М.Лханаасүрэн Өсвөр насныхан мансуурлын хэрэгт холбогдох боллоо
Тэрбээр цагдаагийн байгууллагад олон жил ажиллаагүй ч цөөнгүй гэмт хэрэг илрүүлжээ. Ярилцлага өгснийхөө дараа Манай дүүрэгт хэрэг гарчээ хэмээн ажил руугаа яаран одлоо, тэр.
-Мөрдөгч болох сонголтыг та бүр багадаа хийсэн үү?
-Миний мэргэжил удмынх гэж хэлж болно. Манай аав цагдаагийн байгууллагад энэ мэргэжлээр 27 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Тэгэхээр би удам залгаж яваа мөрдөгч гэсэн үг. Анх аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлье гэж бодоод л орсон доо.
-Дөнгөж ажил дээр гарчихаад шантарч байсан үе байдаг уу?
-Цагдаагийн ажил сайхан, сонирхолтой гэж бүр багаасаа л боддог байсан. Тэгээд сургуулиа төгсөөд ажил дээр гарахад тийм ч амар ажил биш юм гэдгийг ойлгосон л доо. Гэхдээ өөрөө сонирхолтой байсан болохоор шантарч байгаагүй. Бас олон жил ажиллаагүй байгаа болохоор одоо ч сонирхолтой хэвээр гэж хэлж болно.
-Мөрдөн байцаагч хүнд мэргэжил юм шиг санагддаг?
-Тиймээ. Мөрдөн байцаагч хүний ажил бэрх, ажиллагаа ихтэй шүү дээ. Бусад ажлаас юугаараа ялгардаг вэ гэхээр өөрөө бүх мөрдөн байцаалтаа явуулахаас гадна бичгийн ажлаа хийнэ. Биднийг анх сургууль төгсөж байхад хэргийн соёлжилт гэж байдаг байсан. Тэр нь хэргийн баримтыг цэвэр нямбай хөтлөх юм. Тэр бүгдийг давхар хийнэ шүү дээ. Дээр нь прокурорын хяналтын хугацаанд өөрөө давхар явж хянуулах. Хэргийн хугацаа алдахгүй байх. Мөн хэрэгтэнг хоригдож байх хугацаанд нь арав хоногт заавал очиж уулзах ёстой байдаг юм. Хэдий тухайн хүн хэрэг хийсэн ч богино хугацаанд хорих үүднээс хэргийг нь аль болох хурдан шийдэх талаас нь анхаарах хэрэгтэй л дээ. Нөгөө талаас хуульд заасны дагуу мөрдөн байцаагч яллах, цагаатгах талаас нь мөрдөн байцаалт явуулах ёстой.
-Заримдаа гэмт хэрэг хийсэн хүнийг чи гэмт хэрэгтэн гээд үргэлж чичилж харьцаад байх шиг. Энэ нь зөв үү?
-Мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг хийсэн хүний хувийн байдал бас харагдаж байх ёстой л доо. Жишээлбэл, нэг хүн хэрэг хийгээд ороод ирлээ гэхэд хоригдоод явна. Бид хэргийг нь шалгаад эхэлнэ. Хэргийг шалгаад эхэлмэгц тухайн хүнийг хэрэгтэн гэж хэт нэг талыг барьж шалгах хэрэггүй л дээ. Ямар ч хүн хэрэг хийгээд, эсвэл сэжигтнээр татагдаад ирэхээрээ сэтгэл санаа нь тайван бус болдог. Ер нь хүн амьдралдаа нэг алдаж болно шүү дээ. Тэр болгонд чи гэмт хэрэгтэн гээд цааш нь түлхэж харьцах буруу л даа. Тиймээс хувийн байдлыг нь гаргаж өгөх хэрэгтэй.
-Хэдий цөөхөн жил ажиллаж байгаа ч илрүүлж байсан хэргийн тоо тийм ч цөөхөн биш байгаа байх?
-Яг нарийн тоо одоогоор гаргаагүй л байна. Гэхдээ жилийн эцсийн тайлангаар гаргадаг л даа. Би анх сургуулиа төгсөөд гурван жил хуучин хуулиар ажилласан. Тэр үед хэрэг бүрдэлт явагдсан эрүүгийн хэрэг дээр мөрдөн байцаалт явуулдаг байсан. Шинэ хуулиар ажиллаж эхэлсэн үеэсээ хойш тоог нь нарийн санахгүй байна.
-Нүд хальтрам хэргүүд гардаг байх даа?
-Мэдээж гаралгүй яахав. Гэхдээ онц хүнд ноцтой хэргүүдийг манайх дандаа шалгаад байдаггүй л дээ. Ихэвчлэн дүүргүүдийн мөрдөн байцаагч нарын шалгаж байгаа хэргүүд нь танхай, хүнд ноцтой гэмтэл учруулах, хоорондоо зодолдох гэх мэт хэргүүд дийлэнхийг нь эзэлдэг. Ялангуяа манай дүүрэгт хуучнаар өмчийн эсрэг гэгддэг байсан хэрэг, залилангийн хэрэг ихэвчлэн шалгагдаж байгаа.
-Янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй харилцдаг болохоор мөрдөн байцаагчид давхар жүжигчин байх шаардлага гардаг гэсэн, тийм үү?
– Бараг л тийм дээ. Жишээлбэл, байнга л архи ууж танхайрдаг хүн байж болно. Эсвэл хорхойд хоргүй мэт мөртөө хүмүүсийг залилж явдаг хүн байж болно. Эсвэл бүр санамсаргүй хэрэг хийчихсэн байж ч болно. Тэр болгоныг ялгах нарийн мэдрэмж хэрэгтэй л дээ. Ер нь бол хүн санаатай гэмт хэрэг хийх тусмаа түүнийгээ нуух олон арга хайдаг шүү дээ. Тэр болгоныг өмнөөс нь тооцоолж гэмт хэрэгтэн шиг сэтгэх хэрэг гарна. Дээрээс нь хохирогчид байна. Бие сэтгэл болон эд материалаараа хохирсон хүмүүс янз бүрийн ааш гаргана. Тэр болгонд тааруулж харилцана гэдэг хэцүү л дээ.
-Ер нь хараад байхад хүмүүс цагдаа нар харилцаа муутай. Гэмгүй хүмүүсийг дээрэлхэж харилцдаг гэсэн ойлголттой байдаг?
-Бидний хувьд мөрдөн байцаагч хүний гол эрхэмлэж явах зарчим харьцааны соёл байх ёстой л доо. Цагдаа нар гээд бүгдийг нь ярих юм бол олон хүний дунд сайнтай муутай хүн байдаг л байх л даа. Гэхдээ манай цагдаагийн байгууллагын баримталж байгаа зарчим бол иргэдэд үйлчилгээний байгууллага гэдэг талаас нь хандах. Нэг хүн ороод ирлээ гэхэд танд юугаар туслах вэ гэхчилэн. Тухайн хүний асуудлыг түргэн шуурхай шийдэж өгөх зэргээр ажиллаж байгаа л даа. Гэхдээ сөрөг тал мөн гардаг. Учир нь гэмт хэрэг хийсэн хүнтэй зөөлөн харилцаад байх нь сөрөг үр дагавар гарахад хүргэдэг л дээ. Ер нь бол цагдаа нар орж ирсэн болгоныг дарамталж дайрсан юм байхгүй гэж бодож байна.
-Одоо ер нь ямар төрлийн гэмт хэрэг их гарч байна вэ?
-Анх намайг ажилд орж байхад ихэвчлэн танхайн болон хулгайн гэмт хэрэг гардаг байсан. Мөн өмчийн эсрэг, малын хулгай гардаг байлаа. Гэхдээ одоо ч буураагүй. Сүүлийн 2006 оноос хойш гардаггүй байсан хэргүүд нийгмээ дагаад их болж. Энэ нь хар тамхи, хүний наймаа гэхчилэн. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд мансуурлын хэрэгт холбогдох болсон нь сэтгэл эмзэглүүлж байна. Дээр нь хүн наймаалах хэрэг байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд цагдаагийн байгууллага хүүхэд худалддаг бүлэг этгээдүүдийг барьсан. Мөн өмнө нь гарч байгаагүй компьютөр техник технологийн гэмт хэрэг. Өнгөрсөн жил хэд хэдэн удаа гарсан байгаа. Энэ нь нийгмээ дагаад хүмүүсийн гэмт санаа бодол улам нарийсч байна гэсэн үг л дээ.
-Үнэхээр ноцтой хар тамхи, хүн наймаалах гэмт хэрэгтэй чухам яаж тэмцэх ёстой вэ?
-Гол нь иргэдэд хор хөнөөлийнх нь талаар сайн ойлголт өгөх хэрэгтэй. Ялангуяа хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс хар тамхи, хүний наймааны талаар ойлголт бага л байгаа шүү дээ. Тэр бүү хэл энэ талаар сонсоо ч үгүй хүн олон. Бид энэ талаар кинон дээрээс л үздэг байсан биз дээ. Тиймээс иргэдэд хамгийн гол нь зөв ойлголт өгөх нь чухал. Тэгэж байж энэ мэт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой болно.
(Нийгмийн толь 035/127)
Э.Майцэцэг