ГОК-ын шүүх хурал гахай жилийн шинийн таван хүртэл хойшилжээ
Гэтэл товлосон хугацаанд шүүх хурал болсонгүй. Баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсгийн дарга Т.Түмэн-Өлзий, тээрмийн цахилгааны товчлуурыг дарсан цахилгаанчин Д.Насаннэмэх, Баяжуулах фабрикийн ерөнхий инженерийн хөдөлмөр хамгаалал эрхэлсэн орлогч Д.Цагаан-Эрдэнэ нарт үүсгэсэн тус эрүүгийн хэрэг нь олны анхаарлыг нэлээн татаж байна. Сум дундын шүүхээс хурлыг зарлахдаа тодорхой бодлого болгосон. уу бүү мэд ямар ч байсан хохирогчид болон хэрэгтнүүдийн өмгөөлөгчдийг нь хавтаст хэрэгтэй танилцуулааагүй байсан ажээ. Шүүхийнхэн яагаад хэргийн материалтай тэднийг танилцуулалгүй яаравчлан шүүх хурал хийх гээд байсан нь сонирхолтой байна. Нөгөөтэйгүүр хэрэгт холбогдсон Т.Түмэн-Өлзий, Д.Насаннэмэх, Д.Цагаан-Эрдэнэ нарыг үйлдвэрийн захиргаа хэрэг гарсны дараахан өөрсдийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээгээ цуцалжээ. Үүгээрээ энэ гурван хүнийг манайд хамаагүй, хэрэггүй гэсэн санааг хэлээд байх шиг. Гэтэл хэргийн хамгийн гол гогцоо нь үйлдвэр, фабрикийн удирдлагууд уснаас цэвэрхэн гарч чадсанд оршиж байх шиг.
Нэгэн үе үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал хэмээх том албан тушаалыг хашиж байсан Ш.Гэзэгт дарга ослын хариуцлагаас цэвэр мултарчээ. Түүнийг үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар ажлыг нь өөрчилсөн байдаг. Эндээс харахад Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт гарсан ослын хариуцлагыг үйлдвэрийн удирдлагууд хэзээ ч хариуцдаггүй гэдгийг хэлээд байх шиг. Нөгөөтэйгүүр үйлдвэрийн удирдлагууд хохирогчдын ар гэрийнхэнд осол гарсны дараагаас эхлэн элдэв амлалт мөнгө өгч эхэлсэн байна. Байр орон сууцаар хангах, хүүхдийн сургалтын төлбөрийг хариуцах, ажлын байр бий болгон ажилд авах дээр нь багагүй мөнгө амладаг уламжлалтай газар. Үүний цаана ганцхан санаа нуугдан байсан нь хохирогчдын ар гэрийнхэний амнаас гомдолгүй гэсэн ганцхан үгийг авахад оршиж байв. Гэтэл хохирогчдын ар гэрийнхэн тэдэнд ямар нэгэн зүйлийгамлаагүй бололтой. Яагаад гэвэл хохирогчдын ар гэрийнхэн үйлдвэрийн саналыг хүлээн авалгүй энэ хэргийн эцсийг харахаар шийджээ. Шүүхийн зүгээс хохирогчдын шүүх хурлыг хойшлуулах саналыг харгалзан үзээд энэ сарын 22-нд хийхээр товлосон байна. Хөдөө гадаагүй cap шинийн баяр болох гээд хүн бүхэн амьсгаа давхцсан энэ өдрүүдэд хавтаст хэргийн материалтай нэгбүрчлэн танилцаж суух завтай өмгөөлөгч байх болов уу. Сонгосон өдөр нь ч гайхалтай. Хаврын тэргүүн сарын шинийн таван буюу баярын уур амьсгал татраагүй өдөр, цагийг сонгосон нь шүүх хурлыг хийсэн нэр зүүгээд хоёр яс салах гэсэн шүүгчийн санаа юу. Зарим эх сурвалжийн мэдээлснээр шүүх хурал дахин хойшлох магадлал өндөр гэнэ. Хохирогчид болон хэрэгтнүүдийн зүгээс хэргийг дахин задлан мөрдөн байцаалтад буцаах санал гаргахыг ч үгүйсгэхгүй байна. Ямартаа ч гал гахай жилийн хамгийн эхний шүүх хурал магадгүй Эрдэнэт хотноо болохыг хүлээх л үлдлээ.
(Нийгмийн толь 034/126)
Р.Дондог