Өнөөдөр бид эдийн сайныг эдлэхгүй байна
Ламын гэгээний жасын их сангийн хаалганд цоожилж байсан түмэн наст чимэглэлтэй хас түлхүүр, 1950-иад онд сайн малчдыг шагнаж байсан. Мөнгөн бүслүүртэй агар хувин, хийморийн бар, цахиур буу гээд сонин содон эд зүйл олон байлаа. Дуудлага худалдааны танхимын голд Монгол төрийн тэргүүн асан Ж.Самбуугийн албан өрөөний ширээ, сандал, булангийн шүүгээг байрлуулсан аж. Тайзанд 4 х 2 м харьцаатай Монгол Улсын далбааг дэлгэн тавьсан нь хүндэтгэлтэй харагдана.
Их найрагч Б.Явуухуланд дотнын анд Солбон Ангабаевын нь дурсгасан Явуу минь сайн суугыш гэсэн дурсгалын үгтэй модон гаанс дуудлага худалдааны салхийг хагалав. Анхны үнэ нь 158 доллараар зарласан гаансыг олон хүн үнэ хаялцан дуудсаар 516 долларт хүрэв. Мөн шар халтар манан хөөрөг 8580 доллараар үнэлэгдсэн нь өнөөдрийн худалдааны хамгийн өндөр үнэ байв. Энэ хөөргийг Говь-Алтай аймгийн Шагдар Мээрэн гэдэг хүн 1880-аад оны үед эдэлж байжээ. Гэвч энэхүү хөөрөг зарагдсангүй. Ер нь энэ удаагийн дуудлага худалдаанд зарлагдсан хөөргүүд эзнээ олохгүй буцав. Харин XҮIII зууны үед бүтээсэн Алтан шармал Богд Зонхов бурхан 1999-4010 долларт хүрч үнэ өсөв. Уг дүрийг Өвөр Монголын өөртөө засах орны үнэт эдлэлийн бизнес эрхлэгч Сарнай гэдэг эмэгтэй авсан юм.
Хуучны ягаан өнгийн том дугуй луун хээтэй магнаг торгон дээр дөрвөн хүчтэн, жаргалын найман морь, эрдэнийн найман тахил зэргийг зүү ороож урласан хөөргийн даалинг үнэ хаян дуудаж, үнэ нь 380-899 хүртэл өсөв. Ер нь хүмүүс үнийг 222, 309, 333, 666, 777, 833 гэх мэтээр тооны бэлэгдэлийг агуулж дуудаж байсан нь сонин. Доржзодов судар 200, БНМАУ-ын төрийн далбаа 100, Симуковын бүтээсэн газрын зураг 120, Богд Жавзандамба, Эх дагина Дондогдулам нарын анхны фото хөрөг хосоороо 200 доллараар тус тус үнэлэгдсэн нь оюуны бүтээлийн үнэлэмжийг харуулж байлаа. Экологи группын ерөнхий захирал Г.Баярсайхан төрийн далбааг 200, Симуковын бүтээсэн газрын зургийг 400 доллараар үнэлж авлаа. Тэрээр Улсын туг далбаа бол тэнгэрт байдаг тэнгэрийн эд. Монгол хүн бүр төрийнхөө туг далбааг биширч хүндэлж явах учиртай. Миний хувьд төрийн далбаа бол мянган хийморийн дарцгаас илүү эд. Худалдаж авсан төрийнхөө далбааг улсын наадмаар компанийнхаа дээр намируулна гэж сэтгэл хангалуун ярьж байв.
Ийнхүү гурав дахь удаагийн дуудлага худалдаа өндөрлөсний эцэст урлаг судлалын ухааны доктор С.БАДРАЛТАЙ уулзаж ярилцлаа.
-Өнөөдрийн дуудлага худалдаа таны хувьд хэрхэн болж өнгөрөв?
-Дуудлага худалдаанд оролцсон хүмүүс үнэ хямдтай дурсгалыг сонирхож байна. Тэр дурсгалууд их ч үнэд хүрсан нь сайшаалтай. Тухайлбал, Монгол Улсын газрын зураг, Монгол Улсын төрийн далбаа, Б.Явуухулангийн гаанс их үнэ хүрлээ.
-Гэхдээ өнөөдөр олон хөөрөг зарагдсангүй?
-Эхний дуудлага худалдаанд нэлээд үнэтэй зарагдсан. Өнөөдөр хөөрөг сонирхдог хүмүүс ирсэнгүй. Монголчууд хөөргийг мэндийн хэрэгсэл, дээшээ харсан сав гэж бэлэгшээж ирсэн. Ер нь монголчууд юмны эд ясыг сайн мэддэг.
-Ер нь та дуудлага худалдааны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Дуудлага худалдаа өнөөдрийн нийгмийн хэрэгцээ болж байна. Нэг хэсэг хүмүүс мөнгөтэй атал нөгөө хэсэг нь эд зүйлээ үнэд хүргэж борлуулж чадахгүй байдаг. Нэг ёсондоо дуудлага худалдаа гэдэг бол нийгмийн үнэ цэнтэй зүйлийн мэдээллийг дамжуулж байгаа үйл явц. Өнөөдөр хүмүүс мөнгөө хадгаламж зээлийн хоршоонд алдчихаад байна. Цаашдаа монголчууд мөнгөө чулуу болгох хэрэгтэй.
-Өнөөдөр манайд эртний эдлэл сонирхдог хүмүүс хэр их байна вэ?
-Юм мэддэг хүн хэдхэн байна. Мэдэхгүй хүн түмэн байна. Ард түмнийг юм мэддэг болгох ёстой. Сая би Солонгос яваад ирлээ. Солонгосын үндэсний музейд Луврын музейн шилдэг 100 сонгодог бүтээлийн үзэсгэлэн гарсан байна. Солонгос улс ард түмнээ соёлжуулж гэгээрүүлэхийн тулд мөнгө зарж байна. Монголчууд бид өв соёлоо дээдлэх ёстой. Бид өнөөдөр урлагийн түүхэн үнэ цэнийг ерөөсөө мэдрэхгүй байна. Энэ нь боловсрол дутаж байгаагийн шинж. Энэ сайхан эд хэрэглэл, үнэт зүйлийг гадныхан л авч байна. Түүнийг бид өөрсдөө дээдэлж шүтэж явах ёстой Богд Зонховын дүрийг гаднын хүн хямдхан үнээр авчихлаа. Юмаа үнэлж мэдэхгүйн хар гайгаар ингэж байгаа юм. Өв соёлоо хайрлаж хамгаалах том бодлого явуулахгүй бол болохгүй. Өнөөдөр Хятадууд гэхэд дэлхийгээс бүх шаазангаа цуглуулаад авчихлаа. Монголд хятад шаазан байхгүй болсон.
-Хуучны эд зүйлийн үнэ цэн юунд оршдог вэ?
-Хуучны эд гэдэг бол валюттай харьцуулшгүй капитал юм. Өвөг дээдсийн юмыг хэрэглэж байвал буян хишиг тогтож, хийморь суу заль төгөлдөр явдаг. Хуучны эд эдлэл олон үеийн энерги эрч хүчийг хадгалж ирсэн байдаг. Тийм ч учраас эртний эд эдлэлийг дээдэлж явах ёстой. Yнэ цэнтэй юм хэрэглэвэл муу муухай бүх юм арилдаг. Даанч бид өнөөдөр эдийн сайныг эдлэхгүй байна. Бид өнөөдөр чанаргүй хямд үнэтэй зүйл эдэлж байна. Арвай буудай өсдөг шиг үнэт эдлэл хожим үнэ цэнээ алдахгүй. Хямдхан дээр нь бөөнөөр нь авах учиртай. Америкийн том саятан бизнесменүүдийн баяжсан түүх тэр шүү дээ.
-Та өнөөдөр ямар эд өлгийн зүйл сонирхов?
-Би төрийн далбааг сонирхож байсан. Миний санасан үнээс хэтрээд явчихлаа. Би морины эд зүйлс сонирхдог, цуглуулдаг. Өнөөдөр тийм зүйл байсангүй.