Татварыг хөнгөлснөөр төсвийн орлого буурахгүй
Татвар тойрсон асуудлаар Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын
газрын Орловын хэлтсийн дарга Ж.Ганбаттай ярилцлаа
-Татварын багц хуулййг шинэчлэн баталснаар татварын дарамт, ачааллыг хөнгөлсөнд бизнес эрхлэгчид олзуурхаж байна. Хэдийгээр татварын хэмжээ буурсан ч өмнө нь улсын төсөвт нэмэрлэдэг байсан татварын хувь хэмжээ хэвээр байна гэдэг нь үнэн үү?
-Шинэчлэгдэн батлагдсан татварын хуулиудыг товчхондоо эдийн засгийн шинэчлэлийн томоохон алхам гэж ойлгож болно. Хуульд өөрчлөлт хийснээр төсвийн орлого 180 орчим тэрбум төгрөгөөр буурч байгаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт, татварын бааз, суурь өргөжиж байгаа учраас төсвийн орлого буурахгүй гэж бид тооцоолсон. Монгол Улсын 2007 оны нэгдүгээр сарын нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 153,1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 48,3 тэрбум төгрөг буюу 11,6 хувиар давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 96,8 тэрбум төгрөг буюу 36,7 хувиар өслөө.
-Ер нь манай улс төсөвтөө хэчнээн төгрөгийн татвар нийлүүлдэг юм бол?
-Энэ асуултанд хариулахын өмнө урьд онуудын тоо баримтыг эргэн сануулъя. Улсын төсөвт 2003 онд 523,3 тэрбум, 2004 онд 671,9 тэрбум, 2005 онд 793,5 тэрбум, 2006 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1,291.9 тэрбум төгрөгийн орлого тус тус төвлөрч байсан. Харин УИХ-аас баталсан 2007 оны Төсвийн тухай хуулинд 2007 онд манай улсын эдийн засгийн гол сан хөмрөгт 1,293.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх тухай тусгагдсан юм. Улсын төсвийн орлого сүүлийн жилүүдэд өсч байгаа нь эдийн засгийн болон экспортын гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт, татварын бааз суурь өргөжиж байгаатай холбоотой.
-Нэмүү өртгийн албан татвар буурсан ч бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өсч байгааг юу гэж тайлбарлах вэ?
-НӨАТ-ийн хувь хэмжээ урьд нь 15 хувь байсныг 10 хувь болгож буурууллаа. Ингэснээр иргэдийн худалдан авах зардлыг бууруулах, бараа, ажил үйлчилгээний үнийн өсөлтийн хурдцыг сааруулах, хэрэглээний зардлыг багасгах, хэрэглэгчдийн мөнгөн хуримтлал нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Нэгэнт төрөөс татварын хувь хэмжээг бууруулсан хойно бараа, бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр буурах л ёстой. Магадгүй, манай зарим бизнес эрхлэгч ашгаа бодоод үнэ бууруулахгүй байж болох юм. Ийм зүйл битгий гаргаасай гэж хэлье дээ.
-Бас нэг асуудал сонирхол татаж байна. Татварын өртэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст өршөөл үзүүлнэ гэж байсан. Энэ хэр зөв алхам юм бол доо?
-Гадаадын зарим улсын туршлагаас харахад, татварын өршөөлийг янз бүрийн хэлбэрээр үзүүлсэн байдаг. Өршөөл зарласан хугацаанд татвар төлөгчид өрөө төлөх юм бол хүү, торгуулиас бүрэн чөлөөлөх, татвараас орлогоо нуун мэдүүлсэн дутагдал-аа засч үнэн зөв мэдүүлсэн тохиолдолд хуулийн ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй байх жишээтэй. Миний хувийн бодол л доо. Татварын өр төлбөрөөс чөлөөлөхдөө гол биш, далд эдийн засгийг ил болгоход Татварын өршөөлийн хууль чухал ач тустай.
Ардын эрх сонин 31 /563/
С.Тулга