Говь компанийн хувьчлалын ард МАХН-ыг мөнгөөр тэтгэгч байгаа бололтой
Зарлага нэг их гардаггүй хэрнээ мөнгийг ихээр олдог бизнес бол зочид буудал. Манайдаа дээд зэрэглэлийн гэх буудлуудын нэгнийх нь эзэн Ц.Баатарсайхан. Өөрийнх нь бараг овог болсон Палас-аа МИАТ-ын гүйцэтгэх захирал байсан бүжигчинд зарсан гэнэ лээ. Түүнийг Таван богд гэж тодруулбал танихгүй хүн бараг үгүй. Тэрээр Япон, Солонгосын компаниудын барааг зээлээр оруулж ирж Монголд эрчимтэй борлуулснаар шинэ цагийн баян болсон нөхөр. Монголын толгой баячуудын тоонд багтах болсон Баатарсайханыг нөхөд нь албан тушаал, нэр төрд ихээхэн дурлагч гэдэг юм билээ. Тэр зан чанарыг нь нөхөд нь хийгээд нам нь сайн мэддэг болохоор гол санхүүжүүлэгчээ болгосон гэх. Тиймдээ л 2000 оны УИХ-ын сонгуулийн үеэр ихээхэн хэмжээний мөнгө хайрт намдаа хаян байж шанд нь МИАТ-д хэсэг хугацаанд өндөр алба хашаад авсан сэргэлэн толгой. Энд ажиллаж байх хугацаандаа бас нэлээд хэмжээний мөнгөний асуудалтай холбогдоод авсан тухай хэвлэлээр цацагдаад байгаа. Үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг манай зарим бизнесменүүд Баатарсайхан шиг гадны бараа борлуулж баяжаагүй, үйлдвэрлэл явуулж, цэвэр хөдөлмөрөөрөө мөнгө олдог гэж атаархах, доош хийх зэрэгцүүлдэг гэсэн яриа ч байдаг. Арван хэдэн жилийн турш экспортоор дагнан өндийсөн тэрээр арван хэдэн охин компаниа салбарлуулсан ч шуналын сэтгэл нь ханасангүй бололтой. Түншүүдээсээ нэр хүнд, итгэл олсон тэрээр япончуудтай хавсарч Говь компанийн хувьчлалд оролцон ялалт байгуулаад байгаа. Энэ хувьчлал ТӨХ-г шүүхийн хаалганд авчраад байгаа билээ. Мөнгө багатай ч эх орны эдийн засаг, хөгжил, үндэсний үйлдвэрлэлийг япончуудаас дутахааргүй эх оронч сэтгэлтэй нэгэн байхад гадныхны гар хөл болж үндэсний томоохон үйлдвэрийг алдсан гэж үзэх хүн ч байдаг бололтой. Үнэхээр Баатарсайхан мөнгөтэй бөгөөд хүсэлтэй байсан бол энэ хувьчлалд өөрийн нэр, хөрөнгөөр оролцохгүй, яах гэж хөшигний ард нуугдаад байгаа нь юунд, хэнд харшилтай байсныг бурхан, чөтгөр л мэдэх байх даа.
Өнөөгийн төрх