Хошин урлагийн жүжигчид чангарчээ, харин зохиол алга
Шинэ үе продакшны жүжигчдийн уран чадварлаг тоглолт үзэгчдийг гурван цаг шахам ёстой л байлдан дагуулах шиг боллоо. Соёлын төв өргөөний хялбар дүүрдэггүй том танхимыг хорь орчим насны охид, хөвгүүд эзэлсэн нь, шог зохиолч миний сэтгэлийг бүр хөөргөж орхив. Тийм дээ, уран бүтээлч хүн, үзэгч, уншигчдаар ямагт цангаж явдаг хойно. Энэ олон залуусыг Бооёо, Хүрлээ нарын хамтлаг ингэж татаж чадсанд уран бүтээлч, хэн боловч атаархмаар байв. Яагаад, дундчаар хорь орчим насны залуусыг энэ жужиг татаж чадав? гэж бодлоо. Эхлээд надад ажиглагдсан юм гэвэл, жүжгийн сэдэв байв. Жүжигт залуу хосуудын бие биеэ араар нь тавих гэсэн бусармаг, садар самуун сэдэл, хориод насны үзэгчдийн ёстой загатнасан газар байдаг бололтой. Бололтой гээд ч яахав, хориод настай явж, ямар үзээгүй биш, тийм л байдаг. Гэхдээ залуу үзэгчид, жүжигт үзүүлж буй эр, эмийн нууц болзоо, хуйвалдаан, хардалт зэргийг дан ганц жигших, үзэн ядах үзлээр тэгтлээ сонирхож байна уу? гэвэл, тийм биш нь анзаарагдаж байлаа. Гол нь, хориод насныхан, сүүлэрч буй залуусын адал явдал, тэдний бүтэлгүйтэл, арга залийг үзэн ядах, ой гутах шалтгаанаас бус, харин ч хөгжиж, Ахиухан сүүлрээч, баригдаж бүр балраач, ухаангүй хардаад бүр хөгөө хөлдөө чирээд өгөөч! гэсэн хөнгөн хөгжөөнөөр хүлээн авч байна уу даа? гэж өвгөн зохиолчид санагдав. Ингэж хандаж буй орчин үеийн боловсон залуу үзэгчиддээ хангалуун сууснаа хэлье.
Урлагт, Ариун хайр дурлал хэмээн ямагт номлоод, хүндрээд, философдоод тэр болгон ашгаа өгөөгүй нь, эдүгээ нууц биш юмны нэг болсон. Миний залуу үед энэ жүжгийг Төв Хороогоор хянуулсан бол их л номын дуу сонсоо бий. Чөлөөт нийгэм гэж сайхан юм даа, залуус минь! Жүжгээс төрсөн хоёр дахь санаа аваас, эд хөрөнгөтэй эзэн хүний зарц, туслагч, нарийн бичгийн дарга явна гэдэг ямаршуу эмгэнэлтэй байдгийг энэ жүжиг, наанаа үзүүлж буй завхай зайдан, хөнгөн шингэн явдлынхаа цаана бүдгэвтэр мөртлөө тасралтгүй харуулсаар төгсч байна. Чөлөөт нийгэм чөлөөтэй ч бас л сүүдрээ чирсээр. Алтансумын /жүжигчин Бооёо/ увайгүй башир заль бүрийг хүлцэнгүй дагахаас өөр аргагүй, Алтансумын туслагч Долоонжингийн /жүжигчин Хүрлээ/ хөөрхийлөлтэй амьдрал, өнөөдрийн Монголын ядуухан зарц нарын амьдрал биш гэж үү? Маш их хартай хэрнээ мулгуу, тэгсэн атлаа цагаахан зантай, болхи бүдүүн мөртлөө зэвүүн бус Дангаасүрэнгийн дүрийг жүжигчин Ц.Ганбаяр олзуурхмаар дүр олж буй нь, сайн зохиол байвал, энэ залуугаас их юм гарах нь ээ гэж бодогдлоо. Түүний гэргий Чимка /жүжигчин Ундармаа/ компанийнхаа эзэнтэй завхайрахаар шийдсэн нь, цаанаа мөн л эзэн боолын харилцаанаас үүдэлтэй. Эзний хувьд эзэрхэг, боолын хувьд эмгэнэлтэй харилцаа. Энэ талаар манай хорь орчим насны үзэгчид юу гэж тунгаасан бол гэдэг, харин надад таавар болон үлдэв. Жүжгийг чимж явдаг ганц зүйл бол ухаалаг мөртлөө уран хошин диалог /яриа/ байдаг. Нуулгүй хэлэхэд, диалог нь надад гоц санагдаагүй ч, залуу үзэгчид, жүжигчдийн хэлсэн бараг үг бүрийг нижигнэсэн инээдээр угтаж байсан нь, жүжиг, үзэгчид хоёр яг тохирч дээ гэсэн миний бодлыг батлаж байв. Урлаг ингэж эзнээ олох сайхан. Цонхонд хавчуулж үхсэн хүн нь эцэстээ амьд байсан нь, ердөө энэ хөнгөвтөр шоу маягийн жүжгийн ерөнхий шугам, өнгө аясыг тодорхойлох аж. Үхсэн үхдэл хүзүүдэн зөөж яваа Долоонжин, Яаж байна аа? гэсэн асуултад, Танго бүжиглэж байна aa гэж хариулж буй нь, ажилдаа байхын тулд эзний дарамтад амьдарч буй хүний цөхөрсөн хэрнээ хошигносон үг.
Энэ үгийг сонсоод үзэгчид нирхийн инээх жишээтэй. Гавьяат жүжигчин Батзаяа тайзан дээр гарч ирэх бүртээ үзэгчдийг баясгав. Үйл явдлын огцом эргэлт бүхэнд, цочиж, сандарч, гайхаж буйгаа чадмаг жүжиглэж, нүүрний инээдэмтэй мангар хувирал, мөн юу ч ойлгохоо болилоо гэсэн тэнэг харц зэрэг нь түүнийг олны хайртай, буйртай жүжигчин болсныг харуулав. Тайзны шийдэл, хувцас, буудлын уур амьсгалыг харуулахын тулд европ охидын бүжиг оруулсан зэрэг нь жүжгийг баяжуулж, үзэгчдийг сэртхийлгэж, хөг дэг нэмэрлэж буй нь, найруулагч Н. Ганхуяг уран бүтээлдээ илт туршлагажиж буйг илтгэнэ. Инээдмийн жүжиг, зохиол байдаг аваас, чадалтай найруулагч, зөвхөн авьяастай бус, туршлагатай жүжигчид нь өдгөө манайд бий болжээ гэсэн өөдрөг санаа өвөрлөсөөр Соёлын төв өргөөний их танхимыг орхилоо. Хошин урлагийн жүжигчид чангарчээ! Харамсалтай нь, Монголд хошин зохиол алга! Тайзан дээр байрлуулсан хэдэн микрофон дамжиж гүйсэн, бүжиглэсэн, дуулсан марзандуу шоу, эцэстээ дэндээд байдаг болсон билээ. Урлаг бол оюуны хоол. Дандаа нэг янзын хоол идэх уйтгартай. Ийм үед Шинэ үе продакшн Английн зохиолчийн жүжгээр үзэгчдийг өөр инээдэмд умбуулав. Шинэ үе-ийнхэнд баярлалаа! Найруулагч, орчуулагч Н. Ганхуягт цаашдаа ийм бүтээл олныг сэдэх нь өнөөгийн нөхцөлд маш хэрэгтэй гэдгийг хэлье. Оролдож, хийж байж л хөгжинө шүү дээ. Уран бүтээлч та нарт, Улаанбаатарын утаат тэнгэр шиг монголчуудын харанхуй тархинд ямагт оч гялбалзуулахыг ерөөе!
Ц.Доржготов /Төрийн болон Нацагдоржийн шагналт зохиолч/