УБТЗ-д юу болоод байна
Тусламж хүсэх тухай уг бичигт Тамирын хурд-2006 хангайн бүсийн хурдан морьдын уралдааны аль нэг насны түрүү морины бай шагналд 10 сая төгрөг гаргахыг хүссэн байв. Албан бичигт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Тамирын хурд 2006 наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагва, Сангийн дэд сайд, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ч.Ганзориг нар гарын үсэг зуржээ. Талийгаач орос дарга дээрх албан бичигтэй маргааш нь танилцаад, Разрешаю оплатить награду одного первого места скакуна (Нэг түрүү морины шагнал төлөхийг зөвшөөрье) гэж цохсон байна. Энэхүү зөвшөөрлийг НЗ-1 буюу замын нэгдүгээр орлогч В.Отгондэмбэрэл, НФ буюу санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны дарга Д.Сайханцэцэг нарт олгосон байна. Архангайнхан зөвхөн төмөр замаас ийнхүү 10 сая төгрөг шомбодов. Ийм маягаар хэчнээн байгууллагаас бадар барьж, хэдий хэмжээний мөнгө салгасныг хэлж мэдэхгүй. Эрхбиш цугларсан мөнгөний хэмжээ, түүний зарцуулалтын тайлан нь хаа нэг газар бий байлгүй дээ.
Дээрх баримтаас үзвэл, Улаанбаатар төмөр замаас хандив, тусламж гуйгчид даанч олон бололтой. Чухамхүү хэчнээн бай-ууллага, хувь хүнд ямар хэмжээний мөнгө төгрөг өгснийг төмөр замын удирдлага, санхүүгийнхэн гадарлах учиртай.
ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛАА ТӨМӨР ЗАМААС
Төмөр зам сүүтэй үнээ гэдгийг хүн болган сайн мэддэг болжээ. Тиим ч учраас түүний хишгээс аль болох ахиухан хүртэхийг эрмэлзэх болсон нь нууц биш юм.
Гаднын хүн байтугай өөрийнх нь ажилтнууд ингэхийн төлөө улайран зүтгэдгийг дараахь баримт бэлхнээ гэрчлэх биз ээ. УБТЗ-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны дарга Д.Сайханцэцэг Улсын клиникийн төв эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн болон хэрэглэсэн эм тариа, зүү тариур, дуслын систем мэтийн үнэ 134650 төгрөгийг байгууллагаасаа гаргуулсан байна. Уг нь Д.Сайханцэцэг төмөр замын буянаар ийм хэмжээний мөнгийг халааснаасаа гаргачих бэл бэнчин бололцоотой аж. Сарын үндсэн цалин 320 мянган төгрөг. Дээр нь 90 хувийн шагналт цалин 288 мянга, хоол унааны мөнгө гээд 30-аад мянган төгрөг нэмэгдэнэ. Жилд нэг удаа 13 дахь сарын цалин авна. Үүнээс үзвэл Д.Сайханцэцэг эмчилгээнийхээ зардал болох зуу гаруйхан мянган төгрөгийг байгууллагаараа даалгаад байхаар ядарсан нэгэн биш нь тодорхой мэт. Хачирхалтай нь, ийм боломж жирийн төмөр замчинд олдоггүй нь гачлантай.
Д.САЙХАНЦЭЦЭГИЙГ ХЭН, ХЭЗЭЭ ТОМИЛСОН БЭ
Д.Сайханцэцэгийг төмөр замын санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны даргаар хэн, хэзээ томилсон нь нэн тодорхойгүй. Улаанбаатар хотноо 2004 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр болсон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурлаас замын ерөнхий инженер, замын даргын орлогч нар санхүүгийн албаны даргын томилгооны асуудлыг ерөнхий хорооны дараагийн хурлаар шийдэхээр болжээ. Ингэхдээ санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны даргыг Оросын талтай тохиролцсоны үндсэн дээр томилохоор протоколд тэмдэглэжээ. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дараагийн хурал 2005 оны гуравдугаар сарын 7-11-нд мэн Улаанбаатарт болсон байна. Уг хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны дарга Д.Сайханцэцэг илтгэл тавина хэмээн дурдсан байв. Ингэхээр түүнийг дээрх хоёр хурлын хооронд энэ албан тушаалд томилсон байж таарах нь. Харин ийм шийдвэрийг чухам хэн гэдэг эрх мэдэлтэн гаргасан нь тодорхойгүй аж.
Сүүлийн үед санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны даргын талаар янз бүрийн мэдээлэл сОнин хэвлэлд гарах болов. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр тэрхүү мэдээлэл оргүй ч зүйл биш болохыг баримт гэрчилж байгаа юм. Үүнээс үүдээд төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч В.Отгондэмбэрэл хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хоёр талын удирдлагад Д.Сайханцэцэгийг албан тушаалаас нь өөрчлөх талаар албан бичиг илгээжээ. Үүнийхээ шалтгааныг Д.Сайханцэцэгийн талаархи мэдээллүүд нь төмөр замын нэр хүнд, үйл ажиллагаанд муугаар нөлөөлж буйгаар тайлбарласан байв. Харамсалтай нь, тэрхүү албан бичгийн хариу одоо болтол алга.
Эх сурвалжийн хэлж буйгаар, Д.Сайханцэцэгийг чөлөөлөх тухай асуудлыг Сангийн дэд сайд, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий, хорооны дарга Ч.Ганзориг хав дарж байгаа гэнэ. Үүний учир ч тодорхой болж байх шиг. Чухамдаа дэд сайдад 10 сая төгрөг гаргаж өгсөн буянтан бол мөнөөхөн Д.Сайханцэцэг. Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг. Ч.Ганзориг сайд түүний ачийг бодоод ийн чимээгүй байхаар шийдсэн биз.
ДАРГА Л БИШ БОЛ ТӨМӨР ЗАМД ЧИХЭН Ч БИШ
Ийм гаж үзэгдэл төмөр замд газар авчээ. Дарга даамлууд нь жирийн замчдаа зарц барлаг мэт үзэж, илт дээрэнгүй ханддаг гэх. Тэгсэн атлаа өөрсдөө болохоор албан тушаалаараа түрий барьж эрх мэдлээ хэтрүүлэх нь энүүхэнд. Ганцхан баримт өгүүлье. Өнгөрсөн оны аравдугаар сард гэнэ. Машинист Зо-ригтбаатар 730 дугаар км-т зам төмөр хугарсныг мэдэж удирдлагадаа нэн даруй мэдэгджээ. Түүний хэлсний дагуу гэмтлийг яаралтай зассанаар осол эндэгдэл мэт муу явдал болсонгуй. Замчныг 80 мянган төгрөгөөр шагнаж. Хамт олон нь ноцтой гэмтлийг мэдэж цаг алдалгүй мэдээлэн аймшигт осол гарахаас урьдчилан сэргийлсэн гавъяатай хүнийг дэндүү бага мөнгөөр шагналаа гэж. Харин дарга нар нь дотоод журамд зааснаар шагналын хэмжээ 80 мянгаас дээш байж болохгүй гэж ам тагласан байна. Тэд аман дээ-рээ ийн дүрэм журам ярьдаг ч ачир дээрээ түүнийгээ юман чинээ тоодоггүй. Өөрсдөө болохоор нэгийгээ 800 мянгаас нэг сая төгрөгөөр шагнах, тэр ч байтугай нэг хүнийг хоёр өдөр дараалан урамшуулдаг аж.
ЖИЛД 7 УДАА ШАГНУУЛСАН АЗТАН
Ийм их хувь заяатай хүн тиим ч олонгүй болов уу. Гэхдээ бас байна. Төмөр замд. Энэхүү азтан бол мөнөөхөн Д.Сайханцэцэг. Тэр чухам төмөр замд ямар гавьяа байгуулаад ийн шагнуулсан юм бол.
1.2005.1.27. Тэргүүний төмөр замчин тэмдэг, 80 мянган төгрөг
2.2005.3.30. Сарын цалингаар. Нягтлан бодох бүртгэлийн зардлын шинэчилсэн зүйл ангийн хувилбарын төслийг боловсруулахад идэвх зүтгэлтэй ажилласан гэнэ. Уг нь тэрхүү шинэчилсэн зүйл ангийн хувилбар гээчийг НИММ-аудит компаниар 64 сая төгрөгөөр хийлгэсэн гэх.
3.2005.5.5. Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт өргөмжлөл, 100 мянган төгрөг
4.2005.5.13. Тендерийн үнэлгээнд оролцож 300 мянган төгрөг
5.2005.6.16.Төмөр замын үндсэн үйл ажиллагааны зүйл ангийг монгол хэлнээ орчуулахад идэвх зүтгэл гаргасан гэж 50 мянган төгрөг
6.2005.1.25. Цагаан са-рыг тохиолдуулан Хүндэт төмөр замчин цол, 100 мянган төгрөг
7.2006.1.27. Цагаан сараар 800 мянган төгрөг.
Энэ бол зөвхөн наад захын баримт. Өөрөө төлөх ёстой гар утасны ярианы лимитээ хэтрүүлсний сая гаруй төгрөгийг байгуулла-гын зардалд тусгасан, эрдмийн ажлын удирдагч гэх Шабонов гэдэг хүнийг төмөр замын зардлаар Монголд урьж хоёр сая шахам төгрөгийн зардал гаргасан, ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалахаар явахдаа 12 мянган ам.доллар бэлнээр авч явсан (ийм боломж өөр нэг ч хүнд олдоогүй), ТӨХ-ны хэлтсийн дарга Мөнхтуяаг АНУ-д явахад бэлэг ав гэж 150 мянга, төмөр замын жилийн эцсийн тайлан тэнцлийг холбогдох байгууллагад тушаах нэрээр дөрвөн хүний гарыг 320 мянган төгрөгөөр цайлгасан гээд тооцвол чамгүй урт жагсаалт болно. Д.Сайханцэцэгийг төмөр замын хөрөнгөөр ийнхүү гараа угааж байхад нэг насаараа энэ байгууллагад зүтгээд ганц ч удаа шагнуулж үзээгүй замчин даанч олон доо.
ДАВАРСААР ДАВАРСААР ДАГВЫН ОРОН ДЭЭР
Д.Сайханцэцэг дарга гар бариад бугуй барихын үлгэрийг үнэхээр нэг үзүүлжээ. В.В.Магдей 2006 оны есдүгээр сарын 5-нд А-229 тоот тушаал гаргажээ. Уг тушаалд Төмөр замын тээврийн эдийн засгийн ухааны доктор (РҺ.Э), нягтлан бодох бүртгэлийн академийн гишүүн, мэргэшсэн нягтлан бодогч, санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны анхны монгол дарга (бас л мундаг магтаал байна шүү) Д.Сайханцэцэгийн хүсэлтийг үндэслэн гурван өрөө байрны гэрээ байгуу-лан худалдан авч өгөхийг барилга, орон сууцны албаны дарга (Ж.Ганбаатар)-д даалгасугай гэжээ. Бас байр худалдан авах зардлыг замын даргын сангаас гаргах, худалдан авсан байрыг үндсэн хөрөнгөд бүртгэн эзэмшигчид нь хүлээлгэн өгөх, ашиглалтын гэрээ байгуулах, санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны даргын урьд нь эзэмшиж байсан хоёр өрөө байрыг УБТЗ нийгэмлэгийн хүүхдийн байгууллагын харьяа тавдугаар цэцэрлэгийн туслах багш Н.Тэгшхоролд шилжүүлэх тухай дурджээ. Эндээс зарим зүйл нэн тодорхой болж байна. Юу гэвэл, Д.Сайханцэцэг урьд нь хоёр өрөө байртай байж. Тэгсэн атлаа орон сууц олгохыг хүсчээ. Хүсэлтийг нь ч ёсоор болгосон байна. Хачирхмаар нь, Ж.Ганбаатар дарга одоо болтол түүнтэй гэрээ хийлгүй замы,н даргынхаа ту-шаалыг зөрчсөөр байгаа аж. Энэ нь бас өөр учир шалтгаантай бололтой. Эх сурвалжийн хэлж буйгаас үзвэл Д.Сайханцэцэг Бодь пропертийз компанийн Голомт хотхонд дөрвөн өрөө байранд оржээ. Уг нь саяхан ажилд орсон хүн байтугай өчнөөн жил ажилласан атлаа орох оронгүй замчид цөөнгүй бий гэнэ билээ.
ЗАМЧДЫГ ӨМӨӨРДӨГ БАЙГУУЛЛАГА БАЙНА УУ
Байна. Үйлдвэрчний эвлэл. Тус байгууллагаас Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, УБТЗ нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга Ч.Ганзориг, тус хорооны гишүүд болох ЗТАЖЯ-ны газрын дарга Д.Наранпүрэв, УБТЗ-ын ХЭГ-ын орлогч дарга Т.Батболд нарт шаардлага хүргүүлсэн байна. Энэхүү шаардлагад төмөр замд бугшсан зөрчил дутагдал, удирдлагын хууль бус бусармаг үйл ажиллагааг дурдаж хэд хэдэн шаардлага тавьжээ. Тэдний энэ тэмцэл талаар болсонгүй. Тухайлбал, 900 гаруй үйлчлэгчийн цалинг ижил хэмжээнд хүргэж чадав. ҮЭ үнэхээр сайн ажиллаж чадвал энэ мэтээр амжилтад хүрэх боломж байна гэж Улаанбаатар дахь суудлын вагон депогийн ҮЭ-ийн хорооны дарга X.Эрдэнэ ярьж байна. Ц.Цэнгэл сайд төмөр замын орон тоо бараг хоёр дахин өесөнийг арга буюу хүлээн зөвшөөрсөн байна билээ. Харамсалтай нь, байнгын ажлын байрыг гэрээнийхээр орлуулах үйл явц төмөр замд хэтэрхий газар авчээ. Гэсэн атлаа удирдлагынх нь зардал улам л өесөөр. Уг нь орон тоогоо цөөлөх, зардлаа бууруулах боломж байгаа гэх. Адаглаад тэр олон дарга, жийпээ цөөлж, гар утасны төлбөрийг хэмнэж болох шүү дээ. Гэтэл төмөр замын дарга нар зардлаа бууруулах нэрээр ажилчид руугаа ханцуй шамлан дайрах нь гэм биш зан болжээ.
УРМЫГ НЬ ХУГАЛАХААР УУЦЫГ НЬ
Сангийн сайд Н.Баяртсайхан 2006 оны наймду-гаар сарын 11-нд 252 тоот тушаал гаргажээ. Энэхүү тушаалд алтыг хилээр хууль бусаар гаргах, татвараас зайлсхийх оролдлогыг илрүүлж улсын орлого болгосон тохиолдолд үнийн дүнгийн 10 хувийг тухайн байгууллагад олгох тухай дурджээ. Сайдын тушаал ёсоор тухайн байгууллага гэдэгт татвар, цагдаа, гааль, тагнуул, мэргэжлийн хяналт орж буй юм. Өөрөөр хэлбэл, уг ажилтай нягт холбоотой төмөр зам, хилийн цэрэг, жирийн иргэдэд энэ заалт огт хамаагүй гэсэн үг. 2006 оны аравдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар-Эрээний чиглэлийн 686 дугаар галт тэргээр зорчигч их хэмжээний алт хилээр нууж гаргахаар завдсаныг вагоны үйлчлэгч Ц.Ёндонжаргал мэдэж холбогдох хүмүүст мэдэгдсэн байна. Шалгаад үзтэл 19 кг алт байж. Үнэ ханш нь дор хаяж 500-гаад сая төгрөг. Харин энэ их алтны тухай үнэн зөв мэдээлэл өгсөн вагоны үйлчлэгч хоосон хоцорчээ. Учир нь, Сангийн сайдын дээр дурдсан тушаалд төмөр зам ороогүй гэдгээр шалтаглаж буй хэрэг. Ц.Ёндонжаргалыг урамшуулах тухай асуудлыг Н.Баяртсайхан сайдад тавьсан боловч 252 дугаар тушаалд танай байгууллагын хүнийг шагнах тухай заагаагүй гэсэн хариу өгсөн байна. Ерөнхий сайд М.Энхболдод уг асуудлыг уламжилсан ч ямар ч хариу алга. Уг нь энэ тухай албан бичиг илгээгээд бараг 20-иод хонож буй аж. Ямар нэг хориотой бараа нууж байгааг холбогдох байгууллага, хүмүүст хэлнэ гэдэг ихээхэн эрсдэлтэй алхам. Бүр цаашилбал амь насанд ч халтай. Зүй нь тэр үйлчлэгчийг нэг байтугай нэлээд хэдэн сая төгрөгөөр шагнасан ч болох шүү дээ. Ямар ч эх оронч сэтгэлтэй хүн дараагийн тохиолдолд надад ямар хамаатай биш гээд зөнд нь орхих байлгүй.