Хувьчилсан Xадгаламж-ийг Монголбанк хяналтдаа авчээ
23.8 тэрбум төгрөгөөр зарсан Хадгаламж банкны хувьчлалыг Монголын түүхэн дэх хамгийн амжилттай хувьчлал ч гэж байлаа. Нэрлэсэн үнээс нь бараг хоёр дахин үнэ хүргэсэн болохоор тэр шүү дээ. Гэтэл эл хувьчлал монголчуудыг удаан баярлуулахгүй замхарч ч мэдэхээр болоод байна. Учир нь, Хадгаламж банкны активаас 10-аад сая ам.доллар дутсан тухай ярих болов. Эцсийн дүгнэлт биш боловч тус банкийг хувьчилж авсан ОХУ-ын Чингис хаан консерциумын дарга Сергей Громов энэ тухай гомдол гаргаад буй нь л үнэн юм. Тэрээр өнгөрсөн баасан гаригт ажлын цаг дуусахын өмнөхөн Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүхтэй энэ талаар ярилцсан бол өчигдөр мөн л эл асуудлаар ТӨХ-ны дарга Д.Сугартай уулзжээ. Уг нь Хадгаламж банкийг хувьчлахдаа 57.7 тэрбум төгрөгийн активтай гэсэн ба үүнээс ийн 10 орчим сая ам.доллар дутаад буй бололтой. 57.7 тэрбум гэдэг нь өнгерсөн оны зургадугаар сарын 30-ны байдлаар гаргасан тооцоо аж. Ингэж Монголын түүхэн дэх хамгийн амжилттай хувьчлалаас но илэрч эхэллээ гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор ТӨХ-ны дарга Д.Сугар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд ийм гомдол гарсан гэдгийг нотлоод, гэхдээ энэ нь зөвхөн банкийг хувьчилж авсан талаас гаргасан тооцоо гэдгийг онцоллоо. Ийм их хэмжээний мөнгө яригдаж буй учир, өнгөрсөн баасан гаригаас тус банкийг Монголбанк хяналтдаа авчээ. Мөн ТӨХ, Монголбанк, Сангийн яамныхан оролцсон ажлын хэсгийг өчигдөр өглөө байгуулсан байна. Эл ажлын хэсэг өчигдөр 14.00 цагаас ажлаа эхэлсэн аж. Тэд 10 хоногийн хугацаанд шалгалт хийж дүнг мэдээлэх юм. Өөрөөр хэлбэл, Хадгаламж банкны активаас мөнгө дутсан эсэхэд хариулт өгөхөд наанадаж 10 хоног хүлээх хэрэгтэй ажээ. Д.Сугар дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хэрвээ 10-аад сая ам.доллар дутагдсан байвал хувьчлал хүчингүй болох уу?
-Хүчингүй болж мэднэ. Хувьчилж авсан мөнгө нь дансанд байгаа. Гэхдээ энэ нь сайн хувйһбар биш. Нөгөө тал ч ийм хувилбарыг сонирхохгүй байх. Үнэхээр активаас дутсан байвал дутагдлын аль нэг тал хүлээж л таарна. Таамаглаж байгаагаар хувьчлалын үнэ багасна. Өнгөрсөн баасан гаригаас Монголбанк бүх гүйлгээг хяналтдаа авсан учир хадгаламж эзэмшигчдэд аюул учрахгүй.
-Ийм их хэмжээний мөнгө дутсан байхад аль аль тал нь яагаад мэдээгүй хэрэг вэ. Жил бур хадгаламж банканд аудит хийж байсан гэсэн биз дээ?
-2003, 2004 онд гадаадын, 2005 онд Далай ван. 2006 онд мөн л гадаадын аудитын байгууллага аудит хийсэн. Ямар нэг зөрчил илрүүлээгүй, хувьчлалд оролцсон талууд ч биечлэн танилцсан. Сергей Громовын мэдэгдсэнээр, сүүлийн жилүүдэд л найман сая ам.доллар дутсан юм шиг байгаа юм. Ингэж аудит хийлгээд байхад яагаад илрээгүй гэдэг асуудал гарч ирнэ. Банк их нарийн системтэй. Банкууд олноор дампуурсан 1996 оноос Монголбанканд клирингийн тооцоог нэвтрүүлсэн. Монголбанк, банкуудын хооронд хийгдэх төлбөр тооцоог компьютерийн нэгдсэн сүлжээ ашиглан Монголбанкан дахь харилцах дансаар дамжуулан гүйцэтгэхийг клирингийн тооцоо гэдэг. Өөрөөр хэлбэл, нэг банкаас нөгөө банканд орох болон гарах төлбөр тооцоогоор дамжуулах мөнгөний урсгалыг зөвхөн Монголбанкны төвөөр дамжуулан хийдэг. Клирингийн тооцооны журмаар 15 цагаас өмнө дүнг нэгтгээд хойшхийг нь тусгай дансанд бүртгэдэг юм билээ. 2006 оны тавдугаар сард Хадгаламж банканд ерөнхий шалгалт хийсэн. Үлдэгдэл гарвал замд яваа мөнгө гэж тайлбарладаг. Ийм мөнгөнд клирингийн дансаар дамжуулаад Монголбанк хяналт тавьдаг. Өөр газар энэ дансыг шалгадаггүй.
-Тэгэхээр Монголбанкныхан оролцсон гэсэн үг үү?
-Тэгж хэлж болохгүй. Үнэхээр мөнгө дутсан эсэх нь ч эцсийн байдлаар мэдэгдээгүй байна.
-Хувьчлал явуулснаас хойш тендерт ялсан талд өгөлгүй сар гаруй болсон.
Энэ нь алга болсон гээд байгаа мөнгөтэй холбоотой байв уу?
-Үгүй ээ. Хувьчилж авсан 23.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шалгасан. Бохир мөнгө байна уу, үгүй юу гэж.
-Хувьчилж аваад бараг хоёр сар боллоо. Актив дутсан юм бол яагаад ингэж оройтож мэдсэн юм бол?
-Хадгаламж банкийг хувьчилж авсан тал 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад бүх тооцооны төвүүд дээрээ хяналт тавьж шалгасан юм билээ.
-Уг хэрэгт ахлах нягтлан Ц.Чимэдцэрэнг холбоотой гээд байгаа. Тэрээр Хадгаламж банканд хэзээнээс ажилласан бэ. Ганц хүн ийм зүйл хийх боломжгүи баих л даа?
-Ард банк гэж байх үед гүйлгээний нягтлан байсан юм билээ. Хадгаламж банканд ажиллаж байгаад 2005 оноос ахлах нягтлан болсон. Цагдаагийн байгууллага нэлээд өргөн хүрээтэй шалгах юм шиг байна лээ. Ер нь ийм зүйл болсон байлаа гэхэд компьютерийн гүйлгээний нягтланд хэлэлгүйгээр хийх боломжгүй. Би цагдаад хүсэлт гаргасан. Эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Болж буй үйл явдлын талаар ТӨХ-ны дарга ийн мэдээллээ. Үнэхээр хувьчлахаас өмнө банкны активаас ийм хэмжээний мөнгө дутсан бол хувьчлалыг хүчингүй болгох, эс бөгөөс Чингис хаан консерциумд 10 орчим сая ам.долларыг хувьчилсан мөнгөөс нь буцааж олгох бололтой. Ингэвэл урьд хожид үзэгдээгүй амжилттай болсон хувьчлал нуран унаж Хадгаламж банкийг бараг л нэрлэсэн үнээс нь нэг ч төгрөгийн илүүгүй бусдад өгсөн болж таарах нь ээ. Бас Монголын банкны системд нүүрлэсэн нэгэн том луйврын сүлжээ ч илэрч мэднэ.