Хурдан эдгэрч ажилдаа ормоор байна
Оргил рашаа сувилалд үйлдвэрийн осол гарч, тэндхийн хоёр ажилтан өртөн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа билээ.
Тэдний нэг болох Гэмтэл согог судлалын төвд эмчлүүлж буй М.Цогоос ярилцлага авсанаа уншигчдадаа өмнө нь хүргэж байсан. Тэгвэл энэ удаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийг эмчилэх клиникт хэвтэн эмчлүүлж буй Ш. Мөнхөөтэй уулзаж ярилцлаа.
-Таны бие ямар байна вэ. Ирсэнээсээ хойш дээрдэв үү?
-Мэдээж сайжирсан. Нүүр, хэвлий, хөлийн хоёр гуя маань түлэгдсэн. Эхэн үед аналгин, димедрол тарьдаг байсан. Одоо өвчин намдаах лаа хэрэглэж байна. Сүүлийн гурав хоногоос халуурахаа больсон. Ам ангайхгүй гуурсаар шингэн зүйл уудаг байлаа. Одоо нүүр маань эдгэрч, арьс нь гуужин шинэ арьс гарч ирсэн байгаа. Хүний нүүр ил байдаг болохоор амархан эдгэчихдэг юм шиг байна билээ. /Нүүр нь тэр чигээрээ улаан хөрстэй болсон байв/ Хэвлийн түлэгдэлт эдгэрч эхэлсэн. Харин хөлийн хоёр гуя маань час час хийн хорсож өвдөх нь хэцүү юм. Одоо эм тавьж боолт хийж байгаа. Миний өмсч байсан нийлэг эдээр хийсэн өмд маань гуятайгаа нийлээд тэр чигээрээ наалдсан байсан тул махыг нь огтолж авсан. Гэхдээ мах нь турж ургах байх.
-Осол гарах үеийнхээ явдлыг санаж байгаа биз дээ?
-Уурын тогооны хажууд би зогсч байсан. Харин М.Цог уурын хоолойг нээж байх үед би даралт ууртай байснаас брометр харагдаж өгөхгүй байсан тул тонгойн харах гэж байхад гэнэт дэлбэрэлт болж, би ухаан алдсан. Нэг сэргэхэд хүмүүс намайг дамжлаад нэг өрөөнд оруулж байсан. Тэнд М.Цог ах байсан.
Тэгэхэд гар нь тасарчихсан байсныг харсан. Тэгээд тэдэнд би ч яах вэ гайгүй. Хөл, гар бүтэн харин М.Цог хэцүү байна гээд Цог ах аа тэсээрэй, тэснэ шүү гэж хэлээд ухаан алдсан байсан. Эхний хэд хоногийн юмаа санахгүй байгаа. Маш олон хүн ухаангүй байх үед ирсэн байсныг би мэдээгүй.
-Та хоёрыг гадаа ажилла гэж хэлсэн юм уу эсвэл өөрсдөө дотогшоо яваад орсон юм уу?
-Бид хоёрыг гадаа брометрийн даралт хараад уур тавьж галаа сэргээгээд байж бай гээд бусад нь дотор ажиллахаар гарсан юм шиг байна билээ. Яг тэр үед нь дунд худаг дээр очихоор би явчихсан байсан. Намайг ирэхэд тогоо маань цуурчихсан, уур гарч байсан. Би даралт хараад М.Цог уур тавьсан. Уур тавихын зуургүй дэлбэрэлт болж их чимээ ирээд цохиод авах шиг болсон. Түүнээс хойш юу болсоныг би мэдээгүй. Нэг сэргэхэд бүх бие хорсоод өрөөнд ороход миний хувцаснууд бүгд шатаад салбайчихсан. Тайлаад үзсэн миний бие цэврүүтчихсэн байсан. Дуудлагын хүмүүс ирэхдээ биднийг согтуу байна гэж анх бодож байсан юм билээ. Бид нар чинь мэдээж, өвдсөндөө их дуу чимээ гаргаж байгаа юм чинь.
-Тэр чимээнээр танайхан гарч ирсэн үү?
-Чимээ намдтал бараг хагас цаг болтол тэд өөрсдөө түлэгдчих гээд байсан тул ойртож чадахгүй 20-иод минут болсон гэсэн. Би дэлбэрэлт болсон газраас 20-иод метрийн зайд манайхны рашаан уух гэж ярьдаг газрын орчимд шидэгдсэн байсан гэсэн.
-Мэдээж, ажлынхан чинь эргэж тойрч байгаа биз дээ?
-Байнга эргэж байгаа. Анх энэ эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирэх үед манай сувиллын дарга ирээд явсан байсан. Эм, тариандаа хэрэглэ гэж гучин мянган төгрөг өгсөн юм билээ.
-Одоо хүсэх зүйл юу байна?
-Хурдан эдгэрч ажилдаа орохгүй бол хоёрын хоёр хүн /эхнэр нь асарч байгаа/ ажилгүй, гэрт бага насны хоёр охин маань байна. Хөгшин эх маань л нэг хашаанд байдаг тулдаа тэднийг харж хандаж байна. Хүүхдүүд маань зурагтаар намайг гарахыг хараад уйлсан гэсэн. Нүүр маань зүгээр болонгуут өнгөрсөн ням гаригт тэднийгээ авчруулж уулзсан.
-Эмнэлгээсээ хэзээ гарах вэ?
-Шарх маань хурдан эдгэрвэл cap шинийн баярын үеэр гарчих юмсан.
Чимчигнэн өвдсөн хэвээрээ байгаа
Гэмтэл, согог сэргээн засах клиникийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй М.Цогоос биеийн байдлыг нь лавлалаа. Түүний бие гайгүй байгаа гэж тэр хэлсэн бөгөөд гэхдээ тасарсан гарынх нь шуу чимчигнэн өвдөх нь хэвээрээ байгаа гэнэ. Харин эмчилгээний хувьд зөвхөн тариан эмчилгээ хийж бай¬гаа бөгөөд огт эм уулгахгүй байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийнхний нь зүгээс түүнд нийт 180 хоног хэвтэх ёстой гэж хэлсэн хэдий ч cap шинийн баярын үеэр гэртээ харьж шинэлэх бодолтой байгаагаа нуугаагүй юм. Хөдлөх бүртээ тасарсан гараа үгүйлж байгаагаа ч нуусангүй харин ажлынхан нь эргэж тойрохдоо түүнд хиймэл гар хийлгэж өгөх болсоноо дуулгажээ.
Ардын эрх сонин 31 /563/
С.Бадарч