Мэргэжлийн хяналтынхан хууль бус дүгнэлт хийжээ
Газрын маргаантай асуудал ихэнхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хооронд өрнөдөг байсан нь өдгөө ул болж Улсын мэргэжлийн хяналтынхны балагтай дүгнэлтээр зул болон шинэчлэгджээ. Энэ тухай өгүүлье.
Нийслэлийн Засаг даргын 2002 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 249 тоот захирамжаар бидний хэлж заншсанаар Сансар хорооллын буюу Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 12 дугаар байрны баруун талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 430 ам метр газрыг иргэн М.Ичинхорлоод эзэмшүүлэхээр болжээ. Нэмж хэлэхэд тухайн газрыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар олгож, тодорхой гэрээ хэлэлцээр хийсэн байна. Үүний дараа 2004 оны наймдугаар сард дээрх 430 ам метр газрыг таван жилийн хугацаатай сунгаж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Ингээд бүтээн байгуулалт өрнөж Си Ти Эр компани барилгын гүйцэтгэх ажлыг хийж эхлэх үеэр ойр орчмынх нь оршин суугчид тухайн газар зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй эсэхийг хянуулахаар гомдол, санал гарган Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Б.Батцэцэгт ханджээ. Харин Б.Батцэцэг энэ тухай нийслэлийн Газрын албанд хандсан байна. Нийслэлийн Газрын албаныхан харин хяналтын байгууллага биш учраас аанай мэргэжлийн хяналтынханд асуудлыг шалгаж өгөхийг хүссэн аж. Хүсэлтийн дагуу УМХГ-ын хот байгуулалтын хяналтын улсын байцаагч Ш.Бадамханд, Т.Батцэцэг нар шалгаад зөрчилгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Эндээс л хамаг хэрэг явдал дэгдсэн гэхэд болно.
Гэтэл гуравхан сарын дараа дахин хийсэн шалгалтаар өмнө ямар ч зөрчилгүй окей гэж байсан байцаагчдын дүгнэлт эсрэгээрээ солигджээ. Гэхдээ хоёр дахь удаагийн шалгалт, дүгнэлтийг өөр байцаагч нар хийсэн гэдгийг анхааруулъя. Анх шалгасан байцаагчид архитектурын төлөвлөлт, даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор баталсан гэдгийг дүгнэлтдээ тусгасан. Харин сүүлд шалгасан байцаагчид батлуулаагүй гэжээ. Мөн сүүлд шалгасан байцаагчид гэрээнд заасан худалдаа үйлчилгээний зориулалтыг өөрчилж орон сууцных болгосон нь Газрын тухай хуулийн 35.1.1 заалтыг зөрчсөн гэсэн бол өмнөх нь 35.1.1 заалтын дагуу хуулийн хүрээнд шийдүүлсэн, зөрчилгүй гэсэн тэнгэр газар шиг зөрүүтэй дүгнэлтийг ердөө гуравхан сарын хооронд гаргажээ. Дээр нь сүүлд гаргасан дүгнэлт бүхий албан бичгийг 2005 оны арванхоёдугаар сарын 2-нд нийслэлийн газрын албанд хүргүүлсэн гээд байгаа. Харин газрын албаны холбогдох хэлтэс, мэргэжилтэнд энэ албан бичиг огт ирээгүй шалгалт хийсэнд эргэлзэх нэгэн ч бий аж.
Шалгалт үүгээр дууссангүй. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шалгалт хийхэд М.Ичинхорлоо өөрийн эзэмшил газраас хальж 12 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайг хамруулж 1588 ам метр талбайд ямар ч зөвшөөрөлгүйгээр хашаа хатгажээ. Хашаан дотроо харин 5х7 метрийн хэмээтэй байшин барьсан гэнэ. Энэ мэтээр эхнээсээ хуудуутай шалгалт хийсэн мэргэжлийн хяналтынхан одоо буруугаа газрын албаныхан руу чихэж сууна. Мэргэжлийн хүмүүсийг хянах ёстой байцаагчид үг, үсэг ч зөрдөггүй хууль тогтоомжийн өөрсдийнхөө дураар зөрчсөн, зөрчөөгүй гэж олон ургальч дүгнэлт хийсээр энэ оныг үджээ. Харин энэ хугацаанд нөгөөх барилга сүндэрлэчихэж.
Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр нийслэлийн Газрын албаныхан М.Ичинхорлоод хашаа болон зөвшөөрөлгүй барьсан байгууламжаа буулгахыг сануулан хугацаатай албан бичиг хүргүүлсэн гэв. Хэрэв тэдний хэлсэн хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол хүчээр буулгана гэдгийг ч тэд нэмж хэлсэн. Харин мэргэжлийн хяналтынхны мэргэжлийн бус дүгнэлтүүд хэнд ашигтай байсан гэдэг нь тодорхойгүй.
Ардын эрх сонин 30 /562/
Л.Төгс