Оюутны дэлхийн аварга шинэ ордонд болно

-Саяхан манай улсад 2010 оны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олголоо. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?

-Туринд болсон оюутны Универсиад наадмын үеэр FISU-гийн гүйцэтгэх хороо хуралдаж, тэмцээний эрхийн асуудлыг шийдлээ. Манай улстай хамт Украины Донецк хот нэр дэвшсэн байсан юм. Товчхондоо бол бидний хийсэн танилцуулга, төлөвлөгөөнд хэд хэдэн давуу тал байсан учир манай улс 2010 оны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхтэй боллоо.

-Хэдэн жилийн өмнөөс нэрээ дэвшүүлдэг вэ?

-Журам ёсоор бол тухайн тэмцээн болохоос гурван жилийн өмнө тэмцээний эрхийг өгдөг. Үүний өмнө гишүүн орнууддаа тэмцээний танилцуулгыг явуулж, саналыг нь сонсдог. Бид энэ асуудлыг есдүгээр сараас эхэлж хөөцөлдсөн.

-Тэмцээнийг хаана явуулах вэ. Тэр үед шинэ Спортын ордныг ашиглалтад оруулж амжих уу?

-Амжина. 2008 онд ашиглалтад оруулахаар ярьж байгаа шүү дээ. Шинэ ордонд болох анхны олон улсын тэмцээн нь боксын дэлхийн аварга болох байх. Шинэ ордны зураг, схемийг явуулсан. Олон улсын стандартад тохирох юм байна гэж холбогдох хүмүүс үзсэн.

-Боксын оюутны дэлхийн аваргыг хэдэн оноос зохион байгуулж эхэлсэн юм бол?

-2004 онд Туркийн Анталях хотод анхны тэмцээн болсон. 2006 онд Казахстанд болсныг манайхан сайн санаж байгаа байх. Харин гурав дахь тэмцээн 2008 онд ОХУ-ын Казань хотод болна. Тэгээд дараа нь манайд.

-Манайд ер нь боксын олон улсын чанартай тэмцээн өмнө зохион байгуулж байсан уу?

-Өмнө нь олон улсын Нөхөрлөл тэмцээн, ах, дүү армиудын аварга шалгаруулах тэмцээн гээд томоохон тэмцээнүүд болж байсан. Сүүлд Нарантуулын цом тэмцээн болж байсан шүү дээ. Тэрнээс боксын төрөлд дэлхийн хэмжээний тэмцээн анх удаа болох гэж байна.

Ардын эрх сонин 29 /561/
Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button