Өнөөдөр Чапаевын төрсөн өдөр
Энэ хүний талаар ах дүү хоёр Васильевын авсан 1934 онд кино авснаар сая сая хүн ийм нэртэй хүн байсан гэдгийг мэдэж авсан билээ. Гэхдээ эгэл олон зүгээр нэг хүлээгээд авчихсангүй үлгэр домог, онигооны гол баатар болгож өвөрмөц байдлаар хайраа илэрхийлсэн.
Гэтэл бодит амьдрал дээр домогт Чапаев ямаршуу хүн байсан талаар тун хомс мэдээлэл байдаг. Чапаев одоогийн Чебоксар хотын орчим байсан Будайка нэртэй тосгоны ядуу айлд 1887 оны 2-р сарын 9-ний өдөр төрсөн байна. 1908 он цэрэгт татагдаж, 1914 он дэлхийн нэгдүгээр дайнд дайчлагджээ. Тэрээр эрэлхэг зоригтой байлдаж Георгийн медаль болон байлдагчийн Георгийн загалмай дөрвөөр шагнуулж, унтер офицер болсон байдаг.
1917 онд большевик нам элсэн 1918 онд шинээр байгуулагдсан Улаан армийн ерөнхий штабын дэргэдэх академид суралцаж төгсөөд Самарын мужид дотоод хэргийн комиссараар томилогдон очжээ. Удалгүй тэр жилээ бригадын дарга, дивизийн дарга болтлоо дэвшсэн байдаг. Түүний удирдаж байсан дивиз нь 1919 онд Уфа хотыг цагаантнуудаас чөлөөлж байсан түүхтэй. Домогт баатар маань 1919 оны 9-р сарын 5-нд одоогийн Казахстаны Чапаев тосгоны орчим амь үрэгджээ.
Түүний гол гатлахаар сэлж яваад суманд оногдсон гэдэгч үнэн хэрэг дээрээ хүнд гэдэс, толгой, гарандаа хүнд шарх авсан түүнийг голын цаад эрэг рүү гаргах гэж байх зуур нь шархаа даалгүй өөд болсон ажээ.
Хувийн амьдралын хувьд домогт баатар маань нэлээд бүтэлгүй гэж болохоор хоёр ч удаа эхнэртээ хаягдаж байсан байх юм. Дэлхийн нэгдүгээр дайнд байлдаж байхад нь анхны эхнэр нь гурван хүүхдийг нь аваад салсан бол хоёр дахь эхнэр нь өөр хүнтэй суугаад хаяад яваад өгсөн байна. Гэвч Чапаев шийртэй эр гэдгээ харуулж гурван хүүхдээ өөрөө тэжээхээр эргүүлэн авсан төдийгүй хамт тулалдаж байсан найз нь алагдасны дараа хоёр хүүхдийг үрчлэн авсан байдаг.
Энэ хүний талаарх зураг, кино материал тун ховор. Уралын төмөр замын дагуух нэгэн өртөөн дээр буудаллаж байхад нь авсан ердөө 14 секундын хальс, цөөн тооны фото зураг л өнөөдрийг хүртэл хадгалагдан үлджээ.
Чапаев нь тулаанд хөлөндөө шарх авснаас хойш морь унаж чадахаа больсон байдаг. Yүнийхээ дараа Улаан армийн ерөнхий командлагч байсан Фрунзед хандан хэрэгцээнд нь зориулж машин гаргаж өгөхийг хүссэн өргөдөл нь өнөөдрийг хүртэл хадгалагдан үлджээ.