ЭМШУИС-ийн сэтгэцийн тэнхимийн багш АУ-ны доктор, профессор Н. Орёл Л. Гүндалай гэмт хэрэгтэн л биш бол сэтгэцийн шинжилгээ өгөх эрхгүй

энэ тухай судалгаа шинжилгээ, нийтлэл бичиж байсан ЭМШУИС-ийн сэтгэцийн тэнхимийн багш АУ-ны доктор, профессор Н.Орёлтой уулзаж сүүлийн үед төрийн сайд нарын дунд үүсээд байгаа маргааны тухай ярилцсан юм.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын сэтгэл мэдрэлийн шинжилгээ хийлгэх тухай хууль байдаг уу. Энэ талаар таныг нэлээн ярьж бичдэг хүн гэж сонслоо?

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай Монгол улсын хуулинд зааснаар ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бусад бичиг баримтын хамт эрүүл мэндийн бичиг баримт нь бүрдсэн цагт сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авдаг. Өөрөөр хэлбэл эмнэлгийн үзлэг шинжилгээгээр сэтгэцийн хувьд эрүүл гэсэн дүгнэлт гарсан байвал бүртгэж авдаг юм. Энэ асуудлыг би нэлээн хэдэн жйлийн өмнөөс сонин хэвлэлээр бичиж байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигч, УИХ-ын гишүүнд нэр дэвшигч, Засгийн газрын гишүүнээр томилогдож байгаа хүмүүс дотор илэрхий сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг тэр бүр сонгоод байхгүй нь мэдээж. Төрийн өндөрлөгт ажиллана гэдэг чинь нэг хүний хувь заяа биш нийт улсын хувь заяанд нөлөөлдөг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд ийм заалт байгаа юм чинь УИХ-ын сонгуулийн хууль, Засгийн газрын гишүүний тухай хуулинд ийм заалт байхад буруутахгүй гэж бодож байна.

-Төрийн сайд хүн нэгнийхээ сэтгэцийг хэвийн биш байна. Сэтгэцийг нь холбогдох байгууллагаар шалгуулсны дараа хуралдаа сууна гэсэн мэдэгдэл гаргаад байгаа. Нэг сайдын хүсэлтээр нөгөөхийн сэтгэцийг шалгах явдал байж болох уу?

Монгол улсын сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулинд зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хүний сэтгэцийн өвчтэй эсэхийг тодорхойлуулахыг тулган шаардахгүй гэж заасан байдаг. Энэ хуулинд эмнэлгийн магадлагааг хэнд, яаж гаргах вэ гэсэн зүйл байдаг.
Тэгэхээр хичнээн төрийн сайд байлаа ч хүний сэтгэцийн эрүүл мэндийг шалгуулъя гэсний дагуу шалгадаг хууль байхгүй. Албан ёсны шаардлагаар хуулийн байгууллагын тогтоолоор гэмт хэрэгт холбогдсон, эсвэл гэрч хохирогч, энэ хүн иргэний эрх зүйн чадамжтай биш байна гэж үзсэн тохиолдолд сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг шалгадаг. Өөрөөр хэлбэл Гүндалай гэмт хэрэгтэн биш бол сэтгэцийг шалгах эрх байхгүй гэсэн үг. Олон улсын хуулинд хэн нэгэн хүний сэтгэцийн эрүүл мэндийн байдалд албан ёсны шаардлага гараагүй бол тэр талаар дүгнэлт гаргахыг хориглосон заалтууд байдаг. Гэхдээ төрийн өндөрлөгт байгаа хүн сэтгэцийн эмч, сэтгэл зүйчийн үзлэг шинжилгээгээр ороод энэ хүн сэтгэцийн хувьд эрүүл, төр барих ухаан чадвартай гэсэн дүгнэлт гарчихсан байх юм бол тэр хүн өнөөдөр тэгж хэлүүлэхгүй байх байсан. Хүн өөрийнхөө сэтгэцийн байдлыг тодорхрйлуулъя гээд хандаад ирэхэд нь бид нар үгүй гэж хэлэхгүй.

-УИХ дээр Жаргалсайхан сайд, Гүндалай гишүүн хоёрын гаргаж байгаа үйлдлийг ажиглаж байгаа байх. Тэдний гаргаж байгаа зан авираас сэтгэцийн эмгэгтэй юм байна гэж тодорхойлж болох уу?

Эмч хүн ямар нэг хүнийг өөрөө албан ёсоор үзэж шинжлээгүй цагт тэр хүний талаар ямар нэг онош тогтоох, нийтэд түгээх сурталчлах эрх байхгүй. Тэр ч бүү хэл тухайн хүнийг оношилж тогтоогоод эмчилгээ хийсэн байлаа ч гэсэн эрх бүхий байгууллагууд албан ёсоор хандаагүй цагт хүний эрүүл мэндийн талаарх нууцыг хэнд ч хэлж болдоггүй. Нас барсных нь дараа ч хэлж болдоггүй. Энэ талаар ямар нэг хэвлэл мэдээлэлд тиим ийм байна гэж хэлэх ёс суртахуун болоод хууль эрх зүйн эрх мэдэл надад байхгүй.

-УИХ-д бодлого барилцаж байгаа гишүүд дундаас зан үйлийн гаж байдал гаргаж байгаа нөхөд цөөнгүй харагддаг. Мэдээж танд биднээс илүү тодорхой харагддаг байлгүй?

Мэргэжлийн хүний хувьд энэ ч нэг иймэрхүү юм байна даа гэж дүгнэж болмоор зан үйлийн байдлууд харагддаг. Гэхдээ тэрийг ийм тийм байна гэж албан ёсоор хэлж болдоггүй.

-Өмнөх УИХ-д сум Дашзэвэг гэх мэтийн сонин авир араншин гаргадаг цөөнгүй гишүүд байсан. Хэдийгээр эмч албан ёсоор сэтгэцийн өөрчлөлттэй гэж онош тогтоогоогүй ч үйлдэл, үг хэлээрээ сэтгэцийн эмгэгтэй гэдгээ харуулаад байдаг?

Тэд үргэлж олон нийтийн хараанд байдаг болохоор хэлж ярьж байгаа, юманд хандаж байгаа хандлагаараа хүмүүсээс янз бүрийн нэр хоч өгсөн, яриа хүртэл гарсан байдаг. Тэрнээс биш албан ёсоор сэтгэцийн эмчид хандаад сэтгэцийн оношоо тогтоолгочихсон юм байдаггүй.

-Сүүлийн үед сэтгэцийн өвчин нийгмийн өвчин болчихсон юм шиг хандлагатай болчихлоо?

Сэтгэцийн өвчин үүсэхэд биологийн, нийгмийн, сэтгэл зүйн гэсэн хүчин зүйлс нөлөөлдөг. Сүүлийн үед нийгмийн хүчин зүйлийн нөлөө их өргөсөж байна. Хүүхдүүд багаасаа зан төрхийн орчин өөрчлөлттэй болж хүмүүжиж байна. Архидал ядуурал, хүмүүсийн стресс, мансууруулах бодис хэрэглэх, янз бүрийн юманд донтох, биеэ үнэлэх, бэлгийн гаж дон, амиа хорлох гээд энэ бүхэн яалт ч байхгүй сэтгэцийн өөрчлөлтөд хүргэж байгаа нийгмийн хүчин зүйлс мөн.

-Сүүлийн үед хүний ухаан санаанаас гарамгүй гэмт хэргүүд гарах болж. Ийм гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийн сэтгэц эрүүл байж чадах болов уу?

Хүний санаанд багтамгүй аймшигтай, урьд өмнө нь монгол хүн сонсож байгаагүй гэмт хэргүүд сүүлийн үед их гарч байна. Гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь ямар нэг сэдэлтэй, өөрөөр хэлбэл сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс байдаг. Зарим тохиолдолд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс нарийн зохион байгуулалттай бишээр хүний амийг бүрэлгэх явдал гарч байна.

-Хүний нүдийг хараад энэ хүн үнэхээр сэтгэцийнхээ өвчнөөс болоод гэмт хэрэг хийчихэж гэдэг нь илрэх үү?

Сэтгэцийн байдлыг үнэлж шалгана гэдэг их нарийн арга технологитой,Тухайн хүний үг яриа, гаргаж байгаа үйлдэл, төрх байдлыг нь ажиглаж судалдаг. Мөн эмнэлгийн нарийн шинжилгээнүүд хийнэ. Ялангуяа сэтгэцийн өөрчлөлтийг шинжилдэг клиникийн сэтгэл зүйн шинжилгээ гэж байдаг. Сүүлийн үед дэлхийн өндэр хөгжилтэй орнуудад сэтгэцийн өөрчлөлтийг компьютерээр оношилж байна. Бид энэ тал дээр хоцроогүй, нэлээн туршлага хуримтлуулж байгаа.

-Бадраа агсныг хөнөөсөн хэрэг эрүүл хүний ухаан санаанаас гарах үйлдэл мөн үү?

Тэр хүнийг хөнөөсөн хүн нь шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээгээр орсон байх. Хуулинд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял шийтгэл авах зүйл ангид хамаарагдах гэмт хэрэг хийсэн хүнд заавал шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийж байж шүүх хэргийг нь шийдвэрлэнэ. Эмнэлгийн шинжилгээгээр онош нь тогтоогдоогүй байхад янз бүрийн дүгнэлт хийж болохгүй л дээ.
Ярилцсанд баярлалаа

Зиндаа сонин 05 /199/
Б.Төвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button