Туркменд Ерөнхийлөгчийн сонгууль болж ялагч нь бараг тодров
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсыг 21 жил жолоодож, түүнээс сүүлийн 15 жилд нь ээлж халаагүй төр тэргүүлсэн Ерөнхийлөгч агсан Сапармурат Ниязов таалал төгссөн билээ. Туркмений насанд хүрсэн 2,6 сая иргэн өчигдөр түүхэндээ анх удаа ардчилсан сонгуульд оролцож зургаан нэр дэвшигчийн нэгийн төлөө саналаа өгсөн байна. Гэвч ардчилсан нэртэй энэхүү сонгууль бүрэн ардчилсан гэж хэлж болохооргүй байдалд болж өнгөрчээ. Ажиглагчид, сэтгүүлчдийг сонгуульд оролцуулаагүй аж. Гадаадад байгаа сөрөг хүчний төлөөлөгчид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж олгоогүй тул олон улсын зүгээс Туркменстаны эрх баригчдыг хүчтэй шүүмжилж байгаа юм.
Нэр дэвшин өрсөлдөж буй зургаан хүн бүгдээрээ С.Ниязовын үүсгэн байгуулсан, одоогоор тус улсын цорын ганц намын гишүүд юм байна. Өмнө нь Эрүүл мэндийн сайд явсан, өдгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Гурбангулы Бердымухамедов сонгуульд ялалт байгуулах нь бараг тодорхой болжээ. Тэр ч бүү хэл. Туркменстаны Сонгуулийн төв комиссын дарга Бердытухамедовыг ялуулнаа гэдгээ ил тод зарласан байна. Бусад нэр дэвшигчийн нэгэн адил ноён Бердытухамедов өмнөх Ерөнхийлөгчийн замаар улс орноо удирдана гэдгээ илэрхийлжээ. Гол нэр дэвшигч ард иргэддээ интернэтийг ямар нэг хязгаарлалтгүй хэрэглүүлж, боловсролын төвшинг дээшлүүлж, тэтгэврийг нэмэгдүүлэх амлалт өгөөд байна.
BBC агентлагийн мэдээлснээр Туркмений таван сая иргэнээс дөнгөж 196 нь интернэт ашигладаг боловсролын систем нь талийгаач Ерөнхийлөгч Ниязовын Рухнама номыг судлахад үндэслэдэг гэнэ. Өнгөрсөн 20 гаруй жилийн туршид гадаад ертөнцөөс хамгийн их тусгаарлагдан авторитар дэглэмд нухлагдсан энэ оронд өчигдөр болсон сонгууль ямар нэг талаар өөрчлөлт шинэчлэлт тийш хийх анхны алхам болно гэж олон сонгогч найдаж байгаа ажээ. Сон¬гуулийн эцсийн дүнг ирэх лхагва гаригт зарлах юм.
Ардын эрх сонин 29 /561/