсан нөхцөл байдлын ээдрээг тайлж эвлэрүүлж байсан. Харин одоо УИХ дахь намуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол тун муугүй байгаа шүү. УИХ, Засгийн газрын хоорондын харилцаа хууль номынхоо дагуу явагдаж байгаа. Зарим үед Засгийн газарт хатуурхах, хуулийн бодлогыг хэрэгжүүлэхэд хатуу үгээр хандах үе гарч байгаа. Энэ бол төрийн ажил хэвийн явж байгаагийн илэрхийлэл.
-Үйлдвэр худалдааны сайдыг томилох асуудал нээлттэй үлдлээ. Үүнийг ээлжит бус чуулган зарлаж шийдэх болов уу?
-Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна, хуралдуулахгүй гэж хэлэх нь арай эрт байна. Ер нь ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага гарвал УИХ-ын дарга захирамж гаргадаг хуулийн заалт бий. Одоогоор надад УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хууль санаачлагч субьектүүдээс тавиагүй байгаа учраас энэ талаар хэлэх аргагүй байна өөрөөр хэлбэл, хууль санаачлах эрх бүхий Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас ээлжит бус чуулган зарлах талаар одоогоор надад асуудал тавиагүй байна.
Яахав, Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ, эсвэл Үйлдвэр худалдааны сайдыг томилох асуудлаар ээлжит бус чуулган зарлана гэж хэвлэлүүдээр бичиж байгаа. Би үүнийг бол таамаг л гэж хэлнэ. Миний зүгээс хуралдуулна гэсэн шийдгүй сууж байна. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийнэ гэдэг өөрөө ярвигтай төвөгтэй ажил. Тэр тусмаа олонхи, цөөнхийн харьцаа ойролцоо байгаа өнөөгийн нөхцөлд үүнийг хийхэд цаг хугацаа шаардагдана. Үндсэн хуульд зааснаар, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг Ерөнхий сайд гаргаж, Ерөнхийлөгчтэй заавал зөвшилцдөг. Ерөнхийлөгч зөвшөөрсөн тохиолдолд Ерөнхий сайд УИХ-д хандан шийдвэрлүүлдэг хуультай. Гүйцэтгэх эрхээрээ хэдэн яамтай байх вэ, бүрэлдэхүүн хэсгээр хэдэн сайдтай байх вэ гэдгээ шийддэг. Энэ хоёр асуудлыг боловсруулаад Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, өргөн мэдүүлбэл эрх нь нээлттэй. Харин ганц Үйлдвэр худалдааны сайдыг томилох асуудлаас болж ээлжит бус чуулган бараг хуралдахгүй байх. Хуулийнхаа дагуу байгуулагдсан яам нь байж байна, Н.Баяртсайхан сайд үүргийг нь хавсран гүйцэтгэж байна, дээр нь тус яамны төрийн нарийн бичгийн дарга болон дэд сайд нь байж байна. Ийм учраас ганц сайдаас болж ээлжит бус чуулган бараг зарлагдахгүй дээ. Би үүнийг харин баталгаатай хэлчихье.
-Гэхдээ Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийгдэх магадлал тун өндөр байгаа шүү дээ. Ийм тохиолдол гарвал ээлжит бус чуулган зарлах уу?
-Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хэрвээ хөндөгдлөө гэхэд шийдэх хэдэн зам бий. Нэг нь одоо шууд бүтэц, бүрэлдэхүүний асуудлаа шийдэж болно. Нөгөө нь бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх шийдвэрээ гаргаад, энэ шийдвэрээ 2008 оны сонгуулийн дараагаас эхэлж мөрдөнө гэсэн тодотголтойгоор шийдэж болно. Гурав дахь нь одоогийнхоор байж, 2008 оны сонгууль хүргэх. Ердөө ийм л гурван хувилбар байгаа. Асуудал энэ гурван хувилбарын алинаар нь явахыг би хэлж мэдэхгүй байна. Д.Лүндээжанцан гишүүний өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүний тодорхой хувийг УИХ-ын гишүүн байх, бусад нь гаднаас томилох асуудал яригдаж байгаа. Энэ хувилбарт Засгийн газар саналаа өгөх байх. Албан ёсоор саналаа өргөн барьсаны дараа хэлэлцэж шийдэлд хүрэх байх. Одоогийн Үндсэн хууль болон бусад хуульдзааснаар сайд нарыг гаднаас томилох эрх нь нээлттэй байгаа. Тодорхой хэсэг нь УИХ-ын гишүүн, тодорхой хэсэг нь гаднаас томилох эрх нь ч бас байгаа. Хамгийн зөв шийдэл бол Ерөнхий сайд болсон хүн Засгийн газрын танхимаа хаанаас яаж бүрдүүлэхээ өөрөө шийдэх ёстой. Түүнээс биш энэ асуудалд хуулийн ямар нэгэн хаалт хориг байхгүй гэдгийг маш хариуцлагатайгаар мэдэгдэж байна. МАХН 2000 оны сонгуулиар 72 суудал авчихаад дангаараа Засгийн газраа байгуулахдаа гол гол сайдуудаа УИХ-ын бүрэлдэхүүнээс аваад, бусдыг нь гаднаас авсан жишиг байж л байна. Тодруулж хэлэхэд, гол чиглэлийн таван сайдаа УИХ-ын гишүүн хавсарч хийж байсан. Харин өнөөгийн нөхцөлд Засгийн газрын гишүүдийг УИХ-ын бүрэлдэхүүнээс томилсныг хуулиас боллоо гэх яриа бас байгааг үгүйсгэмээр байна.
-Сүүлийн үед УИХ Засгийн газрын ажлыг хийдэг боллоо гэсэн шүүмжлэл гарах болсон. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. УИХ төрийн эрх бүхий дээд байгууллага бөгөөд улсын төсөв, Үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг зөвхөн УИХ шийднэ гээд Үндсэн хуульд заасан байгаа. 2003 онд батлагдсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд улсын төсөв, Үндсэн чиглэлийг УИХ батална гэсэн байгаа. Гэтэл энэ хугацаанд энэ хуулийг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хуулиар зөрчиж байсан гэсэн үг. Энэ жилээс эхлэн энэ хуулийн зөрчлийг арилгаж, УИХ хөрөнгө оруулалтад хэчнээн төгрөг зарцуулах вэ, ямар асуудлыг шийдвэрлэх вэ, түүнд ямар хуваарилалт хийх вэ гэдгээ Үндсэн хууль болон Төсвийн байгууллага, удирдлага санхүүжилтийн тухай хуульд зааснаар хэрэгжүүлж эхэлж байгаа. Ер нь шулуухан хэлэхэд УИХ хэтэрхий их эрх мэдлээ доош нь өгснөөс болж эрхээ хэрэгжүүлж чадахгүй болсон алдаа дутагдлаасаа холдож ангижирч байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр харин УИХ Засгийн газрын ажилд хутгалдан орж байгаа асуудал биш, харин бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж байгаагийн баримт. Харамсалтай нь УИХ-аас гарч байгаа шийдвэрийг олон нийтэд сайн ойлгуулахгүйгээр дандаа хар талаас нь шүүмжлэх гэсэн хийрхэл нийгэмд яваад байна шүү дээ. Би түрүүн хэлсэн, сүүлийн найман жилд хийж байсан хөрөнгө оруулалтыг ганцхан жил хийсэн гэж. Өнгөрсөн 5,10 жилийн хугацаанд эрчим хүчний төвлөрсөн системд хэдхэн сумыг болбодог байсан бол өнөөдөр бараг бүгдээрээ гэрэл цахилгаантай болж байна. Энэ хөгжил биш үү, хөрөнгө оруулалт биш үү. Ийм шийдэл хөдөө орон нутагт амьдарч байгаа ард түмний амьдралд нэлээд нэмэр болж байгаа гэдгийгхэлэх хэрэгтэй.
-Үйлдвэр худалдааны сайд асан Б.Жаргалсайхан таны асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэсэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ. Ер нь УИХ-ын дарга огцрох ямар үндэслэл байдаг юм бэ?
-УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байна уу, үгүй юу гэдгийг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцдэг.Үндэслэл байвал огцордог ийм хуулийн заалттай. Асуудал яригдах бол энэ хэмжээнд яригдана. Надад энэ суудалтай зууралдах сонирхол байдаггүй. Миний асуудлыг тавих нээлттэй. Би үүнд цочирдоод байхгүй. Тэртээ тэргүй ардчилсан оронд байдаг л нэг үзэгдэл. Гэхдээ ганцхан зүйл хэлье. Парламентад ганцхан суудалтай намаас болж Нямдорж огцорно гэж байхгүй ээ. Би үүнийг баталгаатай хэлчихье. Яахав дээ, би албан тушаалаасаа салсан хүнийг ойлгож байна. Цочирдож, гоморхох зүйл байдаг л байх.
-Таныг сүүлийн үед хуульд их засвар хийх болсон гэж шүүмжилж байгаа. Энэ чинь өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг биш үү?
-Хуулийн засварууд маш их хийгдэж байгаа. УИХ-ын дарга болсон анхны хуульч хүн бол би. Хуулийн боловсруулалт дээр сүүлийн 16 жил гардаж суусан. УИХ-д орж ирэхээс өмнөх 10 жилийн хугацаанд хуулийн бүх байгууллагаар дамжсан. Прокурор Сайд нарын Зөвлөл, Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд гээд. Шулуухан хэлэхэд Монголын хуультай ноцолддог цөөхөн хуульчийн нэг нь би. Би энэ байдлаараа өөрөөрөө бахархаж, дөвийлгөж байгаа юм биш. Би явлаа гэхэд Монголд хууль хийж чаддаг чадавхийг ардаа үлдээх гэж л энэ их засваруудыг хийдэг. Зарим хуулийг би өргөн барихаас нь өмнө засдаг, өргөн баригдсаны дараа нэгдүгээр, хоёрдугаар хэлэлцүүлгийн үед ч засдаг. Дөнгөж сая та нартай уулзахаар ирэхдээ ч хуулиа засч байгаад орж ирлээ. Тамгын газрын ажилтнууд, яам, тамгын газрын ажилтнуудад хууль гэдэг юмны цаана буруу хийх юм бол аюул байна гэдгийг ойлгуулахын тулд л би засвар хийдэг. Гэхдээ зөвхөн хуулийн хүрээнд. Маш их засвар хийгдэж байгаа. Яагаад гэвэл, манай Засгийн газар, яам тамгын газрын ажилтнууд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын хууль дээр ажиллах чадвар дутмаг, шаардлагын хэмжээнд хүрээгүй байгаа тул би өөрөө ийм засвар хийхээс өөр аргагүй байна. Би энэ ажил дээр байх хугацаандаа хуулиар олгогдсон эрхийн хүрээнд завсаруудаа хийх болно оо. Тамгын газраа ч чадваржуулах болно. Яамд, Засгийн газрыг чадваржуулахын тулд хатуу шаардлага тавина. УИХ-ын гишүүд үүнийг одоо ойлгож эхэлж байгаа. Эхлээд цочирдоод байдаг байсан, одоо аргагүй байдлыг ойлгож байгаа. Ингэж чадавхитай болгохгүй бол дараа дараагийн хүмүүст садаа болно. Хамгийн аюултай нь хуулийн нэг буруу үгнээс, нэг үгийг буруу тайлбарласнаас шалтгаалаад хууль, шүүхийн өмнө очдог.Үүнээс болж хүн амьдралаараа хохирдог, улс орон хохирдог. Хууль бол хайч шиг байх ёстой. Нэг л удаа хайчлах ёстой. Тэр хайч хөдөлсөн л бол яаж ч болохгүй ийм л байх ёстой. Гэтэл үүнийг далимдуулж улстөрийн зорилгоор өргөх бичиг барьж гүйж байгаа хэсэг нөхөд байгаа гэсэн. Тэд амжилт олохгүй дээ. Тэртээ тэргүй хуулиар олгогдсон эрх нь надад байгаа юм чинь. Тэр бүтэхгүй ээ гэдгийг хэлчихье.
-МАХН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхийг дэмжсэн гэсэн. Иймд өнөөгийн Засгийн газрыг эрхзүйн чадамжгүй гэж үзэж байгаа юу?
-Эхлээд Засгийн газрын чадамжийн хувьд хэлэхэд 100 хувь эрхзүйн чадамжтайгаар ажлаа хийж байна. Энэ талаар ямар нэгэн асуудал байхгүй. М.Энхболд гэдэг хүний тэргүүлж байгаа Засгийн газрын хувьд эрхзүйн чадамжийн хувьд хуулийн талаас маргах зүйл байхгүй. 2004 оны сонгуулийн үр дүн тодорхой. Тэр сонгуулиар байгуулагдсан УИХ энэ Засгийн газрыг байгуулсан. Энэ сонгуульд хамгийн олон суудал авсан нам бусад намуудтайгаа зөвшилцөж байж Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Эвсэл тарсны дараа эвслийн бүрэлдэхүүнд байсан намуудыг намд тооцохгүй гэсэн ойлголт гарч байсан. Ардчилсан нам, Эх орон нам, ИЗН яахын аргагүй парламентад суудалтай намууд мөн. Хэдийгээр эвсэл гэж орсон ч намууд л эвсч, сонгуульд орсон шүү дээ. Парламентад суудалтай намууд учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлсэн. Тэгэхлээр энэ Засгийн газрын эрхзүйн чадамжийн хувьд ямар ч асуудал байхгүй. Яахав, чадамжийн асуудлаар дөрөөлж өөрийнхөө намын гишүүнийг сайд болгох гэж байна гэсэн таамаг бий. Би хувьдаа улстөрийн баримт бичигт гарын үсэг зурах туйлын дургүй. Нямдорж ийм гарын үсэг зурчихжээ гэж та нар дуулсан уу. Б.Жаргалсайхан гэдэг хүнтэй гарын үсэг зураад Засгийн газартаа оруулсан. Иймд би гэрээнд гарын үсэг зурсан асуудал одоо дуусгавар болж байгаа тул одоо бараг хүчингүй гэж ойлгож байгаа шүү. Яагаад гэвэл намын дарга нь Б.Жаргалсайхан байсан, Жаргалсайхантай гэрээ байгуулсан. Тэгээд Засгийн газарт оруулсан. Дараа нь өөрчлөгдсөн. Иймд хуулийн үүднээс авч үзвэл энэ бол сонирхолтой сэдэв биш.
-Мөн МАХН-ыг дангаараа засгийн эрх барих нь гэсэн хувилбар нь дэмжлэг аваад байгаа гэсэн?
-Бусад намууд МАХН-тай хамтарч ажиллах нь нээлттэй. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд, аль ч нам нь олонхи болоогүй боловч бусад намуудтайгаа ярилцаж байгаад хамгийн олон суудал авсан нам нь дангаараа Засгийн газраа байгуулдаг жишиг дэлхийд хавтгай байна шүү дээ. Хэдийгээр 39-өөс дээш суудал авсан ч гэсэн бусад намуудтайгаа ярилцаж байгаад дангаараа Засгийн газраа байгуулъя гэж ярилцвал эрх нь нээлттэй гэж ойлгож байгаа. Би үүнийг хуулийн талаас ярьж байгаа юм шүү, Нямдорж ингэж ярилаа гэж битгий тайлбарлаарай.
-Ялангуяа УИХ-ын гишүүн Ц.Батаа танай намд элссэнээр энэ боломжийг улам дээшлүүлж өгч байгаа юм уу?
-Угаасаа нэг гишүүн нөгөө намд элсэх нь нээлттэй л байдаг асуудал. Хэдийгээр сонгуулийн үр дүнгээр 39 суудалтай нам буюу олонхи гэж тооцож болохгүй боловч санал хурааж байгаа кнопынхоо тоогоор 39 гишүүнтэй байна гэдэг нь бас л нэг боломж гэсэн үг шүү дээ. 39 кноп гэдэг бол Засгийн газрыг дангаараа томилж чадах тоо шүү. 76-гийн 39 гэдэг чинь олонхи л биз дээ. Яахав, сонгуулийг үр дүнгээр олонхи гэж тооцохгүй боловч УИХ-д байгаа суудал, Засгийн газрыг байгуулах саналынхаа тоогоор яахын аргагүй олонхи.
-Та Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулах асуудалд нэлээд хатуу байр суурьтай байсан. Яагаад ингэж хатуурхсан юм бэ?
-Би их харамсч байгаа. Нямдорж Хууль зүйн сайд байлаа гэж бодъё. Эдийн засгийн асуудлаа Ч.Улаан гэж сайд орууллаа гэхэд эдийн засгийн асуудлаас нь өөр юм яриад байвал утгагүй. Ялангуяа Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох асуудлыг УИХ дээр ярьж байх үед баримт материалаар айлгаж, ухраах гэсэн увайгүй оролдлого гарч байгаад би маш их харамсч байгаа. Энэ бол Монголын төрд хэзээ ч байж болшгүй адал балмад үйлдэл гэж хэлж болно. Үнэхээр баримт материал байсан юм бол урьд нь шалгуулж байх нь яасан юм бэ. Л.Гүндалай гишүүн асуудал тавьж байхад Б.Жаргалсайхан материал гаргаж ирж үзүүлж, дарамтлах гэж оролдож байгааг би телевизээр харсан. Ийм учраас Б.Жаргалсайханы талаар УИХ-аар их хатуу байр суурьтай оролцсон нь миний зөв. Яагаад гэвэл, Монголын төрд хэзээ ч ийм адал балмад явдал байж болохгүй. Үүнийг таслан шийдвэрлэж зогсоох нь . миний үүрэг. Ер нь бол манай гишүүд төрд зүтгэж байгаагаа ойлгож, хэлэх үгнийхээ учир начир, хийх үйлдлийнхээ гаргалгааг сайн хийж байж улстөрийн алхмаа хийхгүй бол горьгүй нь.
Магадгүй шинэ залуу болон хуулийн мэдлэггүйн бэрхшээл байдаг л байх. Хувь хүний хүмүүжил байдаг л байх, гэхдээ ямарчтохиолдолд Би УИХ-ын гишүүн гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Яг чин үнэнийг хэлэхэд Б.Жаргалсайханыг огцруулдгийн өмнөх долоо хоногийн тав дахь өдөр над дээр орж ирсэн. Лүндээ дарга бид хоёр байсан. Би өөрт нь хэлсэн Болохгүй байна аа, асуудлыг чинь шийдүүлнэ. Эцсийн дүндээ тэр гурван асуудал ердөө асуудал биш. Хамгийн гол нь гишүүд итгэж байгаа эсэхийг санал хураалтаар л шийднэ дээ. Хэрвээ чамд итгэж байгаа бол чи ажилдаа үлдэнэ, итгэхгүй бол огцрохоос өөр аргагүй. Огцорч байна гэдэг чинь чамд хүн итгэхгүй л байгаа гэсэн үг гэж хэлсэн. Хэрвээ түүнд гишүүд итгэж байсан бол огцруулахгүй байх боломжтой байсан шүү дээ. Би түүнийг огцруул гэж ямар ч гишүүнийг ятгаагүй. Тэгэхээр бидэнд юу шаардагдаад байна вэ. Монгол Улсын Их Хурлын гишүүн ямар байх ёстой вэ, хэн байх ёстой вэ , Монгол төрийн сайд хүн ямар байх ёстой вэ гэдгийг ард түмэн нь ч, УИХ-ын гишүүд нь ойлгох цаг болжээ. Би энэ Засгийн газар анх байгуулагдаж байхад Та нар ядаж сайдын сандал дээрээ зөв суугаад өгөөч гэж хэлж байсан. За тэр, сайд хийх нь ч бүр өнгөрч гэж бодъё. Ядахнаа сандал дээр нь зөв суугаад, жаахан даруухан байгаад, Засгийн газрын ажлыг хийх гэж уралдаад үзээсэй гэж хүссэн. Харамсалтай нь зарим сайд нар ийм байж чадсангүй. Иймд энэ нь өөрсдөд нь төдийгүй дараа дараагийн хүнд сургамж болох байх аа. Монгол төрийн сайд бол Монгол төрийн сайд байх ёстой. Сүүлдээ дөрвөн жил яриад юу ч хийгээгүй буудаг сайдтай болж байна. Үнэхээр Монголын төрд ажил хийе гэсэн сэтгэлтэй хүн байгаа бол ажлаа хийгээд, асуудал байвал УИХ-д оруулж ирээд хэлэлцүүлээд шийдвэр гаргуулж чадаж байгаа бол жинхэнэ улстөрч гэж болох юм.
Т.Баярмаа
Монголын мэдээ