Н.Бөххуяг Ялын зүйлчлэл өөрчлөх болвол мөрдөн байцаалтад буцах ёстой

Шийдвэрт санал нийлээгүй хохирогчид дараагийн шатанд давж заалдах гэж байгаа тухай бид мэдээлсэн. Энэ тухай тэдний өмгөөлөгч Н.Бөххуягтай ярилцлаа.

-Та нар яагаад хавтаст хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байсан юм бэ?
-Мөрдөн байцаалтын ажиллагаа маш хангалтгүй явагдсан гэдгийг хэлье.

-Юу нь тодорхой бус байсан гэж?
-Олон хүний амьдралын асуудал шийдэх энэ асуудалд мөрдөн байцаагч маш хайхрамжгүй хандсан. Ердөө мөрдөн байцаалтаар яллагдагч бусдын эд хөрөнгийг ашигласан, үрэгдүүлсэн гэх үйлдэл нь тогтоогдоогүй шүү дээ. Яриад байвал их зүйл бий.

-Мөрдөн байцаалтаар танай хоршооны мөнгө хэрхэн зарцуулагдсан нь тогтоогдож уу?
-А.Энхбаатарын нэр дээр 64.9 сая, Амарзаяа 40.6 сая төгрөг зээлсэн нь баримтаар байдаг. Харин шинжээчийн дүгнэлтээр 10 удаагийн үйлдлээр Зоригтбаатар 127.2 сая төгрөг авсан нь тогтоогдсон байна лээ. Эдгээрийг хараад байхад данс бүртгэлгүй байснаар сул мөнгө маш их байсан байгаа юм. Нийтдээ 866.7 сая төгрөгийг 154 хүн зээлсэн байдаг юм билээ.

-Одоогийн байдлаар хэдий хэмжээний хөрөнгө битүүмжилсэн байна вэ?
-Гурван тэрбум төгрөгийн хөрөнгө байгаа гэдэг ч амьдрал дээр энэ нь худлаа. Үүнд үнэндээ хүрэхгүй.

-20 гаруй орон сууц байгаа гэсэн?
-Нийт 22 байрнаас лав 5-6 нь бусдын барьцаанд байгаа. Барьцаанд байгаа байрыг бүртгэчихсэн. Бидэнд тийм хөрөнгөнөөс юу олдох вэ дээ. Энэ бол үндэслэл муутай. Хамгийн захын жишээ дурьдахад нэг байр гурван хүний нэр дээр барьцаалагдсан байгаа гээч.

-Хадгаламж зээлийн хоршоод анхнаасаа зохион байгуулалттай, эсвэл буруу менежмент явуулснаар иргэдийг хохироосон гээд янз бүрээр яригддаг л даа. Танай хоршооны хувьд дампуурлын гол шалтгаан нь юу байсан гэж та боддог вэ?
-Хоршооныхон хууль бус үйл ажиллагаа явуулсаар өнөөдөр биднийг ийм байдалд оруулсан.

-Ямар хууль бус ажиллагаа явуулсан юм?
-Гэрээ дүрэм, журам гэдэг юмаа баримтлаад явсан бол өнөөдөр ийм байдалд орохгүй байсан. Тэд гишүүн бус хүнд ямар ч барьцаагүй зээл олгож, ихэнхэд нь хууль бусаар зээл чөлөөлөх ажиллагаанц оролцсон. Уг нь ядаад л хөрөнгийн баталгаатай хүнд зээл олгоно. Үүний тулд үл хөдлөх хөрөнгөөөр орсон байх ёстой. Ингэснээр тэр хөрөнгө цаанаа барьцаанд байна уу, угүй юү гэх зэрэг нь тогтоогдоно шүү дээ. Гэтэл ийм ном журмыг зөрчиж, хууль бус ажиллагаа явуулсаар дампуурсан.

-Хадгаламж эзэмшигчид хоршооныхоо үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Хоршоо мөнгөгүй болж, дампуурахад хүрсэн нь та нарын өөрсдийн чинь алдаа юм биш үү?
-Би энэ хоршооны хохирогчдын нэг. Би өөрийгөө гишүүн гэж үздэггүй. Тэд мөнгөө хадгалуулахаар очсон хүмүүсийг л автоматаар тушаал гаргаад, гишүүн болгоод байсан байгаа юм. Би лав гишүүн болъё гэж зураг, өргөдлийн алиныг нь ч өгөөгүй. Зүгээр л хэдэн төгрөгөө хадгалуулахаар тушаасан байсан.

-Хоршоо гишүүнийхээ мөнгийг л хадгална. Өөрөөр хэлбэл, та өөрөө гишүүн нь байж гэмээнэ хоршоо тэр мөнгийг чинь хадгална шүү дээ. Тэгэхээр та гишүүн нь болсон юм биш үү. Тийм байтал та яагаад өөрийгөө гишүүн биш гээд байгаа юм?
-Бид үүнийг тухайн үедээ мэдээгүй л байхгүй юу. Надаас өөр, манай хоршооны олон хүн ийм маягаар гишүүн болсон байгаа. Зүй нь цаад байгууллага бидэнд тайлбарлана, бид өргөдлөө өгч, удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж байж бид гишүүн болно биз дээ. Гэтэл бид өөрсдөө ч мэдээгүй байж байгаад гишүүн болчихсон.

-Анх хоршоог 22 хүн байгуулсан хэрнээ нэгхэн хүн яллагдаж байна гээд хохирогчид гомдолтой байх шиг байсан?
-Би анх энэ хоршоог хэдэн хүн яаж байгуулсныг мэдэхгүй. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад үүсгэн байгуулагч 10 гаруй хүн, зээлийн эдийн засагч салбарын эрхлэгч нарын хүн сэжигтнээр татагдсан байсан билээ. Харин явцын дунд хэрэгсэхгүй болсон байна лээ.

-Улсын яллагч шүүх хурлын явцад зүйлчлэлээсээ татгалзсан нь их анхаарал татсан?
-Уг нь ингэж болохгүй шүү дээ. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл бол бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлсэн тохиолдолд хэрэглэдэг заалт байдаг юм. Харин 148 нь бусдын эд хөрөнгийн залилан мэхэлж авах гэж байдаг. Прокурор өөрөө ял төлөвлөчихөөд түүнээсээ татгалзаж өөрчилсөн нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж бид үзэж байгаа. Хэрвээ зүйл өөрчлөх болвол мөрдөн байцаалтад буцаах ёстой. Би ийм прокурор үзээгүй.

-Зарим хоршоодын хувьд мөрдөн байцаалтын явцад хохирол барагдуулсан юм билээ. Хөрөнгө оруулалт хөгжлийн сан нь хэчнээн хүний хохирол барагдуулсан байна вэ?
-Хавтаст хэрэгтэй танилцахад таван хүний 5.4 сая төгрөгийн хохирол барагдуулсан гэж байна лээ. Мөн ямар ч бичиг баримтгүй 13 хүнд 34.5 сая төгрөгийн хохирол барагдуулсан тухай бичсэн байсан.

-Ямар хүнийх нь хохирлыг барагдуулсан юм. Үүнд гишүүд хяналт тавьсан уу?
-Үүнийг шалгахад гэмгүй л болов уу. Ах, дүү, хамаатан, садан найз нөхөд нь нь байж болохыг үгүйсгэхгүй. Хохирогчид энэ талаар ярихыг нь сонсоход, мөнгийг нь олж өгсөн хүнд хувь өгнө гэсний дагуу ийм ажиллагаа болсон гэдэг юм билээ.

-Та ер энэ мөнгийг яасан гэж бодож байна вэ?
-Ашигласан гэж үзэж байгаа.
-Яагаад гэвэл, шинжээчийн дүгнэлтээр Ууганбаяр, Зоригтбаатар, У.Амарсанаа Батжаргал, Ариунзаяа нарын нэр дээр 310 сая төгрөгийн үндсэн зээлтэй нь тогтоогдсон.

-Тэднийг шалгасан юм болов уу?
-Ууганбаярыг сэжигтнээр татсан, Зоригтбаатар, Халиунбаатар, Б.Тамирааг сэжигтнээр татсан байдаг. Мөн үүсгэн байгуулагч 10 хүнийг сэжигтнээр татсан байсан. Ингээд баахан хүн сэжигтнээр татсаар сүүлдээ хэрэгсэхгүй болсон юм билээ.

-Ямар үндэслэлээр?
-Хадгаламж зээлийн энэ хоршооны мөнгийг ашигласан гэдэг нь тогтоогдохгүй.

-Тэгвэл Т.Ууганбаатарын ашигласан гэдэг нь яаж тогтоогдсон юм?
-Үүнд прокурор Эрүүгийн хуулийн 150.3-аар ял төлөвлөсөн юм.

-Хэзээ давж заалдах өргөдлөө өгөх вэ?
-Эхлээд тогтоолоо авчихаад, дараа нь давж заалдах өргөдлөө өгнө л дөө. Юуны өмнө би протоколтойгоо танилцана гэж бодож байгаа.

(Нийгмийн толь 035/127)
Б.Цацрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button