С.ОЮУН Алт, зэсийн үнэ шалдаа буутал уначихгүй байх аа
-УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө. Энэ чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудаас та алинд нь илүү ач холбогдол өгч байна вэ?
-Мэдээж, 2007 оны төсвийн тухай хууль, улс орны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, мөнгөний бодлого байна. Энэ гурван баримт бичиг тухайн жилийн өнгийг тодорхойлдог учраас чухал ач холбогдолтой гэж хэлж болно.
-УИХ төсвийн зохицуулалт, хуваарилалтад хэтэрхий их оролцоотой байна гэж шүүмжилдэг. Та үүнийг хэр зөв шүүмжлэл гэж бодож байна вэ?
-УИХ-ын гол эрх үүргийн нэг нь төсвийн хуваарилалтыг зохицуулах байдаг. Засгийн газар төсвийн төслөө УИХ-д өргөн барьж, хэлэлцэх явцад хуваарилалтыг өөрчлөх явдал сүүлийн хоёр жилд л гарч байх шиг байна. Энэ нь төсвийн орлого нэмэгдэж, төлөвлөж баталснаас илүү орж ирж байгаатай холбоотой. Өмнөх жилүүдэд төсөв дандаа алдагдалтай гардаг, бас бага байсан болохоор түүн дээр маргалдаад өөрчлөөд байх шаардлагагүй. Цалин, тэтгэвэр тэтгэмж, наад захын засвар зэрэгт хуваарилаад дуусдаг байсан. Өнгөрсөн жилийн төсвийн орлогын давсан орлогын 70 хувь нь зөвхөн алт, зэсийн үнийн зөрүүгээс орсон. Дээрээс нь гэнэтийн ашгийн татвар 2006 онд төсөвлөгдөөгүй байсан шүү дээ. Yүнийг оруулаад улсын төсөвт 1.353 триллион төгрөгийн орлого орсон байна. Уул уурхайн салбараас мэдээж Эрдэнэт үйлдвэр хамгийн их буюу 362 тэрбум төгрөг оруулсан. Энэ нь улсын төсвийн дөрвөн төгрөг тутмын нэгийг Эрдэнэт-ээс оруулсан гэсэн үг.
Ашигт малтмалын үнийн өсөлтөөс орж ирж байгаа орлого ашгийг тэр хэмжээгээр нь зарцуулж цацаад байж болохгүй. Тодорхой хэсгийг тогтворжилтын санд оруулъя гэсэн санаа холбогдох хуульд бага боловч тусч байгаа. Хөрөнгө оруулалт, нийгмийн хамгааллын талаар олон асуудал төлөвлөж байтал алт, зэсийн үнэ унавал яах вэ гэсэн болгоомжлол байдаг. Тэгэхдээ ойрын хэдэн жил алт, зэсийн үнэ юу юугүй шалдаа буутал уначихгүй л байх.
-Та яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ. Алт, зэсийн үнэ бол биднээс төдий л хамааралгүй шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ ашигт малтмалын үнийг түлхээд тодорхой төвшинд байлгах гадаад хүчин зүйл байна. Хятадын эдийн засаг сүүлийн хориод жилд 10 хувийн, Энэтхэгийнх арваад жилд найман хувийн өсөлттэй байна. Энэ хоёр улсад дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь амьдарч байгаа гээд бодохоор хэрэглээ нь асар их нэмэгдэж байна. Тэнд эрчим хүч, барилга гээд бүх салбар хөгжихийн хэрээр түүнд шаардлагатай түүхий эдийн үнэ өсч байна. Тухайлбал, газрын тос баррель нь 10 доллар байсан бол 60 ам.доллар болж, алтны үнэ нэг унци нь 250 ам.доллар байснаа өнгөрсөн жил 700-д хүрч одоо 600 ам.доллар болчихоод байна. Зэсийн үнэ 1998 онд 1300 ам.доллар байсан бол өнгөрсөн жил оргил үедээ хүрч 8800-д хүрч одоо тав, зургаан мянга болоод байна. Ураны үнэ гэхэд 1998 онд намайг нөхөн сонгуулиар Мардайд явж байхад үйлдвэрлэл нь зогсоод дэлхийд паунд (500гр) нь 7-8 доллар байсан. Одоо 75 ам.доллар болчихоод байгаа. Хятад, Энэтхэгийн эдийн засаг өсч, эрчим хүчний хэрэгцээ нэмэгдсэнээс цөмийн реактор, эрчим хүчийг ашиглах хэрэгцээ эрс нэмэгдсэн байна.
Гэтэл ураны хайгуул олборлолт дэлхийн хэмжээнд зогсонги байдалд орчихсон байсан. Ер нь уул уурхайн салбарын түүхий эд эрэлт, хэрэгцээ, нийлүүлэлт гэсэн зарчмыг дэндүү мэдэрдэг юм шиг байна. Тийм ч учраас цикл нь маш их хэлбэлзэлтэй байдаг байх.
1990-ээд оны эхээр гадаад оронд экспортлоё гэхэд Эрдэнэт-ийг эс тооцвол алтнаас өөр ашигт малтмалыг хайхад ашиггүй мэт тооцоо гардаг байсан. Одоо бол алт, зэсээс гадна мөнгө, жонш гээд бүх ашигт малтмал сонирхолтой болоод ирж байна. Эрдэс бодисын үнэ өндөр байгаа дээр хайгуулыг сайн хийгээд авах хэрэгтэй, хувийн хэвшлээр эрсдлийг нь даалгаад.
-Тэгэхээр хувийн хэвшилд лицензийг ахиу өгөх нь зөв гэсэн үг үү?
-Өнгөрсөн жил геологийн судалгаанд улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байх жишээтэй. Уул уурхайн салбарт хайгуулын ажил хамгийн их эрсдэлтэй ажил байдаг. Хайгуулын 1000 ажлаас томоохон орд олох нь нэг л тохиолдол бий.
-Ерөнхийдөө манайхан ганц хоёр том орддоо дулдуйдах биш, даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцийн улс орны хөгжлөөс хамаарч манай улсын эдийн засаг өсч байна гэж ойлгож болох нь ээ?
-Нэгэнт даяаршиж байгаа дэлхий ертөнцөд бүх юм уялдаа холбоотой. Ялангуяа манай урд, хойд хөрш бүс нутаг хөгжлийн ямар хандлагатай байна вэ гэдгээс манай улсын хөгжил шууд хамаарна. Хөгжлийн хандлагыг сайн ойлгож, мэдэрч чадвал манайхан дотооддоо хөгжлийн зөв чиг хандлага гаргаж ирэхэд тус дөхөмтэй болно. Түүнийг сайн ойлгохгүйгээр янз бүрийн шийдэл гаргаж ирээд байвал ертөнцөөс тусгаарлагдчихсан биш хэцүү л болох байх.
Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх байр суурьтай болчихсон учраас ашигт малтмалын үнэ ханш, хандлагыг ч сайн ойлгох хэрэгтэй болно. 2006 оных бараг адилхан байгаа байх, 2005 оны дүнг харж байхад ДНБ-д бараг 30 хувийг уул уурхайн салбар эзлээд, улсын төсөвт өгч байгаа мөнгөний 40 хувийг уул уурхайн салбар нийлүүлж байсан.
Экспортын бүтээгдэхүүний 75 хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа нь Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлж байгаа гэсэн үг. Тиймээс төсөв зөвхөн нэг салбараас хамааралтай байх нь эрсдэл ихтэй гэдгийг бодолцож уул уурхайн салбарыг оролцуулахгүйгээр өөр нэг төсөв боловсруулж үзвэл сонин байх болов уу гэж боддог юм.
-Улсын төсвийн орлого өмнө байгаагүй ихээр бүрдсэн нь улс төрийнхний хүрээнд хэрүүлийн алим болж байна гэж ярилцах боллоо. Энэ нь ашигт малтмалын хайгуул, олборлолтын тухайд яаж тусч байна вэ?
-Уг нь эдийн засаг хувийн хэвшил дээр тулгуурлаж л босмоор байгаа юм. Төр нь аливаа юманд оролцох оролцоо нь нэмэгдээд ирэхээр хүний үзэмжээр шийдэх асуудал өргөжөөд, улс төрд хувь хүний тоглолт явагдаад хувиа авах ёстой гэсэн санаа их явж байна. Тэр нь нэг талдаа зөв. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллаж байгаа нөхцөлд. Нөгөө талдаа улс нь оролцоод, Засгийн газрын гишүүд байдаг ч юмуу хүмүүсийн үзэмжээр янз бүрийн гэрээнүүд байгуулагдана. Мөнгөний хуваарилалтыг шийднэ гээд янз бүрийн явцуу эрх ашгаас болоод буруу талаар ашиглах боломж гарч ирж магадгүй.
Улс төр, бизнесийн эрх ашгаа эрхэмлэсэн хүмүүс түүнээс яаж хувь хүртэх вэ гэж удаашруулсаар цаг алдах ийм юм болж мэдэх юм. Yүнээс санаа авч хэлэхэд 1997 оны хуульд зарим чухал заалтыг хүчийг нь сулруулах буюу хассан явдал бий. Тухайлбал, хайгуулын лицензийн үнийг анхны төслөөс тав дахин бууруулж баталсны дээр авсан лицензийн газартаа доод тал нь 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хайгуул хийх ёстой гэсэн заалтыг хассан юм шүү дээ.
Түүнээс өмнө 1995 онд гаргасан ашигт малтмалын тухай хуулинд хувийн хэвшлийнхний итгэл үнэмшил төрүүлэхээргүй хөрөнгөөрөө хайж ол, олсны чинь дараа яахыг шийднэ гэх шиг утга агуулга байсан. 1997 онд энэ дутагдлаа засч хувийн хөрөнгөөрөө ордоо ол, үйлдвэрээ байгуул гэж зөвшөөрсний дагуу хөрөнгө оруулалт багагүй орж ирсэн. Гэтэл энэ үед дэлхийн зах зээлд үнэ уначихсан байсан үе.
Харин 2000 он гарснаас хойш байдал арай дээрдэнгүүт хөрөнгө оруулалтын сонирхол нэмэгдсэн. Тухайн үетэй харьцуулахад хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч 20 жилийн дараа Эрдэнэт-тэйгээ байж мэдэхээр л нөхцөл байдалд байна шүү дээ, бид.