Дарьтай торх шиг засаг төр
Одоогоос нэг жилийн өмнө УИХ-аас М. Энхболдын засгийн газрыг эмхлэн байгуулж байлаа. Бүрэн эрхээ бүтэн хугацаанд нь хэрэгжүүлж чадаагүй Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж уур цухалаа барьж ядахдаа хэлсэн амандаа хүрээгүй МАХН-ыг элдэвээр цоллоод УИХ-ын индэр дээрээс буусан билээ. МАХН-аас томилогдсон танхимынх нь гишүүд Ц.Элбэгдоржтой хамтарч ажиллахгүй хэмээх өргөдлийг Удирдах зөвлөлийнхөө даалгавараар УИХ-д өргөн барьснаар асуудал өрнөсөн юм. Уг нь зөвшилцөл ёсоор бол Ц.Элбэгдоржийн Засгийн газар 2006 оны наймдугаар cap хүртэл ажиллах ёстой байтал МАХН-ынхан АН-ын урвагчидтай нийлж хууль бусаар Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаж авсан билээ. Ингэж хэдхэн cap тэсч чадаагүйнхээ горыг одоо М.Энхболд өөрийн биеэр амсч байна.
Эрээвэр хураавар, элдэв янзын намын дарга нарыг Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд урьж оруулчихаад бүтэн жилийн турш өөрийнхөө улаан нүүр рүү ташуурдуулж суугаадаа Ерөнхий сайд М.Энхболд одоо хэр нь толгойгоо шааж сууна. Анхнаасаа урвагч, хулгайч нараар багаа бүрдүүлсэн юм чинь аргагүй шүү дээ гэх хүн олон бий. М.Энхсайхан, Ж.Наранцацралт, М.Сономпил, Б.Эрдэнэбат, Л.Гүндалай, Б.Жаргалсайхан, С.Отгонбаяр нарын өнгөрсөн арав орчим жилийн улс төрийн намтрыг монголын ард түмэн хэнээр ч хэлүүлэхгүй мэднэ. Анх яаж явсан, дараа нь юу болсон одоо юу болоод байгааг нь нэгд нэгэнгүй мэдэж байгаа.
Нэлээд хэдэн жилийн өмнө УИХ-ын гишуун асан М.Зэнээ Урвагчийн толгойг авч байсан уламжлалт монгол төрийн түүхэнд бий хэмээн хэлж байсан. Энэ үгийг 2004 оны сонгуулийн компанит ажлын үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн телевизийн дэлгэцээр хэлээд бөөн шуугиан дэгдээж байлаа. Урвагчдыг үзэн яддаг МАХН-ынхан яахаараа эргээд тэдэнтэйгээ нийлчихсэн манаргаж явна вэ?
Яг үнэндээ эрх мэдлийн төлөө бол хэнтэй ч нийлж, хэнийг ч жийж чаддаг улс төрчдийн увайгүй төрхийг М.Энхболдын Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд өмнөх Засгийн газраас уламжлан авч үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Нэгэнтээ Ц.Элбэгдорж өөрийнхөө Засгийн газрыг алдаад унагачихвал хагарч мэдэх өндөгтэй зүйрлэж байсан бол М.Энхболд огт дуугарахгүй байсаар бүтэн жилийг ардаа үлдлээ.
Ямар сайндаа УИХ-ын дарга Ц.Нямдорж түүний тэсвэр тэвчээрийг гайхаж Хэтэрхий хүлээцтэй, дэндүү удаан бодож байж шийдвэр гаргадаг хэмээн магтах шүүмжлэхийн хооронд хэлж байх билээ дээ. Түүний хэт амгалан байдлыг танхимынх нь гишүүд овжин ашиглаж юу дуртайгаа хаа сайгүй ярьж, дургүйгээ хүрвэл хоорондоо ч барьцалдаж авах шахуу болж байгаа нь Засгийн газрын нэр хүндийг навс унагасан юм. Аргаа бараад зарим нэгийг зайлуулахгүй бол Ерөнхий сайд өөрөө өнхөрч мэдэхээр боллоо. Шинэ жилийн өмнө Л.Гүндалайг хуссан бол цагаан сарын өмнө Б.Жаргалсайханыг хуслаа. Одоо удахгүй Мартын 8-ны өмнө бүрэн Засгийн газар өөрөө бүрэлдэхүүнээрээ ч огцорч мэдэх аюул нүүрлээд байна. Яаж баарцаглахаараа энэ Засгийн газар чинь амар заяагаа үзэхээ больчихсон юм бэ? Анхнаасаа л мордохын хазгайн үлгэрээр орсныхоо горыг ийнхүү одоо амсаж байна.
Төр, засаг цэвэр тунгалаг байх тухай эрх баригчид байнга ярьдагч, тэдний бүрдүүлж буй засаг төр нь бузар булай, луйврын үүр уурхай болсон нь гайхалтай. Шадар сайд М.Энхсайханы хувьд хор шар нь байнга буцалж явдаг хүн. Дургүйгээ хүрэхээр эрх баригч эвслийг засгийн эрхнээс зайлуулж байж санаа нь амраад, урьд нэг нүдээрээ ч хардаггүй байсан МАХН-ынхантай сүжирч эрх мэдлийн оргилд хүрч авсан. Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Л.Гүндалай эхний хэдэн cap нам гүмхэн ажлаа хийгээд Төр, засгийн тогтвортой байдлын тухай аядуухан яриа өгч М.Энхболд шиг сайн ажиллаж байгаа хүн байхгүй гэж магтаж байснаа хавар болоод ирэнгүүт өнөөх урьдын синдром нь хөдөлж Иргэний хөдөлгөөнийхөнтэй нийлж жагсаал цуглаан хийж, гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн газар руу дайрч, үүний улмаас хүний амь нас хүртэл үрэгдээд авсан. Хэзээ байтлаа Засгийн газрын гишүүн нь засаг төрийнхөө эсрэг жагсаал цуглаанд оролцож байсан юм бэ? Мангартана гэхэд дэндүү мангартсан хэрэг биш үү. Сүүлдээ өөрийнхөө дүүг АМГТХЭГ-ын дарга болгосонгүй гэж мөр зэрэгцэн суусан ангийнаа анд Б.Жаргалсайханыг огцруулах өргөдөл өгч, асууал нь шийдэгдэх болохоор Түр зуур буцааж авъя хэмээн алиалсан.
Анх БНН-ын гишүүн хэмээн яригддаг байсан Оюуны ундраа-гийн С.Отгонбаяр дараа нь Иргэний Зориг намд элсчихсэн цохиж явсан. Гэтэл 2004 оны сонгуулийн өмнөхөн Х.Баттулга нартай бөөнөөрөө МАШСН-д элсэж улмаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх квот олж авсан билээ. М.Энхболдын Засгийн газарт орж ажиллахын тулд намынхаа даргатай улайм цайм муудалцаж, эгээтэй л МАХН-д элсэхийн наахнуур болж байж сайдын сэнтийд заларсан даг. С.Отгонбаярыг сайдаар томилогдоход олон хүн мэл гайхсан. П.Жасрайгийн Засгийн газарт нисдэг тэрэг шахах гэж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Peace зочид буудлын барилгыг хууль бусаар хувьчилж авсан гээд түүний үйлдсэн хууль бус үйлдлүүд олон бий. Засгийн газрын гишүүн болоод ч хэл амнаас хол байж чадаагүй. Түлш эрчим хүчний дэд сайдТ.Энхтайвантай тойрог булаацалдаж алах талах дээрээ тулав. Дараа нь бид хоёр эвлэрсэн гээд хээв нэг яриад сууж байгаа хүнийг юу гэж ч ойлгох билээ.
Л.Гүндалай, Б.Жаргалсайхан, У.Хүрэлсүх нар УИХ-ын танхимд бие биенийхээ эсрэг болон УИХ-ын гишүүдийн эсрэг элдэв янзын эрүүгийн холбогдолтой гэмт хэргийн материалуудыг сөхөн тавина хэмээн дарамталсан нь монгол төрийн түүхэнд байгаагүй гутамшигт үйлдэл боллоо. Үнэхээр тэд нарын дэлгэн тавина хэмээн сүрдүүлсэн материал нь үнэн бодитой юм бол яахаараа хууль хяналтын байгууллагаар шалгуулахгүй өөр өөрийнхөө гар дээр аваад явж байдаг юм бэ? Албан үүрэг, эрх мэдлийнхээ хүрээнд олж авсан мэдээллийг амин хувьдаа ашиглах нь эрүүгийн хуульд заасан онц ноцтой гэмт хэрэг биш гэж үү.
Б.Жаргалсайханы Марубений хэрэг, Л.Гүндалайн эмнэлэгийн тоног төхөөрөмж шахсан хэрэг, С.Отгонбаярын заналхийлэлд өртсөн хэрэг, М.Сонопилийн хадгаламж зээлийн хоршооноос зээлсэн гэх тэрбум 900 төгрөгийн хэрэг гээд л М.Энхболдын Засгийн газрын гишүүдийн өдүүлсэн гэмт хэрэг-үүдэд хавтаст хэрэг нээгдэхгүй хав дарагдаар удлаа. Уураа хүрэхээр бие биенийхээ эсрэг гэмт хэргийн материал шидэлцэж суугаа Засгийн газрын гишүүдийг чухам ямар үүрэг рольтой хүмүүс гэж ойлгох вэ? Юм л бол амнаас нь ална, тална, шоронд хийнэ, шороонд булна гэх үгс унагадаг энэ засгийн газрын гишүүдийг шүүхийн яллагч гэж ойлгох уу? шоронгийн атаманууд гэж ойлгох уу? Төрийн албаны нэр хүнд, ёс зүйг уландаа гишгэж, цагаандаа гарсан луйварчингууд засгийн эрх мэдлийг заазуур шиг ашиглахаа зогсоох цаг болжээ.
Хэрэв энэ байдал УИХ, засгийн газрын танхимаас гадагшилбал эвдрэл тэмцлийн үүд хаалга нээгдэж, иргэд хоорондын үл ойлголцол газар авч, эргэж хэзээ ч нийлэхийн аргагүй дайсагнал бий болохыг үгүй гэх газаргүй. Эхнээсээ төрийн албан хаагчийг ажлын байранд нь айлган сүрдүүлж, гутаан доромжилсон үйлдлүүд сонсогдох боллоо. Төр засгийн удирдлагууд ч үүнийг сонсоод юу хийхээ мэдэхгүй мэл гайхаж цэл хөхөрч байгаа дуулдана. Айдас хүйдэс улам бүр газар авч, аймшигт хэргүүдийг улстөрчид үйлдэх цаг ойртсон юм биш байгаа. Ард иргэдээ, сонор сэрэмжтэй байхгүй бол ардчилалд аюул учирч мэдэхээр боллоо. Гэмт хэргийн золиосонд жирийн иргэд л хохирдог шүү дээ.
Ардын эрх сонин 31 /563/
Г.Энхбаатар