Д.Туяа сайд цэцэг түүж, цас арилгахаас ажлаа эхэлбэл яасан юм бэ
Хуучин хүндаам гэдэг нь өнөөх л төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлан, хэрэгжүүлж эхэлсэн төсөл, хөтөлбөр, тогтоол, шийдвэрүүд. Үүний нэг нь яах аргагүй өрхийн эмнэлэг хөтөлбөр билээ. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор манай улсад 1999 оноос Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр нэртэй төсөл хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд мөн оноос эхлэн аймаг, нийслэл, баг хороонд өрхийн эмнэлгүүд байгуулагдан ажилласан. Ингэжл манайдөрхийн эмнэлэг хэмээх нэр томъёо бий болжээ. Гэтэл нэр томьёо нь танил болсон ч үйл ажиллагаа, үйлчилгээ нь иргэдэд төдий л хүрсэнгүй ээ. Үйлчлэх хүрээнийхээ хүн амд төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг төрөөс гэрээгээр гүйцэтгэж байгаа ашгийн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг өрхийн эмнэлэг гэнэ гэсэн тодорхойлолт бий. Өрхийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх ёсонд суралцахад арга зүйн зөвлөмж өгөх үүрэгтэй. Тэр ч байтугай, өрхийн эмнэлэгтээ бүртгэлтэй гэр бүлийн гишүүдийг толгой дараалан үзэж, эрүүл мэндийн байдалд нь үнэлгээ өгөхийн зэрэгцээ эмгэгийг эрт илрүүлэн эрүүлжүүлэх ажлыг тэд хийх учиртай. Хүүхдийг товлолын дагуу хийх тарилгад бүрэн хамруулах ажлыг бас л тэд хариуцна. Жирэмсэн болон эмэгтэй нялх хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хяналтдаа авч, шаардлагатай бол гэрээр үйлчлэх тусламжийг мөн л өрхийн эмнэлгийнхэн үзүүлнэ. Гэмтэл болон цочмог халдварт өвчний эмчилгээний дараахь үе, архаг эмгэгийн эмчилгээ, сэргээн засах болон хөнгөвчлөх эмчилгээг гэрт тань очиж хийх нь мөн л тэдний ажил. Өрхийн эмнэлэг нь цаашлаад 2-3 дугаар шатлалын кпиникийн эмнэлэгтэй холбоо тогтоож, таныг эмнэлгийн тусламж авахад тань зуучлагч болж өгнө. Ийм л үүрэгтэй байгууллага өнөөдөр сул зогсож байна. Мэндлээд өчнөөн жилийн нүүр үзчихсэн хэрнээ бие тулгар эмэгтэй мэт шинэ сайдын дорвитой ажлыг хүлээзнэж сууна. Улсын хэмжээнд нийт 234 өрхийн эмнэлэг бий. Гэтэл харьяалах өрхийн эмнэлгээрээ үйлчлүүлдэг эсэхийг хүмүүсээс лавлавал Манай багт өрхийн эмнэлэг байдаг юм уу. Хаана байдаг юм. Ямар үйлчилгээ явуулдаг юм бэ. Би мэдэхгүй, үйлчлүүлж үзээгүй гэж ихэнх нь хариулах аж. Өрхийн эмнэлэг гэж ямар үйлчилгээ үзүүлдэг байгууллага болохыг ч мэдэхгүй хүн бидний дунд цөөнгүй байна. Хүүхэд нь ханиуд шуухнаа хүрэх мэтэд өнөөх л өрхийн эмнэлэг рүүгээ хандах зүй ёсны сэтгэл зүй бидэнд хараахан бүрэлдэж амжаагүй. Үүнийг л шинэхэн сайд минь эрүүл мэндийн салбарын хүндаам буюу суурь болгон цутгаасай. Юу гэвэл, өрхийн эмнэлэг нь өвчлөлийг багасгах, дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг хөнгөвчлөх зорилгоор нөгөө талаар иргэн бүхний, айл бүрийн эрүүл мэндийн дотны туслагч байх гэсэн зарчимд тулгуурлан мэндэлсэн байж таарна. Харамсалтай нь өнөөдөр тэрхүү зарчмаасаа гажсаны үрээр эрүүл мэндийн салбарт хүнд суртал, хээл хахууль, ар өврийн хаалга, шат дамжлага гээд цөөнгүй бэрхшээл үүдэн гарчээ. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр өрхийн эмнэлэгт хамгийн ур чадвар муутай эмч нар ажилладаг гэсэн ойлголт иргэдийн дунд төлөвшиж. Тиймдээ ч өрхийн эмнэлэгт найдаж, тийш зүглэхийн оронд томоохон эмнэлэг, эс бөгөөс хувийн эмнэлгийг зорих хүн олон. Өрхийн эмнэлгийнхэн ч өөрдсөө эмчлэхээсээ илүүтэй, шууд л аль нэг тасагт үзүүлэх, шинжилгээ хийлгэх бичиг хийж өгөөд л гаргадаг. Энэ нь төрөөс эрүүл мэндийн салбартаа авч хэрэгжүүлсэн хамгийн том бодлогыг үнэгүйдүүлж орхижээ. Уг нь өрхийн эмнэлгүүдэд төрөөс үзүүлэх санхүүжилт тиймч чамлахаар бус. Өрхийн эмнэлэг нь нэг иргэнд оногдох төрөөс үзүүлдэг тусламж үйлчилгээний зардлаар санхүүждэг. Өрхийн эмнэлгийн жилийн төсвийн зардлыг тогтоохдоо иргэдийн 40 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, 60 хувь нь энгийн амьдралтай гэж үздэг бол гэр хорооллын, эсвэл алслагдсан өрхийн эмнэлэгт энэ хууль эсрэгээрээ үйлчлэх журамтай. Ингээд тооцоод үзэхээр орон сууцнуудын дунд байрлах өрхийн эмнэлэг 16 сая, төвөөс зайдуу бол 20 сая төгрөгөөр жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Дээр нь өргөн хэрэглээний эм тариа, боолтыг үнэ төлбөргүй хийх ёстой. Нэг эмнэлэгт харьяалах хүн амын тооноос хамаарч 6-8 эмч ажилладаг. өөрөөр хэлбэл, өрхийн эмнэлэг дунджаар 6000-7000 хүнд үйлчлэх учиртай. Үүгээр бол өрхийн эмнэлгийг зорих иргэдийн зам хэзээ ч балрахгүй, улам тод дурайсан байлтай. Гэтэл өдгөө тэр хүрэх зам зундаа цэцгээр, өвөлдөө цасаар хучигдсан хэвээр байх аж. Эрүүл мэндийн сайдаар томилогдоод удаагүй байгаа шинэхэн сайд маань тэр л замд ургасан цэцэг бүхнийг түүж, хунгарласан цасыг арилгахаас л ажлаа эхэлбэл яасан юм бэ.
(Нийгмийн толь 034/126)
Д.Дамдинжав