УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд Д. Дэмбэрэл Арван таван жилийн өмнө ёс зүйгээ гээсэн төр ялзралд ороод байна

Уг нь Д.Дэмбэрэл гишүүнийг ганц яам байтугай хэд хэдэн яам толгойлоод явах туршлага, мэдлэгтэй хүн гэдэг. Гэвч мөнгөтэй төгрөгтэй чадваргүй залууст дарагдсаар өдий болсон тухай намыхан нь ярьдаг юм билээ. Юм үзэж, нүд тайлсан гэдэг шиг улс орон, намынхаа төлөө хийдгээ хийсэн хашир бурхи ганцхан жилийн настай сайдын суудалд суухыг зөвшөөрсөнд олон хүн гайхаж байгаа гэсэн. Юутай ч түүний яриаг хүргэе.

-НХХ-ийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. Ажпаа юунаас эхлэх гэж байна даа?

-Баярлалаа. Бодлогын хувьд шийдэх ёстой олон асуудал яригдаж байгаа юм билээ. Зарим хэсэг дээр дампуурал бэрхшээлтэй асуудал ч байгаа гэсэн. Жишээ нь 1961 оноос өмнө төрсөн хүмүүсийн даатгалын хадгаламж зохих түвшиндээ орж ирэхгүй байна гэдэг асуудал бий. Юуны өмнө ажлаа хүлээн авч, судалъя гэж бодож байна.

-Хэл амтай байгаа Зуучлах товчоо-ны асуудлыг хамгийн түрүүнд шийднэ биз дээ. Олон хүн хүлээж байгаа?

-Манай иргэдэд гадаад руу явж ажиллах хүсэл их байгаа. Тиймээс би энэ асуудлыг дэмжинэ. Зуучлах товчоо-нд тулгараад буй бэрхшээлийг арилгах талаар арга хэмжээ авна. Маргаантай асуудал нэлээд байгаа учраас асуудлуудыг нарийн судалж үзмээр байна.

-МАХН Засгийн газрын бүтцийг өорчилнө гэж ярьж байгаа. Таны байр суурь?

-Бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг оруулж ирсэн үед нь ярилцана. Бүтцийн өөрчлөлт хийх ёстой гэдэг байр суурин дээр байгаа.

-Өмнөх сайдын алдаа гаргасан асуудлыг яаж зохицуулах гэж байна?

-Өмнөх сайдын алдаа дутагдлыг цаашид нэг их яриад байхгүй. Хийх ажил түүнээс их байгаа гэж бодож байна. Хууль зөрчсөн эсэх нь маргаантай байгаа шүү дээ. Би бол Одончимэд сайдыг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Яагаад гэхээр сайд хүн, төсвийнхөө хэмжээнд бодлогын чиглэлийн арга хэмжээ авч, төсвөө зарцуулж чадахгүй эрх нь хаагдмал байна шүү дээ. Гэхдээ би хууль зөрчөөд ажиллана гэж байгаа юм биш. Хууль зөрчсөн үйлдэлтэй хатуу тэмцэнэ.

-АН-ынхан таныг халаа сэлгээ хийх болов уу гэдэг дээр нэлээн эмзэглэж байх шиг байна лээ?

-Халаа сэлгээний асуудал хоёр зүйлээр шийдэгдэнэ гэж бодож байна. Нэгдүгээрт төрийн албаны хууль гэж байгаа тэр хуулийн хүрээнд явагдах ёстой. Ер нь хүний асуудал нарийн төвөгтэй. Хуулийн хүрээнд шалгалтаа өгсөн, төрийн мэргэжлийн албан хаагчид хуулийн дагуу ажиллах ёстой. Үүнд улс төр хамаа байхгүй. Нөгөө талаар би улс төржихгүй.

-Үндсэн хууль-д өөрчлөлт оруулснаас болж өдгөө төр засаг тогтворгүй байдалд хүрээд байна гэсэн шүүмжлэл яригдаад байгаа. Та Үндсэн хуулийг батлалцаж байсан хүний хувьд юу хэлэх вэ?

-Уг нь Үндсэн хууль-ийг эргэлзээд байх юмгүй мөрдөх нь зүйтэй. Хууль тогтоогч маань өөрийнхөө гаргасан хуупинд эргэлзээд эхлэх юм бол тэр хуулийг хэрэгжүүлдэг иргэд маань бур ойшоохоо болино. Тийм учраас хууль тогтоогч юмуу, УИХ-ын гишүүн хүнд тодорхой ёс зүй байх ёстой. Яг энэ хуулийг баталж байх үед цаанаа дурамжхан байсан хүмүүс бий. Гэхдээ нэгэнт шийдээд батлаад, гараа өргөж зөвшөөрөөд, тамгалчихсан хуулийг одоо тэгэх байсан юм, ингэх байсан юм гэж ярих нь хууль тогтоогчид ёс суртахуунгүй болчихсон байна гэсэн үг. Ард иргэдийн өмнө ярьж байгаа юм нь хоёр өөр байж болохгүй шүү дээ.
Тухайн үед Засгийн газрыг байгуулах асуудал дээр зарим сайдуудыг долоон удаа буцааж байсан явдал бий. Тэр нь нууц санал хураалтын цаана бодит байдал илрэхгүй байсан гэсэн үг. Энэ мэт асуудлаас болоод л Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан. Гэхдээ өнөөдөр харж байхад Үндсэн хуулийг дутуу бодож баталжээ гэсэн юм бодогдоод байгаа. Тухайн үед гарч байгаа үзэгдлүүдийн стратеги, ирээдүй нь ямар байх вэ гэдгийг харахгүйгээр баталсны харгайгаар өнөөдөр шүүмжлэлд өртөж байна. Намын удирдах ажилтнууд албан тушаалыг өөрийнхөө хараан дор байлгаж хэн дуртайдаа өгч байна. Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг татъя гэдэг асуудлыг ерөнхийлөгчтэй зөвшилцөөд л болж байна. Энэ нь ерөнхийлөгч Засгийн газрыг бүрдүүлэхэд оролцох эрх хэмжээг нэлээд хумьснаас болсон. Нэгэнт бвтлаңцсан Үндсэн хуулинд эргэлзээ төрүүлсэн заалт байна гэж ярих нь тийм заалт оруулснаас илүү хохиролтой. Монголчууд Үндсэн хуулийг л нэг мөр дагахаас өөр арга байхгүй. Өөрчилъе гэвэл дахин өргөн барьж, арга хэмжээ авах хэрэгтэй. Ерөнхийлөгч хориг тавьсан нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Цэц ч мөн адил. Хууль тогтоогч нар хуулиа тогтоох, УИХ баталсан бол тэр хууль мөрдөгдөнө гэсэн зарчмыг хатуу барихгүй бол хууль эрх зүйт төр төлөвшүүлнэ гэдэгт том будлиан гарна. Хэдийгээр эргэлзээтэй, ээдрээтэй зүйл байгаа ч одоо баримтлах хэрэгтэй. Эдгээр заалтуудаар л бүх ажил явагдаж өдийг хүрсэн.

-УИХ-ын гишүүд засгийн газрын гишүүн байх нь хяналтын тогтолцоо алдагдаад байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Үндсэн хуулиар ерөнхий сайдаас эхлээд Засгийн газрын гишүүн хүн УИХ-ын гишүүн байх нээлттэй. Тэгэхдээ УИХ-ын гишүүдийг 100 хувь Засгийн газрын гишүүн болгож байгаа нь аливаа юмны хэм хэмжээ нь ихдэхээрээ ямар муу үр дагавар гардгийн жишээ болж байна. Анх П.Жасрайгийн үед Засгийн газрын анхны хуулийг батлахдаа бид энэ асуудлыг нэлээн ярьсан. Бид Засгийн газрын хуулинд УИХ-ын гишүүдийн 30 хувь буюу 1/3 нь сайд байж болно гэж заасан. Олонх нь УИХ-аас бүрдээд эхлэх юм бол хяналтын тогтолцоо алдагдана. Одоо энэ заалт байхгүй болсон. Мөн олонх сайд огцруулах санал оруулаад байдгийг практик ажиллагааны явцад хасах ёстой зүйл. Ер нь манай нөхцөлд аль болохоор л Засгийн газраа гаднаас нь бүрдүүлж байх хэрэгтэй..

-Өнөөдөр Засгийн газрын гишүүд өөрсдөө бие биеэ огцруулах санал оруулж байгааг та юу гэж үзэх вэ?

-Засгийн газарт намуудын дарга нар голдуу орсон. 2004 оны сонгуулийн үр дүнгээр аль нэг нам дангаараа Засгийн газар байгуулах боломжгүй байсан. Түүний дараа ямар нөхцөл байдал үүсч байна гэхээр Засгийн газар байгуулах, ерөнхий сайд томилох эрх олон суудал авсанд нь үлдэж байгаа юм. Мөн Засгийн газрыг байгуулахад намуудын төлөөлөл орох хэрэгтэй. Намуудын төлөөлөлд ямар хүн орох вэ гэхээр өнөөх намын дарга нар нь л орж байна. Улс төрийн тийм л нөхцөл байдал бий болсон байсан.

-Орон нутгийн засаг захиргааны хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа. Үүнийг Үндсэн хуулинд байн, байн гар хүрэх шаардлага байна уу, үгүй юу гэдэг асуулт дагалдаад байгаа?

-Орон нутгийн засаг захиргааны хуульд орох өөрчлөлт оруулах хуулийн төсөл яригдаж байгаа. Гэхдээ тэр дутуу боловсрогдсон төсөл. Орон нутгийн зарим эрх мэдлийг төвлөрүүлэх хандлага руу чиглүүлсэн байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага гарч ирж болно. Гэхдээ ард түмэнтэйгээ сайн зөвшилцөж, санал оруулахгүй бол 2000 оных шиг хэл ам болбол эргэлзээтэй. Ер нь ажил болохоо болиод ирэхээр болохгүй байгаа юмаа хуулийн тогтолцоо руу чихдэг асуудал байж болохгүй. Тийм учраас тогтолцоотой холбоотой, эрх мэдлийн хуваарилалттай холбоотой, хүмүүсийн эрх чөлөөтэй холбогдсон асуудалыг Үндсэн хуулинд нэлээн удаан хадгалах хэрэгтэй.

-Сүүлийн үед ерөнхийлөгчийн засаглал гэж ярих болсон. Таны бодол?

-Тиймээ. Ерөнхийлөгчийн засаглал гэж яриад байгаа. Бид 15 жил парламентын засаглалаар туршилт хийгээд, дараа нь 15 жил ерөнхийлөгчийн засаглалаар туршилт хийж болохгүй шүү дээ. Овоо болж байтал өөр нэг засаглалын хөтөлбөр авч туршаад байх юм бол монгол хөгжихгүй. Үндсэн хуулиар парламентын засаглалтай, ард түмэн засгийнхаа эрхийг өөрсдөө барина гэсэн тогтолцоо олон жил мөрдөгдөнө. Үүнийгээ л улам боловсронгуй болгох хэрэгтэй. Сонгуулийн хууль, намын хууль, ерөнхийлөгчийн хууль, засгийн газрын хууль, эрх хэмжээ хуваарилж байгаа бусад хуулиар боловсронгуй болгох ёстой. Шилжилтийн орнуудын засаг төрийн тогтолцооны асуудлаар судлаачдын хийсэн дүгнэлтээс харж байхад нийгэмд үүссэн бухимдлаас болж ашиггүй сэлгээ тогтолцооны хувилбарыг хэрэгжүүлэхийн оронд байгаагаа сайн болгох хэрэгтэй.

-Таны бодлоор өнөөдрийн энэ УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд ёс зүй гэж байна уу?

-Ард түмэн засаг төрийг яагаад шүүмжилж байна гээч. Хуулиас гадна ёс зүйтэй болчихсон болохоор тэр. Бид 15 жилийн өмнө ёс зүйгээ чимээгүй гээчихэж. Тэгэхээр төрд ёс зүйгүй байдал ноөрхож байна. Төрд ажиллаж байгаа хүмүүсийг ёс зүйгүй авирлахад УИХ, Засгийн газар болохгүй байна гэж дүгнэж байна шүү дээ. Бас хариуцлагын тогтолцоо байхгүй болсон. Монголд хариуцлагын механизм байсан уу, байсан. Сайд ч хариуцлага хүлээдэг байх ёстой. Бид ардын хяналт гэдэг юмаа устгаж, огт хяналтгүй болгочихоод одоо болохоор бие бие рүүгээ гайхаж хараад сууж байна. Хариуцлагын тогтолцоогоо 1990 онд хаячихсан. Одоо огцрох гээд байгаа сайдуудын олонх нь гэмт хэрэгт холбогдсон нь хуулиар батлагдах байх. Батлагдаагүй байна л даа. Үйл ажиллагааны арга барилаа сайжруулах хэрэгтэй. Үүний тулд арга барилтай хүнээ олж тавих хэрэгтэй.

– Энэ УИХ-ын Засгийн газарт хариуцлагын тогтолцоо, ёс зүй гэдэг зүйл байна уу?

-Монголчууд нийтээрээ ёс зүйгээ эвдэлчихээд 15 жил өнгөрч байна. Тиим учраас ёс зүйн асуудлаа нийгмийн түвшинд, өндөрт тавья. Нийтээрээ баримтлах ёс зүйгээс гадна төрийн албан тушаалтан буюу төрийн захиргааны ёс зүйтэй болъё. Гүндалайг сайн ажиллаж байна гэж хэлсэн мөртлөө дургүйцэж байна. Жаргалсайханд бас дургүйцэж байна. Энэ нь ёс зүйгүй авирлаж байгаатай нь холбоотой. Төрд ийм ёс зүйгүй явдал гарч байгааг ялзарсан байна гэж хэлэхээс өөр арга байхгүй. Хэдхэн хүний ёс зүйгүй авирлалт нь ямар ноцтой дүгнэлтэнд хүргэж байна. Хариуцлага, ёс зүй, хууль сахих чанар нь гээгдсэн учраас тогтолцооны гажиг үүсч байна.

Зиндаа сонин 05 /199/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button