Б.Эрдэнэсүрэн Засгийн газар дараагийн сайдаар ямар хүн тавихаа судална
Тиймээс энэ асуудлаар УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд ахлагч Б. Эрдэнэсүрэнгээс тодруулсан юм.
-УИХ-аар Үйлдвэр, худалдааны сайдын асуудлыг ярьсангүй. Ер нь энэ асуудлаар бүлэг тодорхой шийдэлд хүрсэн үү?
-Бүлэг энэ асуудлаар ярилцаагүй. Ярих цаг нь ч болоогүй гэж бодож байгаа. Учир нь сайд огцруулах асуудлыг Л.Гүндалай гишүүн саяхан УИХ-ын даргад өргөн барьсан. Тэгээд богино хугацаанд шийдэгдлээ. Ер нь нэг сайд огцроход дараагийнх нь бэлэн гэсэн юм юу байхав. Харин одоо бол ямар хүнээр сайд тавих вэ гэдгээ Засгийн газар судлах цаг.
-МАХН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдаж тодорхой шийдэлд хүрсэн гэж ярих боллоо?
-Удирдах зөвлөлөөс тодорхой шийд гараагүй. Хэнийг ч дараагийн сайдаар тавих тухай ярилцаагүй. Энэ бол зөвхөн Ерөнхий сайдад хуулиар олгогдсон эрх нь шүү дээ. Харин тэр зарим хэвлэлээр гарсан зүйлийг бол би мэдэхгүй байна. Удирдах зөвлөл ярилцаагүй гэдгийг хатуу мэдэгдье.
-Хуулийн дагуу бол УИХ дараагийн сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Ингэхээр ээлжит бус чуулган зарлана гэсэн үг үү?
-Энэ талаар сайн мэдэхгүй байна.
-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх тухай яригдах болсон. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?
-Манай намын Удирдах зөвлөлийн шийд гараад энэ асуудлаар ярилцсан. Гэхдээ энд Засгийн газрын бүтцийн өөрчлөлт гэж яриад байх юм. Миний ойлгож байгаагаар захиргааны зардлыг хямдруулж, шат дамжлагыг нь цөөрүүлж, шуурхай болгох чиглэлээр л асуудал боловсруулах комисс гаргасан. Энэ комиссын дүгнэлт ирэх 23-ны өдөр гарна.
(Нийгмийн толь 034/126)
Ч.Нар