Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хүний наймааны хэргийг шалгаж байна
Энэ гэмт хэргийг илрүүлэхийн тулд гадна дотны хууль цагдаагийн байгууллагынхан хүч гарган хөөцөлддөг ч иймэрхүү хэрэг нь маш нарийн зохион байгуулагдсан, нууц эзэд нь цагдаа хүчнийхэнтэй хуйвалдсан байдаг учраас гарцаагүй нотлох баримт л байхгүй бол хэрэг үүсгэж болдоггүй тун ярвигтай байдаг аж. Сүүлийн жилүүдэд монгол бүсгүйчүүдийг гадаадад ажиллуулна гэх нэрийн доор огт таньж мэдэхгүй улс гүрэнд аваачиж хүсээгүй бэлгийн харьцаанд оруулах, порно кинонд тоглуулах явдал гарсаар байгаа нь цагдаа, хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татах болсон. Харамсалтай нь дээрх гэмт хэрэг ихэвчлэн гадаадад болдог учраас эзэн холбогдогчдыг нь баривчлан ирж хэрэг үүсгэж чаддаггүйгээс дэмий л сэрэмжлүүлээд өнгөрдөг билээ. Гэтэл өдрөөс өдөрт охид бүсгүйчүүд хилийн дээс апхаж хичнээн нь хүнд алуулж, хэд нь насан туршийн эрэмдэг зэрэмдэг, сэтгэлийн шаналалтай хоцорч байгааг та бид тааж хэлж баршгүй.
Хэдхэн өдрийн өмнө Сайншанд хотын цагдаагийн хэлтэс залуу бүсгүйчүүдийг хил давуулан худалдаж биеийг нь үнэлүүлсэн гэсэн үндэслэлээр Л.Отгонцэцэг гэдэг эмэгтэйг баривчлан саатуулаад байгаа. Тэрээр эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээгээд байгаа юм байна. Гэтэл үүнээс хачирхалтай бас нэгэн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхлээд байгаа юм байна. Гудамжаар явж байсан бага насны нэгэн охиныг хэсэг бүлэг залуучууд машиндаа чихэн суулгаж нүдийг нь таглан үл мэдэх газар аваачсан байна. Уг харанхуй байшинд өөрөөс нь гадна дандаа насанд хүрээгүй жаахан охидууд байсан тухай тэрээр мэдүүлсэн байна. Харин тэнд байсан залуучууд бүгд хар нүдний шилтэй, масктай байсан бөгөөд С охиныг гэр оронтой, эцэг эхтэй гэдгийг мэдмэгц бөөн хараал урсгаж байгаад нүдийг нь таглаж авч яваад харанхуй гудамжинд буулгаж хаяад явсан ноцтой хэрэг гарсан бөгөөд одоогоор тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхлээд байна. Энэ хэрэг зөвхөн С охины мэдүүлэг дээр үндэслэж байгаа учраас хэрэг үүсгэх боломжгүй байгаа юм байна.
Зиндаа сонин 05 /199/