МАХН-ын залуу халаа МАСЗХ-ны дамжлага
Хүү чинь, дүү чинь тэр намын ийм сайн ахтай танил боллоо, тусалж дэмжлээ гээд гүйгээд эхлэх л юм бол, ээ дээ болгоомжтой байгаарай гэж нэгэнтээ судлаач Д.Ганхуяг бичиж байв даа. Хадгаламж зээлийн хоршооны эзэн Ц.Түмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д. Бадрааг гэгээн цагаан өдөр хутгалаад алчихсаны дараа… Хоёулаа манай мөнхийн эрх баригч МАХН-ын залуучуудын байгууллага буюу Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны гишүүн, нэг нь бүр Монгол Улсын мини парламент гэгддэг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч. Хэн хэн нь хийж бүтээх, гэгээн хүсэл, амьдрах итгэлээр жигүүрлэж байх ёстой тэр залуусыг намын дэргэдэх байгууллага, сайн ах нарын тусламж, дэмжлэг, намын залуу халаа, ирээдүйн дарга нэрээр буртаглаж, бохирлож гэдгийг хэлэх гэсэн санаа.
Тохиолдлын ч юм уу, тохиолдлын бус үйл явдлуудтай ямар нэг байгууллагыг холбож зүхэх нь утгагүй мэт санагдах ёстой л доо, уг нь эрүүл нийгэмд бол. Гэвч өнөөдөр та эргэн тойрноо хараарай.
Зангиа зүүж, үсээ гельдсэн залуус аюулын томоотой бөгөөд ажил хэрэгч царайлан эх оронч уриа яриад л…/зарим нь бүр аймаар нүднийх нь оронд 50-тын зоосон мөнгө байгаа юм шиг царайтай/ Эсвэл дарга ах нартай залуугийн бизнес цэцэглэн хөгжөөд л. Таныг ямар нэг холбоо, нийгэмлэгт харьяалагддаггүй гэх юм бол эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаж, Хөөрхий үүний ирээдүй ч ёстой бүрхэг байна даа гэсэн харцаар өрөвдөнгүй харах вий. Чамгүй яруу найрагч байж болох залуу хүртэл улс төрийн мананд ээрэгдчихсэн, хуучны соц-реалист шиг төрөө магтсан шүлэг гоншигноод л. Дуучин залуу, загвар өмсөгч охин, Монголын хамгийн өндөр залуу гээд МАСЗХ-ын бүтээгдэхүүнүүд МАХН-д элсэх нь зүй ёсны гарцаагүй байх ёстой дамжлага болов.
Ёстой нөгөө дээврээ даахтайгаа болохоор гэдэг шиг олигтой өөдтэй явахыг хүссэн, бас ч гэж чамгүй боловсролтой эсвэл мөнгөтэй залуу бүр МАСЗХ гэсэн малгай-тай болчихсон байгаа. Бүр энэ малгай-г өмсөхгүй бол өөдөлж, дэвжиж, өөрөөр хэлбэл дарга болж чадахгүй гэсэн теором ч бий болсон. Гэхдээ сүүлийн үед энэ малгай өөр зүйлээр тодотгогдох болсныг анзаарч байна уу. МАСЗХ-ын гишүүн залуу / зарим эх сурвалжийн мэдээгээр залуус/ банкны мөнгө зувчуулж, казино тоглосон гэсэн мэдээ хамгийн шинэхэн жишээ.
Одоо Ганц худагт хоригдож буй тэрээр холбооныхоо бүсийн чуулга уулзалтыг 20 сая төгрөгөөр санхүүжүүлж байсан гэнэ үү? Сөөсгөр залуусын арми-аас ийм хэмжээний мөнгө гарч, хурал мэтхэнд зарцуулсанд гайхаад байх зүйлгүй. Тэд МАХН-ын залуу халаа, бэлтгэл хүчин, бас найдвартай ар тал. Тэдэнд Х.Баатарыг шоронд оруулсан шиг нам, холбооны нэрээр ирэх хандив бас үл тасрана.
Тэдний бийлэгжүү, цалгисан ёолк нь хүртэл тусдаа болно. Тэнд дандаа нэгдүгээр сорт-ынхон болоод хоёрдугаар эгнээнийхэн буюу залуу халаа нь оролцдог. Та санаж байгаа биз дээ, шинэ жилээр телевиз болгоноор шахуу гаргасан ёолкыг нь… МАХН-ын залуу халаа МАСЗХ-ныхон хуучны бошгыг халах залуучуудын эвлэл гэдэг шиг коммунист үгтэй хачин цоглог дуу дуулав даа. Дуучдынх нь нэрний өмнө Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, ямар ямар юмны тэргүүн… гэсэн тодотголтой. Дууных нь үг нь уг нь эх орныхоо төлөө энэ биеэ үл хайрлан, атгасан гар шиг нэгдэн зүтгэе гэсэнэрхүү утгатай байсан байх. Хүн болгоны цээжний чанадад цохилж байдаг нандин бодол, эрмэлзлэлийг социализмын үеийн догм шиг болгож орхисон болохоор ийм жихүүн бодол төрүүлээд байсан байх, уг нь надад, танд ч ойрхон сонсогдох ёстой үг мөртлөө.
Тэр тансаг бас тэнэгдүү ёолк-ны мөнгө бас дээрхийн адил замаар боссон гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энэ бүхэн хангалттай авлигачаараа дуудуулж байгаа ах нарынхаа замаар тэд эргэлт буцалтгүй явж байгааг сохор хүн ч харахаар байгаа биз дээ. Одоогийн увайгүй улстөрчдийн бэлтгэл хүчин-бяцхан зандалчингууд, бяцхан луйварчид. Хэдийгээр МАСЗХ манай нэр хүндийг гутаалаа гэх мэтийн эрх баригчдаас ирдэг факстай утга ижил мэдэгдэл хийж байгаа ч үйл явдал бүр хэр хэмжээнээсээ хэтрээд байгааг тохиолдлын болоод тохиолдлын бус үйл явдлууд илэрхийлээд л байгаа биз дээ.
Эцэст нь хэлэхэд ах нар аа, хөөрхий хүүхдүүдийг бүү өөрсдийнхөө замаар замнуулах гэж хүчээр улс төрийн тоглоом болгож, бурантаглаач дээ. Хүүхдүүд минь дээ, та нар ч гэсэн хүн л юм болохоор дотроо бодолтой л байдаг биз дээ.
Ардын эрх сонин 31 /563/
А.Туяа