Стратегийн орд газрууд бидэнд юу өгөх бол?
Ашигт малтмалын салбарынхан өчигдөр Төрийн ордонд уулзаж ярилцацгаав. Толгойтой болгоны анхаарлыг татаж, хэл ам, хэрүүл шуугиан бүрийн үзүүрт өлгөгдөж байгаа энэ салбарынханд ярих зүйл мундахгүй. Өнгөрсөн жил өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэхийн өмнө тэд ийнхүү чуулан ярилцсан. Энэ жилийн хувьд Ашиг малтмалын хууль хэрэгжиж эхэлсэн, бас хоёр гуравхан хоногийн өмнө стратегийн орд газруудыг баталсан УИХ-тогтоол гараад байгаагаараа онцлог.
Энд жагсаал хийдэг С.Ганбаатар, саяхан сайдаасаа огцорсон эрхэм гишүүн Б.Жаргалсайхан, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай, Үндсэн хуулийн цэцтэй заргалдах дуртай иргэн Д.Ламжав, социализмын үеийн удирдагч Ж.Содном гуай, манай уул уурхайн эрдэмтэн, судлаач, эдийн засагчид, багш нар, геологичид, горняк /уул уурхайнхан/ -ууд ёстой л энэ салбараар санал бодлоо солилцох ёстой болгон ирсэн байв. Мэдээж хэрэг Ерөнхийлөгч Н.Энхбаяр үгээ хэлсэн.
Тэд гол стратегийн гэх орд газруудаа тойроод ашигт малтмалын салбарын нарийн ширийн болгоныг ярилцаж санал бодлоо солилцов. Гаднаас харахад нэг хэсэг нь гадаадын хөрөнгө оруулагчид л биднийг аварна гээд, нөгөө хэсэг төрийн оролцоо чухал, за бүр нэг хэсэг нь бид хоосон хоцорчихож байгаа юм биш биз гэж бухимдаж жагсаал цуглаандаа тулаад л гэх мэтчилэн энэ салбарынхны хэл-ийг ойлгоход хэцүү. Харин уулзалтад оролцогсод юу.юугүй л Фрийдланд, Оюутолгой, Тогтвортой байдлын гэрээ гэдгээс өөр үг үгүй мэт байсан жил гаруйхны өмнөхтэй харьцуулахад энэ салбарын талаар хүмүүсийн ойлголт, мэдээ мэдээлэл бас ч гэж сайжирсан, хууль эрх зүй, харилцан ойлголцын хувьд ч ахиц гарсан гэж үзэж байгаа бололтой.
Стратегийн орд газруудад төр 34-50 хүртэл хувь эзэмшинэ гэсэн нь дундын байж болох хамгийн боломжит хувилбар байсан гэдэгт олонх нь санал нэгдэж байсан. Харин төр хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр хувиа тогтоох болон,
ордуудыг тодорхойлсон нь зөв үү, буруу юу гэх мэт дээр мэдээж хэрэг янз бүрийн саналтай байсан. Энд Ерөнхийлөгч Н.Энхбаярын монголчуудын хувийг анхаарч цаашид өөрчлөх 50-иас илүү хувь болгохыг чармайх гэхчилэн хуульд нэгэнт тусгасан зүйлийг салаа утгатай болгох гээд байгаа юм шиг мессеж анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Ерөнхийлөгчийг хориг тавих байх гэж хүлээж байтал өөрөө өнгөрөөчихөөд баталсан хойно нь болохоор… гэсэн үг ч сонсогдсон. Гэхдээ энд бас нэг сонирхолтой гаргалгаа байгаа нь төрийн эзэмших хувь болоод Монголын үндэсний хувийн компаниудын оролцоо нийлээд 51.хувь байх хэрэгтэй гэсэн санаа байгаа аж. Өөрөөр хэлбэл монголчууд ямар нэгэн байдлаар давуу байх. Мэдээж хэрэг энэ нь төр ганцаараа 51 хувь эзэмших ёстой ч гэсэн үг биш л дээ. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулагчид ч хувийн хэвшлийнхэн ч, ашигт малтмалынхан бүр төрийн ажилтан албатнууд өөрсдөө төр гэсэн нэрийдлээр менежмент муу, баялаг нь гарын салаагаар урсах цоорхой гаргах вий гэж болгоомжилдог. Төр үргэлж л муу менежер байдаг юм чинь. Тийм ч учраас төр болоод, хувийн хэвшлийнхэн, гадны хөрөнгө оруулагчдыг зохист харьцааг хайж байх шиг байсан.
Стратегийн орд газрууд улс оронд юу өгөх, хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ? Хувь эзэмшээд л одоо үнэ нь өндөр байгаа шиг баахан мөнгө олоод л халамж, буянд цацаад байна гэвэл сайнаасаа саар нөлөөлөл бас байгаа учраас хөгжлийн гарцыг тэд хайж байна.
Ямар нэг Ерөнхийлөгч ч юм уу, Засгийн газрын ивээл халамжийн доор зохиогдсон эсэх нь мэдээж гол асуудал биш, хамгийн гол нь тэд хамтран гарц хайж байна. Эрэл, эрмэлзлэлийн үзүүрт юу гэдэг билээ?
Ардын эрх сонин 31 /563/
А.Туяа