Галт шувуу хийгээд шулмын мөр

Оросын Архангельск хотыг хүмүүс зөндөө сонссон. Эрэг хавийн анчид гэрэлт галуу үзжээ. Ярославын орчимд гэрэлт шар шувуу харжээ. Хар тэнгис орчимд нэг удаа гэрэл цацруулсан хун алсан аж. Загасчны гэрт авчирсан шувуу өрөөг нь бүдэгхэн гэрэлтүүлсэн зэрэг тохиолдол олон дуулддаг. 1952 онд Мурманск мужид нэгэн дэлгүүрт шинэхэн хөлдөөсөн сагамхай загас авчирчээ. Ажлаа дуусаад худалдагч нь дэнлүүгээ унтраасан боловч өөрийнх нь гараас гэрэл гараад байж, айх гайхах зэрэгцэв. Тэр бүү хэл, авчирсан бүх загас нь, тавьсан тавиур нь цөм гэрэлтэж харагдав. Энэ бүхэн цөм болсон явдал ажээ. Үүнийг байгалийн хүйтэн гэрэлтүүлэг гэдэг юм байна. Зөвлөлтийн гарамгай зохиолч К.Симоновын нэг номонд Би хитэг рүү харвал сэнсний цаана гүн хар усан дээгүүр урт зурвас гэрэл буйг олж харлаа. Бидний дээгүүр ямар нэг юм түжигнэж байв. гэж бичсэн. Нүдээр үзсэнээ зохиолч ийн тэмдэглэсэн нь Мэдээж. Зурвас гэрзл гэдэг нь хүйтэн гэрэл. Батумаас Одесс руу нэг удаа очсоноо би санаж байна.

Өмнөдийн дулаан шөнө, нойр үл хүрнэ. Бид онгоцны талбай дээр сууж явав. Алсад Кавказын эргийн гэрэл гялалзана. Ус яг шатаж байгаа мэт гэрэлтэв. Долгион хурц гэрлээр гялалзан хөлөг онгоцны ард үлдэх ус хөхөвтөр өнгийн гэрэл цацруулан үе үе галт багана босгож буй нь далайн гахай уснаас цухуйн гарч ирэн, эргийн ойролцоо очис цацан буй нь тэр аж. Халуун бүсийн тэнгис онцгой гоё. Далай дүрэлзэн шатна, өнгө өнгөөр гээч. Далай тэнгис яагаад ийн гэрэлтдэг юм бол оо ? Голландчууд Номхон далайд шинэ Гвинейг эзлээд байсан үе юмсанжээ. Нутгийн уугуул иргэд хэрцгий холынхонд бууж өгөлгүй арлын нэвтрэх аргагүй их ойд аж төрж байв. Арлынхан холын тэр зочдыг чимээ гаргалгүй хүрч очоод хордуулсан сумаар харваж алчихаад, чимээгүйхэн зайлж одно. Бабо суурин нь нэг талаасаа далайгаар, нөгөө талаасаа намаг эргийн өргөст ургамлаар хүрээлэгдсэн газар. Нэгэн харанхуй шөнө харуулд зогсож байсан цэрэг үзсэн зүйлээсээ болоод айн чичирчээ. Эргээр бүдэг гэрэл тэнүүчилж, гэрэлт толбо хөдлөн ирэв.

Улам бүр ойртлоо. Цэрэг ч хөдөлж чадахаа байв. Хэдхэн метрийн зайд ирэх нь тэр. Элсэн дээр хүний нүцгэн хөлийн мөр үлдэж байв. Тэр мөрүүд хэдэн хором дүрэлзэж байгаад унтарлаа. Тэрхүү шулам-ын галт мөр байн байн тосгонд гарсаар л байлаа. Тэгэхдээ далай давалгаалж, салхи салхилан, үүлэрхэг харанхуй шөнөөр тэр мөр гарна. Ингэх бүрийд тосгоноос хэн нэг хүн юмуу мал, эрэгт байсан завь алга болно. Энэ нууц тайлагдваа. Нэг орой Голландчуудын нэг нь завиа шалгахаар эрэг рүү явтал түүний ард нь мэн л тиим гэрэлтсэн мөр үлдээд байж. Тэрхүү шулмын мөр -ийг мань эр үлдээж байгаагаа мэдэв. Элсний өөрийнх нь чанарт байж болох юм гэж ойлгов. Энэ гэрлийн эх булаг нь амьд бичил амьтад гэдгийг ойлгоцгоожээ. Перидиней гэгч жижиг амьтад тайван үедээ гэрэлтдэггүй. Хөдөлгөөнд ормогц дорхноо хурц гэрэл гаргана. Далайн түлхэлтээр эрэгт хаягдсан Перидиней үхдэггүй. Хүн юмуу амьтан явахад гэрэлтэнэ. Далайн гүнд ч гэрэлтэгч амьтад зөндөө байдаг ажгуу. Газрын дундад тэнгисээс арван тэмтрүүлт бүхий хачин амьтныг загасчид гаргаж иржээ. Бие дээгүүр нь цэнхэр туяа татаж байсан гэсэн. Гэрэл гаргаж амиа хамгаалдаг амьтад байдаг аж. Далайн өөр нэг өт амиа их сонирхолтойгоор хамгаална.

Наймаалж түүнийг үмхэн авахад биеийн бөгсөн хэсэг хурцаар гэрэлтэнэ. Тэгмэгц бөгөөө орхиод нуугдчихна. Хэсэгхэн хугацааны дараа бөгсөн бие нь дахин шинээр ургаад ирнэ. Бразил,Уругвай зэрэг оронд өнгө өнгийн гэрэлтэй галт хорхой олон байдаг аж. Нөгөө галт шувуу юу боллоо. Энэ амархан зүйл байжээ. Шувууны далавчинд гэрэлтэгч бичил биетэн ордог байна. Хөлдөөсөн нөгөө сагамхай загас яагаад гэрэлтсэн юм бол оо ? Нөгөө л далайн бичил амьтад наалдсаных. Үлгэрийн галт шувууны учир нь олдох нь тэр. Хүйтэн гэрэлтүүлэг гэж ийм зүйл байдаг ажээ. Гэрэлд химийн энерги оролцохыг хемолюцинесценц гэж нэрлэдэг юм байна. Энд химийн урвал явагддаг бөгөөд энерги нь бараг дулаанд зарцуулагддаггүй, тэр чигээрээ гэрэлд шилжинэ. Энэхүү хүйтэн гэрэлтүүлэгтэй холбогдсон үзэгдэл олон янз. Гэрэл гаргадаг бүхэнд тиим ч сүрхий нууц байдаггүй бололтой. Юмны учрыг хагас дутуу ухаарснаас буг чөтгөр, шуламс хэмээгчийн тухай хүмүүс ярьдаг, мэдэмхийрдэг болсон ажгуу.

Зиндаа сонин 05 /199/
Э. Хархүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button