Хадгаламжийн банкнаас алдагдсан 10 сая ам.долларын асуудлаар цагдаагийнхан шалгаж эхэллээ
Энэхүү алдагдсан мөнгө хувьчлал явагдсаны дараахан актив нь тендерийн материалд тусгасны дагуу 50 тэрбумдаа хүрэхгүй байгаа гэнэ гэсэн сэм ярианаас улбаатай байж болох. Хувьчлалын дүн гарсны дараа өмчлөгч шилжүүлэх гэрээг үйлдэлгүй хэсэг хугацаа сунжрах үеэр дээрх яриа дэгдсэн. Гэвч тухайн үед холбогдох талууд болох Монголбанк, Төрийн өмчийн хороо тайлбар өгөхөөс татгалзаж, тийм зүйл огт байхгүй гэж андгай тангараг өргөх шахаж байв. Сүүлд нь хувьчлалын үнэ болох 23 тэрбум төгрөгийн эх үүсвэр хууль ёсны ёсны мөн эсэхийг шалгасан гэсэн тайлбар хийгээд өнгөрөөж байв. Дашрамд дурдахад АЭ тухайн бүрд нь энэ талаар мэдээлэл хүргэхийг зорьж байсан билээ.
Гэвч саяхнаас Хадгаламжийн банкны активаас 10 сая ам.доллар сох дутчихсан, хэргийн эзэн хэнгэргийн дохиураар тус банкны ерөнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн гэгч тодорсон. Түүнийг байгууллагынхаа мөнгөөр казино тоглоод зугаацчихсан, тэгэх тэгэхдээ Монголын нэр бүхий улстөрч, банкиртай хамт Сөүлд очиж даалуу тоглосон гэх мэдээлэл дэгдэв.
Харин одоо бол хувьчлагдахаас өмнө дутсан байв уу үгүй юу гэсэн асуудал босч ирэв бололтой. Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэхүү мөнгө зувчуулах ажиллагаа нэлээд эртнээс эхэлсэн нарийн зохион байгуулалттай байсан бололтой. Одоо хамгийн ээдрээтэй нь Хадгаламжийн банкны хувьчлал буцах, эс бөгөөс төр 10 сая ам.долларын өрөнд орох байдал үүсч байна.
Хувьдаа авсан нөхөд нь ч өмчөөсөө сох дутсаныг, хувьчилж өгсөн байгууллага нь ч хүлээлгэн өгч буй байгууллагынхаа активын хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө дутсаныг ч тухайн үед мэдэлгүй өнгөрсөн нь мэдээж хачирхалтай. Мөн түүнчлэн Хадгаламжийн банкны хувьчлалыг будилаантуулж, эдийн засгийн нэг бүлэглэлээс нөгөөд шилжүүлэх гэсэн зорилготой дээрээс шидсэн чулуу байж ч болзошгүй гэсэн мэдээлэл байгаа юм.
Юутай ч 10 сая ам.доллар тойрсон асуудлаар цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр энэ талаар өргөдөл Улсын мөрдөн байцаах газар ирсэн бөгөөд нарийвчлан шалгаж эхлээгүй байгаа гэнэ. Өргөдлийг өнгөрсөн баасан гаригт гаргасан бололтой. Уг хэрэгт нэр холбогдоод байгаа Хадгаламжийн банкны ахлах нягтлан бодогчоор Л.Чимэдцэрэн гэгчийн талаар тодруулахад тус банкныхан одоогоор ажлаа хийхгүй, чөлөөтэй байгаа гэсэн хариулт өглөө.
Хэн хэн нь Мэдээгүй байсан гэдэг шалтгаанаар түрий барьж нэг нэгэн рүүгээ хялалзах боллоо, одоо. Ямартай ч хэрэг тарьсан гол эзнийг нь олчихсон хойно нь Монголбанк, Төрийн өмчийн хороо, ер энэхүү хувьчлалтай холбоотой байгууллагуудын босго доргиж эхэллээ. Тэр тусмаа төв банкныхан Хадгаламж банкны хөрөнгө мөнгө дутсан дуулианы улмаас бужигнаж эхэлснийг ажилтнууд нь хэлж байна. Гэвч тэд энэ талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж, бидний Яагаад гэсэн асуултад Айж байна гэх хариултыг өглөө.
Монголбанкнаас авсан мэдээллээр, төв банк Хадгаламж банкны асуудлаар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт шинжээч томилон ажиллуулсан. Шинжээчийн эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа гэнэ. Харин банкны активын хөрөнгөн дээр Төрийн өмчийн хороо цохолт хийж, мэргэжлийн байгууллагаар аудит хийлгэсэн аж. Төв банкны нэгэн ажилтны хэлснээр мөнгө хэдий үед алга болсны учрыг аудит хийсэн байгууллага хамгийн сайн мэдэх учиртай гэсэн. Гэвч хэн, хэзээ аудит хийснийг хувьчилж авсан эзэд болон төв банкны холбогдох ажилтнууд нэр цохож хэлэхгүй байгаа нь бас гайхашрал төрүүлэм
Хадгаламж банкны Үйл ажиллагааны газрын захирал Б.Жавхлан-Ц.Чимэдцэрэнг хуулийн байгууллага шалгаж байгаа
Хадгаламж банкныхан өөрсдөө энэ талаар албан ёсны хариу өгнө гэж Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч зөвлөсний дагуу тус банкныханд хандсан ч тодорхой хариулт өгсөнгүй. Банкны салбар энэ мэт мэдээлэлд туйлын эмзэг. Тэгээд 10 сая ам.долларын асуудал сөхөгдөж буй учир хадгаламж эзэмшигчдэд сөрөг нөлөөлөл үүсгэж магадгүй гэж болгоомжил буй бололтой.
Ингээд Хадгаламжийн банкны Үйл ажиллагааны газрын захирал Б.Жавхлангаас дараах зүйлийг тодрууллаа.
-Танай банктай холбоотой мэдээллийн мөрөөр сурвалжлах явцад зарим эх сурвалж Хадгаламжийн банкны асуудлыг зориуд будилаантуулж, тус банкийг Оросын томоохон банкир Морозовт өгөх гэсэн далд явуулга гэж мэдээлсэн. Энэ хэр ортой мэдээлэл вэ?
-Наадах чинь батлагдаагүй мэдээлэл байна. Ийм ор үндэсгүй зүйл бичээд хэрэггүй биз дээ.
-Нөгөө хэргийн эзнээр тодроод байгаа Ц.Чимэдцэрэн ажлаа хийж байгаа юу?
-Хийхгүй байгаа.
-Ц.Чимэдцэрэн танай банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа активын хөрөнгөнөөс дутсан гэх 10 сая ам.доллараар казино тоглочихсон гэдэг мэдээлэлд та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ асуудлыг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учир үүнээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Дараа нь тодорхой мэдээлэл хийнэ.
-Тэгэхээр ор үндэсгүй мэдээлэл биш байх нь ээ?
-Холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.
-Банкны үндсэн активын хөрөнгө нь анх 50 тэрбум гэж сонсогдож байсан байх аа?
-Тавин гурван тэрбум төгрөг шүү дээ.
-Тэгвэл ямар байгууллага Хадгаламжийн банкинд аудит хийсэн юм бол. Энэ талаар төв банкныхан сайн мэдэхгүй байх шиг байна?
-Цаадуул чинь мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бүр сайн мэднэ.
Ардын эрх сонин 30 /562/
С.Баттулга