А.Сандагсүрэн Малынхаа ашиг шимээс жилд 40 гаруй сая төгрөгийн орлого олдог
Өнгөрсөн онд түүхт их ойгоо тэмдэглэж, 2006-2007 оны өвөл монголчуудад ээлтэй сайхан байсан. Мал сүрэг 34,5 сая толгойд хүрсэн нь сүүлийн 16 жилд байгаагүй том үзүүлэлт. Үр тариа ч арвин хураан авсан. Амжилтаа тэмдэглэе гээд төр, засаг өмнө нь гучин малчинд олгодог байсан Улсын сайн малчин-ы өргөмжлөлөө энэ жил 35 хүнд олгож байгаа аж. Сонин дуулгахад, Ерөнхий сайд М.Энхболд өнөөдөр Дундговь, Өвөрхангай аймгаас шалгарсан малчдад шагналыг нь гардуулахаар одно.
Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй хамгийн түрүүнд хөөрөг зөрүүлэн золгож, Улсын сайн малчин цол, өргөмжлөлөө гардан авсан нь Төв аймгийн Баянцагаан сумын хоёрдугаар багийн малчин А.Сандагсүрэн юм. Гурван гэрээрээ оторлох малчны хотонд бидний яриа өрнөлөө.
-Гал улаан нохой жилийн сүүл, гал улаагчин гахай жилийн эхэнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээс Улсын сайн малчин-ы цол, өргөмжлөлөө гардан авлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Малын минь буян хишиг юм даа. Дөрвөн цагийн эргэлтэнд цуцахгүй хөдөлмөрлөсний маань ч үр дүн. Маш их баяртай байна. Залуу наснаасаа малын зах бараадсанаас хойш гуч гаруй жил өнгөрчээ. Малаа төлөөр нь өсгөж, 1000-2000 толгойд хүргээд байна. Өнгөрсөн жилийн эцсээр мал сүргээ 2015 болгож, Улсын сайн малчин-ы болзлыг хангалаа.
-Та өөрийгөө Удам залгасан малчин хэмээн тодорхойлсон. Эцэг эхээсээ чамлахааргүй тооны мал өвлөж үлдсэн байх, тийм үү?
-Миний аав, ээж насаараа мал малласан хүмүүс. Аймаг, сумын аваргаар олон удаа шалгарч байсан. Нэгдэл гэж байхад 500-800 толгой малтай байлаа, манайх.
-Өвөлжөө тавлаг байв уу. Бухын хонхор гэдэг газар нутаглаад хэр удаж байна вэ?
-Өнгөрсөн намар нутгаасаа гарч отор хийн Баян суманд өвөлжсөн. Өвөлжилт гайгүй л байлаа. Одоо нутаг сэлгэж малаа төллүүлнэ дээ. Энд үлийн цагаан оготнотой, өвс ургамал муутай. Хаврын урь эрт орлоо, цаг гайгүй болов уу. Тааж мэдэхгүй л байна шүү.
-Үр хүүхэддээ ажлаа залгуулна биз дээ. Хэд нь мал дээр байна?
-Манайх таван хүүхэдтэй. Хоёр нь мал маллаж байгаа. Бусад нь нийслэл хот, аймгийн төвд амьдарч байна.
-Туслах малчинтай юу?
-Хоёр ч бий. Тэднээр төллөх, сувай малаа ялган маллуулдаг.
-Тэдэнд болон залуу малчдад мал маллах арга барилаасаа харамгүй зааж өгдөг байх. Туршлагаасаа бидэнтэй хуваалцана уу?
-Бид 60 гаруй үхэр, Баянцагаан үүлдрийн илүү нугаламтай хоньтой. Хариулга, маллагаандаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар н.Цогтгэрэлийн туршлага болох Саахалт эхлээрийн аргыг нэвтрүүлсэн. Сүргээ их, дунд, бага хөрвө гэж ангилан маллахыг хэлдэг юм. Нутгийн залуу малчид яавал малаа таргалуулж, өсгөх, өвөлжүүлэх вэ гэж асууж л байдаг. Манай багийн Д.Бат-Өлзий гэдэг хүү бид хоёр 2000 оны зуднаар оторлох нутаг хайн хайсаар эцэстээ Дундговь аймгийн Угтаал суманд өвөлжсөн юм. Жаахан хар газар байхаар нь очсон хэрэг л дээ. Газраа зөв ч сонгож чадсан. Тэр жилийн өвөл бид хоёр нэг ч малын хорогдолгүй онд орсон.
-Энэ жил хэчнээн толгой төл хүлээн авах вэ?
-Нийтдээ 1800 гаруй толгой төл хүлээн авна. Нүүдэл суудлын маягтай амьдарч байгаа болохоор нэг их бэлтгэл хийсэн юм алга. Шаардлагатай зүйлсийг орон нутгаасаа зөөвөрлөж авчирна.
-Мал эмнэлгийн үйлчилгээний чанар ямар байгаа вэ. Та бүхэнд тасралтгүй үйлчилж чадаж байна уу?
-Чанар нь гайгүй болов уу гэж бодож байна. Хавар, намрын цагт бид захиалгаа өгч, мал эмнэлгээр үйлчлүүлдэг.
-Хөдөөгийнхний аж амьдрал ямаршуухан байна даа, тэр тусмаа малчдынх?
-Нэг үеэ бодвол сайжирсан. Айл бүр шахам л мотоцикль, зурагт, радиотой. Хөдөөгийн малчдын амьдрал бүр ч дориун байна. Ер нь хотон дахь хэдээ л өсгөж чадвал ахуй байдал тэр хэрээр сайжирна.
-Танайх малынхаа ашиг шимээс жилд хэчнээн төгрөгийн орлого олдог бол?
-Сүү, цагаан идээгээ борлуулдаг. Гэхдээ хүн хүч муутай учраас тэр болгоныг борлуулж дөнгөхгүй байна. Манайх Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, цэцэрлэгт аарц, цагаан идээгээ нийлүүлдэг. Малын ашиг шимээс жилд дөч гаруй сая төгрөг олж байна.
-Баянцагааны илүү нугаламтай хонь ашиг шимийн хувьд бусад үүлдрээс юугаараа давуу байдаг юм бэ?
-Махны гарц, чанар илүү сайн.
-Та түрүүнд туслах малчинтай гэж хэлсэн. Тэдэнд хэчнээн төгрөгийн цалин өгдөг вэ?
-Энд нэг зүйлийг хэлэхэд ажилгүй хүмүүсийг мал дээр гаргах нь зөв гэж боддог. Харин тэднийг сургах талаар бодох юм бий. Бид өнгөрсөн гурван жилд хувь хүмүүсийг малжуулахад 800 гаруй толгой мал өгсөн. Туслах малчныхаа цалинд гучин мянган төгрөг буюу нэг хонь өгдөг. Мөн унах унаа, өмсөх хувцсаар нь хангаж байна.
-Малжуулах гэж өгсөн малыг ажилгүй, залхуугаасаа болж үгүй болгосон тохиолдол гарав уу?
-Одоохондоо цөөрүүлж, алга болгосон нь үгүй. Сэтгэл санааны дэмжлэг болгож, чин сэтгэлээсээ өгдөг болохоор тэр биз дээ.
-Нийслэлчүүд багагүй улстөржиж байна. Харин хөдөөгийнхөн маань яадаг бол. Сонин хэвлэлээс сүүлийн үед үүссэн нөхцөл байдлын талаар өөр хоорондоо ярилцдаг биз дээ?
-Сүйдтэй ч юм биш дээ. Гэхдээ ярих л юм. Гэлээ гээд даваан дээр гарах нь бага юм байна шүү дээ, бид.
-Таны бодлоор хэн гэдэг улстөрч илүү зөв зүйл ярьж байна?
-Тэр нь зөв, энэ нь зүйтэй гэж бодохын завдалгүй зөв гэсэн нь буруудчих ч байх шиг. Сайн хэлж мэдэхгүй юм аа.
Ардын эрх сонин 29 /561/
С.Тулга