Утааны асуудлыг одоо л шийдэхгүй бол оройтлоо

Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тасгийн зөвлөх эмч Д.Мянгаатай ярилцлаа.

-Хотын оршин суугчид их бага хэмжээгээр утаанд хордох болсон. Ялангуяа хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь олширлоо. Энэ талаар таны бодол ямар байна?
-Хүний хамгийн чухал хэрэгцээ ус, агаар. Түүнгүйгээр амьдрахгүйг хүн бүхэн мэднэ. Гэтэл сүүлийн үед утааны асуудал дийлдэхээ болиод байна. Хамгийн эмзэг асуудал нь хүний эрүүл мэнд. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд юм. Өсөж яваа залуу организмд цэвэр агаар шиг хэрэгтэй зүйл байхгүй. Зөвхөн уушиганд биш, бүх л эд эрхтэнд агаар шаардлагатай байдаг. Утаанаас үүдэн тархины цусан хангамж багассанаар бодисын солилцоо явагддаггүй. Ингэснээр өсөлт багасах, гаж өсөх, зан төлөв нь өөрчлөгдөх зэрэг сөрөг үр дагвартай.

-Үүнээс үүдэн ямар нэг суурь өвчтэй болох уу. Жишээ нь сүрьеэ ч юм уу?
-Утаатай агаараар амьсгалснаар сүрьеэтэй болохгүй. Харин уушигны хавдар юм уу, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл буюу бронхит, мэнгэр зэрэг өвчтэй болох магадлал өндөр байдаг. Ер нь хүчилтөрөгчийн архаг дутагдлын суурь тавигддаг.

-Таны бодлоор энэ асуудлыг яаж шийдвэрлэвэл зохих вэ?
-Зарим хүн 2008 он гэхэд Улаанбаатар хот утаагүй болно гэж ярьдаг. Энэ бол худлаа. Ямар ч арга хэмжээ авсан ойрын ирээдүйд энэ асуудал шийдэгдэхгүй. Гэхдээ зөвхөн миний бодол шүү. Кувейтийн сангаас Засгийн газрын ордон барих хөрөнгө гаргах болсон гэж ярьж байсан. Нэгэнт л хөрөнгө мөнгө зарцуулаад шинэ ордон барьж байгаа юм чинь хотоос зайдуу газар сонгох хэрэгтэй. Тэгвэл утаанаас хагацаж болох л юм. Миний боддог өөр нэгэн зүйл бий. Хотын эргэн тойронд том салхин сэнс байрлуулвал утааг хөөх болов уу гэж. Энэ ч бүтэхгүй биз дээ. Бас нэг зүйл бол манайхан аливаа юмыг дандаа хожимдож хардаг. Ийм хэмжээнд хүрсэн хойно л хэлтэй амтай бүхэн ярьж байна. Одоо тулгамдаж буй асуудлаа гамшиг гэж нэрлэсэн байна билээ. Энэ харин үнэн байх шүү. Нээрээ л гамшгийн хэмжээнд хүрчихлээ шүү дээ.

-Тамхи татдаг хүний уушиг, хотын утаагаар амьсгалдаг хүний уушиг хоёрын аль нь илүү гэмтсэн байдаг бол?
-Тамхи татна гэдэг бол зохиомлоор өөрийгөө хордуулж байгаа гэсэн үг юм. Харин утаанд том онош тавьж болохгүй. Тамхи татдаг хүний уушиг жирийн хүнийхээс 20-30 хувиар илүү өвчлөмтгий байдаг. Саяхан телевиз үзэж байтал нэг ширхэг дугуйны дотор хаймар 150 төгрөгөөр худалдаж аваад түлдэг хүний тухай мэдээлж байсан. Хямдхан аваад түлж байгаа зүйл нь ямар их хортой бодис агуулж байдгийг тэд мэддэггүй. Энэ мэтчилэн жишээ олон байна. Ийм үед хортой утааг багасгана гэж ярих нь дэмий ур дүнгүй болжхувирав. Эрүүл төрсөн хүүхэд янз бүрийн өвчин эмгэгтэй өсөж байна. Энэ бүхнийг шийдэх цаг хэдийнэ болжээ. Олон нийтийн байгууллага, янз бүрийн төслүүд дэмий ярих биш, ямар нэгэн бодит алхам хийх цаг болсон.

(Нийгмийн толь 035/127)
А.Ням-Өлзий

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button