Х.Хадхүү Дэлхий хаа ч байхгүй эротик шатар хийлээ
-Өнгөрсөн жил уран бүтээлийн олз омог их байв уу?
-Оны эхэнд төлөвлөж байсан ажлуудаа бүгдийг нь шахуу амжуулсан. Шинэ, санаануудаа баяжуулж бүтээл болгоход бэлэн болсон.
-Та бага насныхаа тухай манай уншигч олонд дэлгэвэл сонин байх болов уу?
-Би багадаа юм юм сонирхсон сахилгагүй хүүхэд байлаа. Бусадтай л адил сургууль соёлын мөр хөөсөн. Гарын уртай байсан ч юмуу ямар ч байсан Дүрслэх урлагийн дээд сургуулийн ваар урлалын ангийг 1993 онд төгсөөд өөрийн бүтээлээ хийсээр явна даа.
-Таныг голдуу шатар хийдэг гэж сонссон?
-Тиймээ, би сүүлийн үед янз бүрийн шатар хийж байгаа.Одоо ч түүхэн сэдэвтэй шатар хийхээр төлөвлөөд байна. Хүннүгийн үеийн монголчууд, Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн шатар хиймээр санагддаг. Тэр хүслээ биелүүлэхэд их ойрхон ирсэн. Бидэнд санхүүгийн байдал нөлөөлдөг ч сайн санаатай, урлагт элэгтэй, уран бүтээлч хүнийг ойлгодог хүмүүс байдагт баярлаж явдаг. Бүтээл хийж ашиг олъё гэсэн санаа байдаггүй болохоор бурхан тэнгэр намайг ивээж байдаг гэж боддог.
-Анх түүхэн сэдвээр шатар хийх санааг яаж олсон бэ?
-Би түүхийн судлаач хүн биш ч гэсэн түүх их сонирхдог. Иймд энэ санаагаа олж түүхийн холбогдолтой олон ном уншиж, түүнийгээ боловсруулж гурван жил гаруй болсны дараа хийгээд үзье гэсэн бодол төрж, хийж эхэлсэн.
-Энэ шатруудыг ямар материалаар хийдэг вэ?
-Голдуу гипсээр цутгаж хэв хийснийхээ дараа гууль, мөнгө, алт гэх мэтийн олон материал ордог. Хэт их үнэтэй эдээр хийвэл сонирхсон хүн авч чадахгүйд хүрдэг.
-Таны энэ шатрууд дотор эротик маягаар хийгдсэн шатар ч байна. Яагаад ийм шатар хийх болов оо?
-Ер нь хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас хойш тэдний амьдралыг сексгүйгээр төсөөлөх аргагүй юм билээ. Ном зохиолд хүртэл эмс, охидоос болоод дайтаж байсан гэдэг. Бас хүмүүст үзүүлэх гэдэг утгаараа сонин байх аа. Эротик шатар гэдэг хаа ч байхгүй. Монголд энэ бүтээл анхных нь шүү. Зарим хүн үүнийг бүтээл гэдэгтэй маргаад байдаг юм.
-Эдгээр шатрыг хийхэд материалын олдоц хэр байдаг вэ?
-Хоёрын хооронд материалаар хийж болохгүй. Түрэг, Киданы үеийн гуулин зоос хүртэл олдож байгаа болохоор жинхэнэ гууль зэргийг олоход амархан. Гэхдээ одоо хуучны гуулиар хүмүүс өөр юм хийдэг болжээ. Яваандаа олдоц нь муудах байх гэж боддог шүү. Эрийн гурван наадмаас сэдэвлэсэн шатар хийж дуусаад байна.
-Үнэлбэл их оөндөр үнэ хүрэх байх даа?
-Энэ шатрын зарим хэсгийг алтадсан, заримыг нь мөнгөөр бүрсэн. Хийц нь ч гэсэн нэлээн ур чадвар шаардсан ажил байсан. Хүнд сонирхолтой болгож харуулахын тулд ноён, бэрс зэргийг 50-иад оны үеийн эрэгтэй, эмэгтэй төрх, хувцсыг дуурайлган хийхийг оролдсон. Мөн тэр үед хэрэглэж байсан Оросын Победа машиныг тэрэгний оронд хийсэн.
-Урьд өмнө өөрийн уран бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож байв уу?
-Оролцож байсан. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн ивээл дор зохион байгуулсан дархчуудын үзэсгэлэнд орж гайгүй үнэлгээ авсан шүү.
(Нийгмийн толь 134/126)
Ж.Байгаль