Ц.НЯМДОРЖ Тийм жишиг тогтохоос сэргийлж, би хатуу байр суурь баримталсан
Намрын чуулганы хугацаанд долоон бие даасан хуулийг хэлэлцэн баталж, 90-ээд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тэдгээрт татварын багц хууль, ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын 2007 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл болон мөнгөний бодлогод ихээхэн анхаарсан гэж ноён спикер онцлон тэмдэглэж байлаа. Энэ онд улсын төсвийн орлого 1.2 триллионд хүрч, зарлага 200 тэрбум гаруй төгрөгөөр давахаар төлөвлөгджээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ 390 тэрбум төгрөг болсон нь сүүлийн найман жилийн нийт хөрөнгө оруулалттай тэнцэж байгаа аж. УИХ-аас энэ оны улсын төсвийг батлахдаа нийгмийн хамгааллын салбарт түлхүү анхаарч хүүхэд бүрт сард 3000, жилд 100 мянган төгрөг, мөн шинээр гэр бүл бологсод, төрсөн хүүхэд, Алдарт эх-ийн одонтой эхчүүдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор боллоо. Yдийн цай хөтөлбөрт I-IҮ ангийн сурагчдыг хамруулахаар шийдвэрлэн үүнд 10 тэрбум төгрөг төлөвлөөд байна. УИХ-аас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг гаргасны дотор эрчим хүч, автозамын салбарт онцгой анхаарсан байна. Энэ онд 55 сумыг эрчим хүчний нэгдсэн системд холбохоор төлөвлөж байгаа бөгөөд ирэх онд бүх сумыг гэрэлтэй болгох зорилт тавьж байгаа билээ. Мөн 75 мянган малчин өрхийг сэргээгдэх эрчим хүч буюу нарны эх үүсвэртэй болгох юм байна. Татварын багц хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын босгыг өндөрсгөж 3.0 тэрбумаас дээш төгрөгийн орлоготой бол дээд шатлалд хамруулахаар, НӨАТ-ын хэмжээг нэг шатлалд шилжүүлж 10 хувь болгосон нь олон талын ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж үзэж байгаа аж. Автозамын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, зөвхөн Мянганы зам-ын ажилд 29 тэрбум төгрөгийг зарцуулах юм. Ашигт малтмалын хуулийг хэлэлцэн баталсны дараа орд газруудын жагсаалтыг гаргаж, 17 орд газрыг стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлон баталсны дээр 37 ордын нөөцийг тогтоон жагсаалтад багтаах эсэхийг шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгоод байна. Энэ онд Дөргөн, Тайширын УЦС-ыг ашиглалтад оруулахаас гадна Хятадаас оруулж ирэх 300 сая ам.доллараар Эгийн голын УЦС-ыг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ноён спикер УИХ-ын намрын чуулган зорилтоо шийдвэрлэж чадсан гэдгээр мэдээллээ өндөрлөж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Намрын чуулганы хугацаанд Засгийн газрын гурван ч сайдыг огцрууллаа. УИХ, Засгийн газрын харилцаа ямар байгаа вэ?
-Yндсэн хуулийн хүрээнд УИХ нь Засгийн газар, түүний танхимын сайдуудтай хариуцлага тооцох тэр л жишгээр гурван сайдын асуудлыг шийдсэн. Энэ нь УИХ-д суудалтай намуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хэвийн явагдаж, улстөрийн шийдэл гаргаж чадаж байгааг харуулж байгаа хэрэг.
-Хамгийн сүүлд YХ-ны сайд Б.Жаргалсайханыг огцруулсан. Түүний оронд тавих сайдын асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах уу?
-Шаардлага гарвал УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулганыг хуралдуулахаар зарлах боломж бий. Гэвч хууль санаачлах эрхтэй субьектүүдээс ямар ч санал ирээгүй байна. YХ-ны сайдын үүргийг Сангийн сайд Н.Баяртсайхан гүйцэтгэж байгаа. Дээр нь дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны бүхэл бүтэн аппарат ажиллаж байхад зөвхөн энэ асуудлаар ээлжит бус чуулган хуралдана гэж байхгүй гэдгийг баттай хэлж байна.
-Улсын төсвийг хуваарилах асуудалд УИХ хэтэрхий оролцож байна гэсэн шүүмжлэл гарч байна. Та үүнийг зөвшөөрөх үү?
-Хэзээ ч зөвшөөрөхгүй. УИХ төрийн эрх барих дээд удирдлага учраас улс орны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг тодорхойлох, төсвийн хөрөнгийг хуваарилах асуудалд оролцох бүрэн эрхтэй. Хуулинд ч тэгж заасан байгаа. Сүүлийн жилүүдэд энэ эрхээ эдлэхгүй, олон эрх үүргээ доош нь шилжүүлж хяналт тавих үүргээсээ татгалзсан байсныг жинхэнэ ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Намрын чуулганы нэг онцлог нь энэ гэж хэлж болно. Ашигт малтмалын лицензийн өмчлөлийн эрхийг 4-5 шат доошлуулж АМГТХЭГ-т өгснөөр ямар гээч будлиан замбараагүй байдал үүсгэснийг бид мэдэж байгаа.
-Л.Гүндалай гишүүнийг огцруулсны дараа тэр таныг огцруулах асуудлыг тавина гэж байсан. Энэ асуудал ямар байдлаар шийдвэрлэгддэг юм бэ?
-УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байгаа эсэхийг Yндсэн хуулийн цэц авч үзэж шийддэг. Надад албан тушаал сандал ширээтэй зууралдаад байх сонирхол алга. Тэгээд ч нэг суудалтай нам санал болгосноор огцроод байна гэж байхгүй биз дээ.
-Таныг хуулийг их засварладаг гэж шүүмжилдэг?
-Тийм ээ, үнэн. Хуулийн засвар их хийгдэж байгаа. Сая би хууль засч суугаад л гарч ирлээ. Ний нуугүй хэлэхэд, хуультай ноцолддог цөөн хүний нэг нь би. Тухайн хуулийг өргөн барих, хэлэлцүүлэх үед засвар хийдэг. Гэхдээ хуулийн хүрээнд гэдгийг зориуд хэлмээр байна. Зарчим, агуулгыг нь алдагдуулахгүйгээр хуулийг засах эрх нь надад бий. Сүүлийн үед яам, тамгын газрын ажилтнуудын хууль эрх зүйн баримт бичиг дээр ажиллах, боловсруулах чадавхи нь хүрэхгүй байна. Иймээс тэдэнд нарийн чимхлүүр ажил гэдгийг ойлгуулахын тулд засдаг.
-Б.Жаргалсайхан огцорсноор Засгийн газар эрх зүйн чадамжгүй болсон уу, хуульч хүний хувьд хариулт өгнө үү?
-Ямар ч хуулийн маргаан байхгүй, эрх зүйн чадамжтай хэвээр байгаа. УИХ-д суудалтай олон намтай зөвшилцөж Ерөнхий сайдыг томилсон. Засгийн газарт ч одоо бусад намуудын төлөөлөл байгаа шүү дээ.
-МАХН олон суудалтай намын хувьд Засгийн газрыг дангаараа байгуулах боломж бий юу?
-Бусад намтай тохиролцож чадвал хуулийн хүрээнд болохгүй гэх юм байхгүй. Сонгуулийн үр дүнгээр 38 суудалтай боловч Ц.Батаа гишүүн манай намд орсноор бид 39 товчлуур дардаг шүү дээ.
-Б.Жаргалсайхан сайдыг огцруулах хурал дээр та их хатуу байр суурьтай байж, алхаа чанга цохих шиг болсон. Яагаад тэгсэн юм бэ?
-Засгийн газрын гишүүн өөрийнх нь асуудлыг хэлэлцэж байхад баримтаар айлгаж асуудалд хандах нь дэндүү увайгүй явдал. Тийм үед хамгийн эгэл даруу байх ёстой юм. Б.Жаргалсайхан байнгын хороогоор асуудлыг нь хэлэлцэж байхад Л.Гүндалайгийн эсрэг баримт нотолгоо гаргаж ирээд савчиж байхыг би зурагтаар харсан. Ийм жишиг тогтвол яах вэ. Тиймээс би хатуу байр суурь баримталж алхаа чанга цохьсон. Yнэн.
Харин тэр хуралдаан маш халуун болсон учраас би огцруулахын эсрэг санал өгч товчлуураа дарчихсан байна лээ. Би зарим сайдад наад суудал дээрээ ядаж аятайхан суугаад ажил хийх гэж оролдож үзээч гэж хэлж байсан удаатай.