Хүн байхын учир аян эхэллээ

Сурагчдыг эцэг, эх багш сурган хүмүүжүүлэгчдээс эхлээд сургуулийн атаман, автобусны кондуктор хүртэл дарамталж байна гэж Өсвөрийн цагдаагийн Хангарьд клубын гишүүн Э.Эрдэнэчимэг Хүн байхын учир аянд оролцох үеэрээ төрийн түшээдэд дуулгалаа.

Үе тэнгийнхнээс нь автобусны кондукторт хэл амаар доромжлуулах, чимхүүлэх, өшиглүүлээгүй хүүхэд гэж үгүй аж. Алийн болгон автобусны кондукторт өшиглүүлэхэв гээд аав, ээж, ах, эгчийнхээ халааснаас 200 төгрөг хумсалсаар хулгай хийх арга замд суралцаж эхэлдэгээ ч өсвөр насныхан өгүүлдэг байна.
Нөгөөтэйгүүр, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй багш, сурагчдаа баян, хоосноор ялгаварлан хөрөнгө чинээг нь сонжин суудаг завтай болжээ. Сургуулийн атаманууд ч чинээлэг айлын хүүхдээс мөнгө нэхэж шантаажилдаг нь сурагчид сургуулиа орхих шалтгаан болж буйг ч хэлээд авсан. Харамсалтай нь энэ үг Монголын Хүүхдийн ордны танхимд суусан багш нарт таалагдсангүй. Эрх баригчдын үгэнд таван салаагаа хорстол алга ташсан хэрнээ үнэнийг хэлснийх нь төлөө охинд талархал илэрхийлээгүй юм. Хаа очиж нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа Бид хүүхдэд захиран тушаах хэлбэрээр үүрэг өгдөг. Дарга, тушаагчийн байр сууринаас ханддагаа болих хэрэгтэй гэдгийг хэлээд авав.

Харин УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Т.Ганди Хүүхдэд бид хүмүүжлийг олгохдоо өөрсдөөсөө эхлэх ёстой, 60, 70 нас хүрсэн бид өнгөрсөн дөө гэж бодож болохгүй. Ямар ээж байна. Амьдрал тийм байна гэдэг шиг ая тухтай орчинд хүүхэд санаа амар өснө. Үүнд боловсрол олгож буй орчин ч чухал болохыг онцолсон юм. Мөн Үр хүүхдээ зөв хүмүүжүүлсэн хүн барагдашгүй баялагтай болдог бол муу хүмүүжүүлсэн нь шавхагдашгүй зовлонтой учирдаг гэсэн эртний үгийг ч жишээ татна билээ. Үүнийг Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар өлгөж аван XXI зуун гарсан ч хүн төрөлхтөн сайн хүн хайсаар байгааг сануулсан юм.

Дараа нь Монголын ахмадын холбооны ажилтан н.Цэдэвдоржийн үг хэллээ. Тэрээр Монголчууд хүнээр хүн хийх тухай ярьдаг. Үүнд эцэг, эхээс эхлээд нийгэм, төр ч оролцох учиртай. Социализмын үед Сурган хүмүүжүүлэх хүрээлэн гэж байлаа. Одоо Боловсролын хүрээлэн болов. Засан хүмүүжүүлэх анги Хорих газар болсон. Цагдан сэргийлэх байгууллага нь цагдаагийн байгууллага болсон. Нэг үгээр хэлбэл, хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн газрууд нэрнээсээ эхлээд гүйцэтгэх ажлаа баллуурдсан болохыг шүүмжлэв. Нөгөөтэйгүүр, пионерийн ажилтны үүргийг орчин цагт сургуулийн нийгмийн ажилтан залгамжилж буй ч захирлын гар, хөлийн үзүүрийн хүн болжээ. Хорооны нийгмийн ажилтан ч ялгаагүй Засаг даргын бичээч болсон. Уг номоороо тэд хүүхэд, залуучуудад хүрч ажиллах үүрэгтэй.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ч сургалтын программдаа өөрчлөлт хийх цаг болсныг санууллаа. Боловсролын яамныханд хандан тэрээр хэд хэдэн удаа Хуучин орж байсан ёс зүйн хичээлийг бүх шатны сургуульд заагаач ээ гэж гуйсан удаатай. Мэргэжилтэн нь харин Иргэний хичээл орж л байгаа шүү дээ гэж сөржээ. Иймд жилийн турш үргэлжлэх Хүн байхын учир аяны хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныханг хичээлийн программдаа салхи оруулахыг хүссэн юм.
Үүнд НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа,Бүх шaтны ИТХ-аас бусдын жаргал зовлонг сонсдог, хүний төлөө ажилладаг байхыг шаардана гэдгийг амлаж, Боловсролын яамыг ч ийм байдлаар ажиллахыг хүссэн юм.
Монголын багш нарын холбооны тэргүүн Г.Амар Энэ ажил оройтсон ч цаг үеэ оллоо гэдгийг онцлоод Сүүлийн үед эрүүгийн гэмт хэрэг хүндэрснийг санууллаа. Гэмт хэрэгт холбогдогсдын олонхи нь хүүхэд, залуучууд болжээ. Үйлдсэн хэрэг нь эцэг, эх, хамаатан саднаа ч хайрлах зүрх сэтгэлгүй болгож хувиргасан гэсэн сэтгэл түгшим дүгнэлтийг хийгээдхэв.

Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Ш.Сүхбаатарын тайлбарласнаар Гэмт хэрэг үйлдсэн нийт 16825 хүний 550 нь 14-16, 1005 нь 16-18, 7848 нь 18-30 насныхан аж. Иймд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын Залуучуудын холбоо, НИТХ-аас хамтран зохион байгуулж буй Хүн байхын учир аян цаашид олон ажлыг хамтран хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглээд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ч хамтран ажиллахыг уриалсан юм.

Ардын эрх сонин 31 /563/
Г. Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button