Сэргэлэн болгодог ундаа
Цагаан өнгийг эхлэлийн, сүүг ариун цагааны бэлгэ тэмдэг гэж үздэг монголчууд сүү саалийн дээжтэй цайлган сэтгэлээ хамтатган сүлсэн сүүтэй цайг төрөл садан, танил төдийгүй харь нутгийн хүнд хүртэл аягалж өгдөг. Энэ нь түүнд үнэн сэтгэлээсээ хандаж буйг илэрхийлдэг аж. Орсон гарсан хүнд аяганы амсар зуулгалгүй гаргасан эзэгтэйг гэрийн бузар болсон эм хэмээн жигшдэг. Зочноо дутуу заяатай гэж даажигная гэвэл дундуур цай аягалан барихад л хангалттай. Тэгээд ч өглөө цай дундуур уувал тухайн өдөр ажил үйлс бүтэмжгүй байдаг. Монголчууд хоол идсэний дараа цай амсдаг нь улаан идээг цагаанаар даруулж буй хэрэг юм. Цайг гадуур нь цалгиан асгахыг амны хишигт цөвтэй гэж цээрлэдэг. Амсар дүүрэн аягалбал амны хишиг тогтдог учиртай.
Аяганы амсар дээр хурууны өндгийг тавих буюу давуулбал зочинд муу юм болно гэсэн дохио байдаг. Мөн сэтэрхий аяганд цай аягалж өгөхийг цээрлэнэ. Тэгвэл доторхи буян гадагш гарч гаднаас муу юм орж ирэхийг ёрлодог. Цай аягалж өгөхдөө аяган дотор нар зөв эргэж байхаар хийвэл түүнийг уух зочны явдал үйлсийг зөв, нар буруу эргэхээр хийвэл тухайн хүний ажил үйлсийг буруу эргэхийг бэлгэддэг учир цээрлэнэ. Энэ мэт монголчуудын дунд цайтай холбоотой олон ёс заншил бий.
Манайд Солонгос, Японы адил Хятадаар дамжин цай орж ирсэн. Yүнтэй адил Монголчууд ч цайг бусад оронд дэлгэрүүлж байсан удаатай. Монголын Алтан хаан Оросын их хаан Михаил Федоровичид бэлэглэсэн дөрвөн пүү /65.2 кг/ цайг 1638 онд элчин сайд Василий Старков Москвагийн ордонд шилжүүлж өгснөөр Орос болон Европ даяар цай тархсан гэдэг.
Хүмүүс 5000 жилийн жилийн тэртээгээс цайг хэрэглэж ирсэн бөгөөд анхны хэрэглэгчид нь Ази, Дорно дахиныхан. Баруун өмнөд Хятад, Дээд Бирм, хойд Вьетнам бол цайны эх өлгий юм. 1758 онд цайны ургамалд Карл Линней Грекийн Tea-бурхны нэрийг хайрлан, Thea гэж нэрийджээ. Иймд герман хэлнээ tee, англиар tea гэх үгс ижил утгатай, адил шахам дуудлага, бичлэгтэй байдаг.
Манай эринээс 3000 жилийн өмнө амьдарч байсан баруун Хятадын хаан Чен Нунг нэгэн удаа санамсаргүй цайны бутны дэргэд суужээ. Гэтэл аяган дахь буцалсан усанд нэгэн навч унаж, удалгүй идээшжээ. Хаанд үнэр нь таалагдсан тул амтлан үзвэл анхилам сайхан үнэртэйн дээр өвөрмөц содон амттай ундаа байсанд ард нийтээр тэр навчийг цуглуулан хадгалж, хэрэглэх зарлиг буулгасан гэдэг.
Цай нь Хятад орон даяар уух дуртай ундаа болоход Хятадад цэцэглэн хөгжиж байсан буддизм ихээхэн үүрэг гүйцэтгэсэн аж. Сүм хийдүүд сархдын оронд лам нарт цай өгөх болсноор Хятадын бүх мужид цай тархсан гэдэг. Хятадууд цайг анх амьдралын гал хэмээн нэрлэж, бие сэтгэлээ ариусгах, урт удаан наслах зорилгоор ууж байжээ.
XҮII зуунаас далайчид анх цайг Европт авчирсан байна. Тэр үед хил дамжуулан цай худалдахыг хуулиар хориглож, цай зарж байгаад баригдвал контрбандын хэргээр шийтгэдэг байж.
Хуурай цайг ногоон, шар, хар гэж өнгөөр нь нэрлэхээс гадна монголчууд дугуй булантай шахмал, үйрмэг, нунтаг навчтай, шилбэтэй /шаартай/ гэхчилэн хэлбэр бүтцээр нь ялгаж, навч ихтэй, ногоон цайг эртнээс хэрэглэж заншсан. Хуурай цайг өнгө зүс, гадаад хэлбэрээр нь ингэж олон янзаар нэрлэдэг ч ууж ундлахад бүгд адил ач тустай, биеийг тайвшруулах үйлчилгээтэй кофеин, сэтгэл сэргээх анхилам үнэр, ялгаруулагч тослог тэргүүтнийг ижил агуулдаг.
Шүүдрийн усыг үүр хаяарах цагаар хураан цуглуулж, 100 өглөө цай чанаж ээждээ бариваас нэгэн шөнө босч хөхүүлсэн ачийг нь хариулдаг гэдэг. Өглөөд цайны дээжээр тахил өргөвөл бурхан, үдэш өргөвөл чөтгөр баясдаг гэх нь бий.
Цангаа тайлахад ямар ч ундаа цайг орлож чаддаггүй гэдэг. Нүдний даралт ихдэх, нойргүйдэх үед өтгөн цай ууж болохгүй. Цайны амтанд усны чанар ихээхэн нөлөөлдөг учир эрт цагт Бээжингийн зах дээр цай чанахад зориулсан зөөлөн ус зардаг байжээ. Ус зөөлөн байх тусмаа цайны амт сайжардаг аж.
Сүүтэй цай бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг
Монголчууд цай чанах тусгай аргатай. Хамгийн түгээмэл нь урьдаар усаа буцалгаж, дээр нь нүдэж нунтагласан ногоон цайг хийж зөөлөн гал дээр буцалган 2-3 минут идээшүүлээд сүү, давсыг хамтатгах. Буцлахаас өмнө сүү, давс хийвэл цай идээшихдээ муу байдаг. Хэт удаан буцалгавал цай гашууран анхилам үнэргүй болно. Давс сүүг хамтатгаад заавал самарна. Хятад ногоон цайны идээг задгай үйж чанахад улайдаг учир урьдаар шингэн ханд бэлтгэж, буцалсан усаа хандлан, сүү давсыг нэмж тохируулбал улайдаггүй.
Өдөрт 1-2 аяга цай уувал өвчлөх магадлалыг 49 хувиар, 4 аягыг уувал 69 хувиар бууруулдаг гэнэ. Цайнд давс, сүү, зөгийн бал, нимбэг, саахар зэрэг амт оруулагчийг зохих тунгаар хольж, хэрэглэхэд үйлчлэл, амт чанар нь улам сайхан болно.
Монголчууд цайг сүлж хэрэглэдэг нь зөв юм байна. Линкольны их сургуулийн эрдэмтэд цайг сүүтэй цай уух нь ашигтай болохыг баталжээ. Эрдэмтэд туршилтад оролцогчдыг эхлээд сүүгүй хэрэглүүлэхэд эрдсийн солилцоо алдагдан давсагны үйл ажиллагаа доголдож, бөөрөнд чулуу үүсэх боломж бүрдсэн байна. Дараа нь цайг сүүтэй хольсонд эрдсийн солилцооны алдагдлаас үүссэн шинж тэмдэг алга болж, хэсэг хугацааны дараа тэдний эрдсийн солилцоо хэвийн болжээ. Эрдэмтдийн баталж буйгаар, сүүн дэх кальци бөөрний чулуу үүсэх, давсагны үйл ажиллагаа доголдох, бие махбодь дахь эрдсийн солилцооны алдагдлаас сэргийлдэг гэнэ.
Настан буурлууд цайг ам ариутгадаг гэлцдэг. Ногоон цай нь шүдний пааланг идэж гэмтээдэг бичил биетний үржлийг зогсоодог. Ногоон болон хар цайн дахь танины хүчил цөөнгүй төрлийн бактерийг устгаж, эрүүл шүдтэй явахад тустай аж.
Кофеин их, сэргээх үйлчилгээ ихтэйгээс цайг цовоо сэргэлэн болгодог ундаа гэж эртнээс үзэж иржээ. Тухайлбал, Бразилийн хөлбөмбөгчид тоглолтынхоо өмнө цай уудаг аж. Дэлхийн II дайны үед Англид цэргийн үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх гэж үнэгүй цай өгдөг байж. Цайнд байдаг бусад төрлийн алкалоид теобромин, тоефилин судас тэлэх үйлчилгээтэй, ялангуяа теборомин даралт бууруулах эмийг найрлагад ордог гэнэ.