Ц.Мөнх-Оргил, Ч.Улаан хоёрын хэн нь Ерөнхий сайд болох вэ?
Үхсэний хойноос үхэлтэй биш, үлдсэн нь амьдралаа боддог хэрэг гэгчийн үлгэрээр дараагийн Засгийн газрыг хэн толгойлж, ямар ямар хүн сайдын суудалд очих бол гэсэн таамаглалыг өрнөж буй үйл явцыг анхааралтай ажигласны үндсэн дээр таамаглах гээд оролдоод үзье. Шинэ Засгийн газрыг хамтарсан ч бас, дангаараа байгуулсан ч бай МАХН-аас толгойлох нь тодорхой. Тэгвэл МАХН-ын хэн гэдэг этгээд Ерөнхий сайд болох вэ? Энэ бодол мэдээж хэрэг олон хүний толгойд байгаа. Ерөнхий сайд болохыг хамгийн их хүсэмжилж байгаа хүн гэвэл Ч.Улаан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Үнэндээ Н.Энхбаяр толгойгоо буруу ажиллуулаагүй бол тэр өнөөдөр Ерөнхий сайд болох магадлал өндөр байсан. Мөн МАХН гэрээгээ зөрчиж Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулаагүй бол бас л Ерөнхий сайд болох гэрээтэй байлаа. Тэгэхээр Ч.Улаан яахын аргагүй сэтгэл дотроо Ерөнхий сайдаар өвчлөн шатаж яваа.
Яг л Ц.Төмөрбаатар Чингисийн дүрд тоглоно хэмээн шатдаг шиг. Тиймдээ ч сэтгэлээ барьж үл чадан Ерөнхий сайд М.Энхболдыг аж ахуйн ажил эрхэлж байсан хүнд Ерөнхий сайд ахдах ажил гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагандаа ний нуугүй өгүүлсэн билээ. Гэвч түүнд Ерөнхий сайд болоход нь дэмжих хүн маш цөөхөн байгаа нь түгшүүрийн харанга дэлдэж байгаа юм. Харин бүлэглэлүүдийн аль алиных нь эгдүүцлийг төрүүлэхгүй, тэгээд ч дараагийн Ерөнхий сайд гэж яригдаж байгаа хүн бол Ц.Мөнх-Оргил. Энэ Засгийн газар байгуулагдсаны маргаашнаасэхлээд л бараг Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайд байх ёстой гэсэн асуудал босч ирсэн санагдана. Түүнд дургүйцэх хүчин харьцангуй цөөн бий. Дээрээс л гэхэд Ерөнхийлөгч, спикер хоёр шууд дэмжинэ. Ц.Мөнх-Оргил бол Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын хэн хэнийх нь хүн гэж яригддаг. Дэргэдээс нь УИХ-д суугаа Сү.Батболд гээд л дэмжих хүн олон бий. Мөн шинэчлэгчид ч гэсэн Ц.Мөнх-Оргилыг эсэргүүцэхгүй болов уу. Ардчилсан нам ч дэмжих болно. Ингэснээрээ Ерөнхий сайдаар тодрох хамгийн өндөр магадлалтай хүн Ц.Мөнх-Оргил болж таарч байна. Ерөнхий сайд гэснээс МАХН-ын даргын асуудал бас л босч ирнэ. М.Энхболд огцрох нь нэгэнт тодорхой болсон асуудал. Чин үнэнээр явбал С.Баяр чигээрээ л намын дарга болох магадлалтай. Хэдийгээр хань нөхөр цөөн ч С.Баяраас өөр энэ намыг удирдчих хүн өнөөдөртөө л лав алга. Өнгөрснийг эргэн санахад намын даргад өрсөлдөөд тэр есхөн хүнээр ямар хор найрагдаж ялагдсаныгсануулах нь зүйтэй байх.
Уг нь МАХН дангаараа ЗГ-аа байгуулна гэж олон нийт бодож буй байх. Гэвч энэ ёстой худлаа зүйл. Ардчилсан намын зонхилох хүчин болох Алтан гадас-ынхан зүгээр суусаар залхчихсан байгаа. Тэгээд ч МАХН-д ганцхан суудалтай БНН-тай бус хамгийн том сөрөг хүчинтэйгээ нийлсэн нь Засгийн газар бат бэх оршихын билэгдэл, бас чиг хариуцлагаа дангаараа бус хувааж үүрэх гэсэн муу санаа нуугдаж байгаа. Үүнийг ухварлан ойлгох тэнхээ гадасынханд ердөө ч байхгүй. Тэгэхлээр нэн түрүүнд шинэ Засгийн газарт Фортуна Н.Батбаяр, Шунхлай Г.Батхүү, Н.Алтанхуяг гээд олон хүн орж бялуу хүртэхээр тэсэн ядан хүлээж байгаа. Тэд өнөөдөр л сайд болж байвал маргаашаа бодохгүй улайрч байгаа. Ингэснээрээ хамтарсан Засгийн газар бий болно гэсэн үг. Энэ тохиолдолд Засгийн газарт багтаагүй МАХН, АН-ын гишүүд дахиад л дотооддоо хагаралдаж, хэрэлдсээр сонгуультай золгох болно. Байдал товчхондоо нэг иймэрхүү байх шив.
Маш нууц сонин 2007.02.10